М.ГАН

Гавъяат тамирчин, Мон­гол Улсын дархан аварга, Хөдөлмөрийн баа­тар, УИХ-ын гишүүн, “Эх оронч төрийн түшээ” Б.Бат-Эрдэнэ 2013 оны Ерөнхийлөгчийн сон­гуульд МАН-аас нэр дэв­ши­хээр боллоо. Ардын намынхан аймаг, нийс­лэлийн хэмжээнд ард түм­ний дунд санал асуулга явуулснаас Б.Бат-Эрдэ­нийн нэр хамгийн олон удаа дурдагджээ.

Зөвхөн ярьдаг биш ам, ажлыг хослуулдаг, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг ямагт түрүүнд тавь­даг, эх орон газар шороо, уул усныхаа төлөө тэмцдэг, шударга, зар­чимч, үндэсний эв нэгд­лийг хангах шалгуурыг нэр дэвшигчдэд тавьсан байна. Энэ шалгуурыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хангасан хэмээн үзэж МАН-ын Удирдах зөвлөл дэмжин, Бага хур­лаар хэлэлцэн нэрийг нь дэвшүүлэхээр болжээ.

Б.Бат-Эрдэнэ 1982 онд Хэнтий аймгийн Өмнө­дэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгс­сөн. Хууль зүйн ухааны доктор зэрэгтэй, Цагдаа­гийн хурандаа цолтой. Т­эрээр 1983-2000 онд Биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан. Б.Бат-Эрдэнэ  2004 оноос хойш гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Өмнөх парламентад Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. 1989  онд  гавъяат тамирчин, 1990 онд  дархан аварга, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байжээ. МАН-аас өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ оролцов. Тэрээр “Би амь­дар­лаа спорт, улс төрд зориуллаа. Төр түмнийхээ хайр хишгийг бишгүй хүрт­­лээ. Өнгөрсөн хуга­цаанд ажил, албан тушаа­лын араас хөөцөлдөж бай­сангүй. Гэвч энэ удаад Төрийн тэргүүний сон­гуульд өрсөлдөх хүнд ачааг надад үүрүүллээ. Би үгүй гэж чадсангүй. Мон­голын ард түмэн намайг сайн мэддэг учраас итгэ­лээрээ хүрээлжээ. Өргөн олон түмнийхээ итгэлийг дааж зүтгэх болно. Нэр дэвшигчид шударга өр­сөл­дөж, хуулийн дагуу сонгууль болоосой гэж бодож байна” гэв.

 

Б.БАТ-ЭРДЭНЭ, Ө.ЭНХТҮВШИН НАР ХОЁР УДАА ТЭНЦЖЭЭ

 

МАН-ын Бага хурлын долдугаар хуралдаанаар нэр дэвшигчдээ хоёр өдөр хэлэлцсэн юм. Б.Бат-Эр­дэнэ гишүүнээс гадна Монгол ардын намын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Оюун­хорол, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар өр­сөлджээ. Анхны санал хураалтаар УИХ-ын ги­шүүн Д.Лүндээжанцан 17 хүний буюу долоон ху­вийн санал, УИХ-ын ги­шүүн Д.Оюунхорол 28 хү­ний буюу 12.5 хувийн са­нал авчээ. Харин Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нар тус бүр 41 хувь буюу 91 хүний саналаар тэнцсэн байна. Ийнхүү эхний са­нал хураалтаар хэн нь ч 50-иас дээш хувийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан хоёр нэр дэв­шигчийг саналын хуудаст үлдээн хоёр дахь саналыг явуулжээ.

Хоёр дахь санал ху­раал­тад Бага хурлын нийт 227 гишүүн санал өгснөөс Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүв­шин нар тус бүр 113 хүний буюу 50, 50 хувийн сана­лаар дахин тэнцсэн байна. Эндээс нэг саналын хуу­дас хүчингүй гарчээ. Гу­рав дахь удаагийн санал хураалтад нийт 226 төлөө­лөгч оролцож Бага хурлын 117 гишүүн Б.Бат-Эрдэ­нийн төлөө саналаа өгчээ. Тэрээр Ө.Энхтүвшингээс есөн хүний санал илүү авч 2013 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэв­шигчээр тодорчээ. М.Энх­болд тэргүүтэй хотын фракц намын даргаа дэмж­сэн байна. Харин Сү.Батболд, У.Хүрэл­сүхийн багийнхан Б.Бат-Эрдэнийг дэмжсэн гэнэ. Гурван шаттай болсон санал хураалт нууц бол­жээ. Энэ удаад МАН аль нэг намтай эвсэх, хамтрах тухай шийдвэр гаргаагүй байна. “МАХН-тай эвсэх үү?” гэсэн сэтгүүлчдийн асуултад МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Ийм яриа бий. Яриа хэлэлцээ хийж байна, одоогоор үргэл­жилж байгаа” гэв. Ерөн­хий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Манай нэр дэвшигчийг дэмжиж ажиллах боломж бусад намд нээлттэй” хэмээв. Иймд тус нам Ерөнхий­лөгчийн сонгуульд дан­гаар оролцох эсэх тодор­хойгүй үлдлээ.

 

БАГА ХУРЛЫН

37 ГИШҮҮНИЙГ ЧӨЛӨӨЛЖЭЭ

 

Ардын намын хурал ардчилалтай болсныг МАН-ын генсек Г.Зан­дан­шатар  өчигдөр хэвлэ­лийн хурал хийх үеэрээ онцолоо. Тус нам өмнө нь нэг хүнийг нэр дэвшүү­лэхээр Удирдах зөвлөлдөө оруулж, Бага хурлын ги­шүүдээрээ хэлэлцүүлдэг байсан. Энэ удаа дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн нь ардчилалтай байгаагийнх аж. Г.Занданшатар “Эв нэгдлийн дөрвөн бэрх, төр түмний дөрвөн ажнай хур­далс­наас улсын наадамд 13 удаа түрүүлсэн дархан аварга хоёр удаа хайнцаж түрүүллээ. Манай эв нэгд­лийн дөрвөн бэрх хамтран ялалтын төлөө зүтгэх бол­но” гэв. Бага хурлын үеэр Хэвлэл мэдээлэл хариуц­сан нарийн бичгийн дарга Т.Гантулгыг чөлөөлж, оронд нь М.Оюун­чимэ­гийг сонгожээ. Тэрээр УИХ дахь МАН-ын бүл­гийн ажлын албанд ажил­ладаг юм. Мөн Бага хур­лын 37 гишүүнийг чөлөөл­жээ. Тэд өмнө нь аймгийн  ИТХ-ын дарга, Засаг дар­гын албан тушаалаар Бага хуралд шууд сонгогдсон хүмүүс байжээ.

Хэн юу хэлэв?

Elbegdorj Tsakhia  @elbegdorj 8h

Аваргадаа баяр хүргэе. Улс түмний­хээ нийтлэг эрх ашгийн төлөө өрсөлдөх нь ховор боломж, их хувь заяа юм. Амжилт хүсье.

 

УИХ-ын гишүүн А.Бакей:

-Аль ч улс төрийн нам ард түмний итгэлийг хүлээж чадах, сонгогдох магалалтай хүнээ нэр дэвшүүлэхийг эрмэлздэг. Тэр дагуу МАН дөрвөн хүнээ өрсөлдүүлж, санал хураалтаар Б.Бат-Эрдэнэ гишүүн нэр дэвшихээр сонгогджээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Цолмон:

 

-Б.Бат-Эрдэнэ ги­шүүн­дээ баяр хүргэе. Би түүнийг хүндэтгэдэг. Байга­лийн баялгийг зөв ашиглах талаар тууштай тэмцдэг эх орончийн хувьд зөв нэр дэвшигчээ тодруулжээ.

 

УИХ-ын гишүүн асан Р.Раш:

-Улс амьтны ам зэгсэн талдаа байх шиг байна. “Ашгүй дээ”  гэсэн маяг­тай. Олонд нэр хүндтэй, хийморьтой эр хүн юм даа.