- Зочид буудал ирэх онд их засварт орно –
Ц.БАТБОЛД
Бизнесийн хүрээнийхний ярьж буйгаар түүнийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд “Ажнай” Д.Бат-Эрдэнэд 45 сая ам.доллараар зарсан гэх болов. Зарим эх сурвалж түүнээс ч илүү үнэд хүргэсэн тухай ярьж байна. С.Батболд “Чингис хаан” зочид буудлыг 2000 оны эхээр хувьчилж авсан. Хувьчлал нь хууль бус байсан тухай маргаан өнөөг хүртэл хуучраагүй хэвээр байна. Хоёр ч удаа УИХ-аас шалгаж тогтоох Ажлын хэсэг гаргасан ч тэгсхийгээд намжаасан нь бий. Тодруулбал, хувьчлалын төлбөртэй холбогдуулан 2001 оны арваннэгдүгээр сард УИХ-ын Төсвийн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийсэн.
Шалгалтынхан зочид буудлын зах зээлийн бодит үнэлгээг дахин хийх нь зүйтэй гэсэн шийдвэр гарч байсан нь цаасан дээр бичээстэй бий. Дараа нь 2003 онд Төрийн өмчийн хорооны хүсэлтээр УИХ-ын гишүүн Н.Ганбямбаар ахлуулсан ажлын хэсэг 1996-2000 онд явуулсан өмч хувьчлалын үр дүнг шалгасан ч “но” илэрсэнгүй гээд хааж байсан юм. Монголд айлчлах хийгээд жуулчлах гадныхны нүүрийг тахалдаг аялал жуулчлалын салбарын хамгийн том зочид буудлаа зарсан эсэх талаар “Чингис хаан” зочид буудлын гүйцэтгэх захирал Ц.Цагаанбатаас тодруулахад “Худалдаагүй. Өнөөг хүртэл үйл ажиллагаа маань хэвийн байна. Бид засвар, шинэчлэл хийхээр болсон. Энэ зун амжиж засварлана гэсэн ч амжсангүй. Ирэх оны нэгдүгээр сард үйл ажиллагаа зогсоогоод их засвар хийхээр төлөвлөж байна. Засвар шинэчлэлийн ажил нэг жилийн хугацаанд үргэлжлэх болов уу. Шугам сүлжээг солихоос эхлээд дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, тавилга барааг бүгдийг нь өөрчилнө. “Чингис хаан” бол гадаадын зочид төлөөлөгчдийн үйлчлүүлдэг Монголдоо тэргүүлэгч зочид буудал. Иймээс нэр хүндээ бодсон ч засвар шинэчлэл хийх шаардлага тулгарч байна. Манайх 260 гаруй ажилтантай. Засварын хугацаанд ажилчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн тулд гадаад, дотоодод сургалтад хамруулах төлөвтэй байна” гэв. Түүнээс “Чингис хаан” зочид буудал хэдэн хувь эзэмшигчтэйг асуухад “100 хувь нэг хүнийх” гэсэн хариултаас өөр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
С.Батболд уг зочид буудлыг хоёр тэрбум 400 сая төгрөгөөр худалдаж авсан гэдэг юм билээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт “Чингис хаан” зочид буудлын хувь эзэмшигч байхгүй ч тус зочид буудал “Алтай холдинг” компанийх нь эзэмшилд байдаг ажээ.