- У.Хүрэлсүх мэддэг “хэл”-ээрээ “ярив” -
М.ГАН
Монголын парламентын танхимд гишүүд зодолдсон хэрэг анх удаа гарлаа. Гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар чуулганы танхимын үүдний өрөөнд заамдалцан нэгийгээ цохиж унагаав. Чуулганы танхимд болсон гишүүдийн хэрүүл эцэстээ зодоон болж өндөрлөсөн юм.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр МАН-ын гишүүд бүлэг байгуулж чадаагүйдээ бухимдаж, тэдний эсрэг Ардчилсан намын бүлгийн гишүүн С.Эрдэнэ үг хэлсэн юм.
Ардын намынхан “Бүлэг байгуулах тухай хэлэлцүүлсэнгүй” хэмээн УИХ-ын дарга З.Энхболд руу дайрсанд С.Эрдэнэ “Та нар УИХ-ын даргыг загнаж болохгүй” хэмээв. Мөн гишүүн Г.Баярсайхан ч дуугүй суусангүй, 24 цагийн дотор бүлэг байгуулах боломжоо алдсан Ардын намынхан руу үг “шидсэн”. Ардчилсан нам, Ардын намын гишүүд хоорондоо үг хэлээр толхилцож суухад У.Хүрэлсүх гаднаас Я.Содбаатар, Н.Номтойбаяр нарын гишүүдийн хамт орж ирсэн. Угийн аархуу, хөөрүү зантай У.Хүрэлсүх танхимд болж байсан хэрүүл рүү шууд ороод явчихав. Түүний эсрэг гишүүн Г.Баярсайхан ч дуугүй байсангүй. Ингэтэл У.Хүрэлсүх, Г.Баярсайханы ширээн дээр очиж хэсэг ярилцсанаа “Гаръя” гэж гараараа дохин дагуулсаар гарсан. Чуулганы танхимын үүдний өрөөнд хоёр гишүүн нэг, нэгийгээ заамдалцаж У.Хүрэлсүх, Г.Баярсайханыг цохиж унагаажээ. Тэднийг Я.Санжмятав, Ч.Сайханбилэг, Н.Энхболд, С.Дэмбэрэл болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, Төрийн ордны хамгаалалтын албаныхан салгасан байна. Дараа нь Г.Баярсайхан чуулганы танхимд буцаж орсон бол У.Хүрэлсүх өөрийнхөө өрөөнд оржээ. Г.Баярсайхан чуулганы завсарлагаанаар гарч ирэхдээ “Энэ бол ноцтой хэрэг, шүүхэд хандана” гэсэн тайлбар өгсөн бол У.Хүрэлсүх нэлээд хугацааны дараа “Тайвширчихаад тайлбар өгье” гэж намынхаа хэвлэлийн албаар сэтгүүлчдэд дамжууллаа.
Дээрх зодоон Монголын парламентын түүхэнд анх удаа болсноороо содон боловч гол дүрийн “баатар” нь У.Хүрэлсүх учир нэг их сонирхолтой биш гэмээр. Учир нь У.Хүрэлсүх Ардын намынхны дунд мэр сэр болдог зодоон, цохионд байнга нэр холбогддог. Тухайлбал, 2000-2004 оны парламентад Ардчилсан намынхныг “Дээлийг чинь нөмрүүлнэ” гэж заналхийлж суусан удаатай. Мөн намын журмын нөхөр Э.Мөнх-Очирыг намын байранд өөрийнхөө өрөөнд зодож гэмтээсэн гэх мэдээлэл ч хэдэн жилийн өмнө дуулиан болж байлаа. Тэрээр намынхандаа гаргадаг аархуу, түрэмгий зангаа парламентад нэвтрүүллээ. Гишүүд хэлэлцүүлгийн явцад хэрэлдэх, үг хэлээ ололцохгүй толхилцох нь байдаг л үзэгдэл. Гэхдээ Төрийн ордон бол У.Хүрэлсүхийн зодолддог Тусгаар тогтнолын ордон биш. Хоёр гишүүний зодооны дараа Су.Батболд “Парламентад байдаг л зүйл” гэж ярьсан. Энэ зодоон хоёр гишүүний хоорондоо гар зөрүүлсэн төдий асуудал гэхээс илүүтэйгээр Монголын улстөрчдийн улс төрийн соёл, ёс зүйн хэм хэмжээ ямар төвшинд байгааг харуулах нэг баримт гэдгийг У.Хүрэлсүхийг өмөөрч “Байдаг л зүйл” гэж хариулахыг оролдож байгаа МАН-ынхан мартаж болохгүй. У.Хүрэлсүх л өөрийнхөө мэддэг “хэл”-ийг Төрийн ордонд нэвтрүүлснээс биш Монголын парламентын 20 жилийн түүхэнд болж байгаагүй үзэгдэл гэдгийг санах ёстой.
Гишүүд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн хуулийн заалт бий. Ийм хуультай учир гишүүд бие, биенийгээ хэл амаар доромжлох үе байдаг ч зодооныг зохицуулсан хуулийн заалт одоохондоо алга. Гишүүд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй юм бол хийсэн үйлдэлдээ ямар хариуцлага хүлээх вэ гэсэн асуулт өчигдрийн үйл явдлаас хойш хариулт нэхэх нь. УИХ-ын тухай хуулийн 34.3-т “Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” хэмээн заажээ. Тэгэхээр энэ хэрэг гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал болох нь. Ардын намын дарга Ө.Энхтүвшингээс зодооны тухай лавлахад “Би энэ тухай мэдээгүй, хараагүй. Гишүүдийн ёс зүйн хэм хэмжээг зохицуулсан хууль, дүрэм бий” гэсэн юм.
Ардын намынхан энэ удаагийн парламентад бүлэг байгуулах боломжгүйд хүрч болзошгүй учир айдастай байгаа. Тэд асуудлаа шийдүүлэхийн тулд ийнхүү нударгаар “ярьж”, бухимдлаа тайлж байгаа бололтой. Асуудлыг ингэж хүндрүүлбэл Ардын намынханд ашиггүй болно. Тэр тусмаа муу нэр, луу данстай У.Хүрэлсүхийг урдаа баривал асуудал шийдэгдэхгүй л болов уу.