М.ХҮСЛЭН
Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Палестины чөлөөлөх байгууллагын удирдагчийн суудлаас огцорч буйгаа зарлав. Түүнтэй хамт Палестины чөлөөлөх байгууллагын Гүйцэтгэх хорооны 18 гишүүний тал хувь нь огцорлоо.
Энэ тухай “Al Arabiya” телевиз мэдээлэв.Гэсэн ч Аббас Палестин улсын тэргүүн хэвээр үлдлээ. Өдгөө 80 настай улстөрчийн огцорсон шалтгааныг мэдээлээгүй байна. Түүний оронд Палестины чөлөөлөх байгууллагыг нэрт улс төрийн зүтгэлтэн Саиб Эрекат тэргүүлж магадгүй.
Саиб Эрекат нь Израильтай хэлэлцээр хийдэг Палестины талын тэргүүн хүн аж. Махмуд Аббас 2004 онд Ясир Арафат нас барсны дараа Палестины чөлөөлөх байгууллагын тэргүүн болж, 2005 онд Палестины автономийн Ерөнхийлөгч болсон билээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин