Н.МӨНХЖИН

АНУ Сирийг химийн зэвсэг хадгалж байна хэмээн үзэж, тус улсыг агаараас бөмбөгдөхөд бэ­лэн байна. Мөн америкууд тэнгисээс пуужин харваж Сирийн газар нутаг дээрх байгууламжид цохилт өгөх боломжийг судалж байгаа аж. Пентагон Сирид цэргийн довтолгоо хийх боломжийг эрэлхийлж байна. Химийн зэвсэг хадгалагдаж буй бай­гуу­ламжид агаараас, эсвэл тэнгисээс пуужингаар довт­лох хувилбарыг түлхүү ярьж байгаа юм. АНУ-ын цэргийн удирдлага энэ асуудлыг нухацтай хэлэл­цэж эхэлснийг Вашинг­тоны засаг захиргааны нэрээ хэлэхийг хүсээгүй өндөр албан тушаалтан хэвлэлд мэдээлсэн юм.

Сири дахь нөхцөл байдал өдөр ирэх бүр хурцдаж, Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлэл цацагдсан нь Цагаан ордныг бол­зошгүй ямар ч нөхцөл байдалд бэлэн байхыг шаардсан хэрэг боллоо хэмээн дээрх эх сурвалж ярьжээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама одоогоор цэргийн дайралт хийх төлөвлөгөөг ширээн дээрээ авчирч тавихыг шаардаагүй байна. Үүний зэрэгцээ, Израиль улс Турк, Иордантай хамтран Сирийн аюул заналхийл­лийг хэлэлцэж, Асадын дэглэм өөрт байгаа үй олноор хөнөөх химийн зэвсгээ хэрэглэсэн то­хиол­долд яаж хариу арга хэмжээ авах талаар ярилцсан аж.

Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрсөн сарын 27-нд Конгрессын хаалттай хуралдаан дээр “Сирид химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдээлэл батлагдвал АНУ Сирид нисэхийг хориглосон бү­сийг тогтоох, эсвэл Сирийн сөрөг хүчинд зэр зэвсэг нийлүүлж болно” хэмээн мэдэгдсэн билээ.

Харин Дамаскийн эрх баригчид “Идлиб мужийн Саракеб хотод террорис­тууд үл мэдэгдэх химийн бодисыг хотын иргэдийн эсрэг хэрэглэчихээд дараа нь Засгийн газрын цэрэг рүү буруугаа чихсэн” хэ­мээн мэдэгдсэн юм. Сөрөг хүчнийхэн Саракеб хотын иргэдийг хотын өмнөд хаалганы дэргэд цуглуулж байгаад үл мэ­дэгдэх нунт­гаар ариут­гасны дараа хүмүүсийн амьсгаа нь боогдож, шөр­мөс нь татаж байсан хэмээн Сирийн Засгийн газрын төлөөлөгч баталж байна. Хордсон хүмүүсийг Тур­кийн газар нутаг дахь эмнэлэгт хүр­гэж, Засгийн газрын цэр­гүү­дийг химийн зэвсэг хэрэг­лэсэн хэмээн буруут­гах арга зам хайж байна хэ­мээн Башар Асадын дэг­лэ­мийнхэн үзэж байгаа аж.

Сирид химийн зэвсэг хэрэглэсэн байж болзош­гүй нөхцөл байдлын та­лаар Барак Обама, Вла­димир Путин нар утсаар хэ­лэлцсэн юм. Амери­кийн тагнуулын албаны олж авсан мэдээллээр, Сирийн эрх баригчид хи­мийн зэсвгийг “бага хэм­жээгээр” хэрэглэсэн бо­лолтой. АНУ-ын лидер энэ мэдээллийг сайтар шал­гана гэдгээ амлав. Харин Сирийн тал АНУ-ын бу­руут­галыг эрс няцааж, Оросын мэргэжилтнүү­дийг урьж гуравдугаар сарын 19-нд сөрөг хүч­ний­хэн Алеппо хотод химийн зэвсэг хэрэглэсэн гэх явд­лыг шалгуулахад бэлэн бай­гаагаа мэдэгджээ.