Л.ЭНХТУЯА, Ч.ОЛДОХ

МАН-ын Бага хурлын гишүүн Р.Раштай  удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ярилцлаа.

-Маргааш танай намын Бага хурал хуралдах гэж байна. Сонгуульд хэний нэрийг дэвшүүлэх талаар  ярих нь мэдээжийн хэрэг. Таны хувьд хэнийг нэр дэвшинэ гэж харж байна?

-Сонин хэвлэлээр ойрын өдрүүдэд энэ тухай олон таамаг  гарч байна. Бага хурлын өмнө нэр дэвшигчийн тухай шууд нэр зааж ярих нь  зохисгүй гэж бодож байна. Хэн дэвших, хэн ялах тухай хэлэх нь байтугай зоос татаад ч буучихдаг зүйл биш шүү. Манай намын Бага хурал  өмнөх шиг хэдэн хүний заавар,  харцаар хуйлрахгүй байх гэж бодож байна.

-Хувь хүнийх нь хувьд намаасаа нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүмүүсээс та хэнийг нь дэмжиж байна?

-Хэнийг дэмжиж  нэр дэвшүүлэх нь олонхиороо шийдэх намын Бага хурлын бүрэн эрхийн асуу­дал. Хурлын шийд­вэрийг л харах  хэрэгтэй. Бага хурлаар хэлэлцэх өөр нэг чухал асуудал бол  мөрийн хөтөлбөр. Үүний ач холбогдлыг бууруулж болохгүй.  Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байгаа хувь хүний мөн чанарын тухайд  улс орны язгуур эрх ашиг хамгийн чухал. Үүнийг л хаа хаанаа чиг ба­рим­жаагаа болгож сонголтоо хийх ёстой. Улс орны шаардлагад би хэр нийцэж байгаа бол гэдгийг хувь хүн өөрөө бодох ёстой. Хүн тэгээд өөрийгөө чам­ладаггүй амьтан даа.

-Нэр асуухаа больё. Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх тухайн  хүний  хүн чанарын асуудал  ихээхэн  чухал байх?

- Юуны өмнө улс үн­дэстний үндэсний баялаг болсон  ард түмнийхээ ёс заншлыг  /Ж.Самбуу гуай шиг/ нэвтэрхий сайн мэддэг, эв эеийг хичээдэг, ам ажил нь ойролцоо байдаг хүн байх хэрэгтэй бол уу. Саяхан Чех улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан  М.Земаны  тухай “Өдрийн сонин”-д сонирхолтой мэдээ гарсан байсан.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох энэ удаагийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдөхөөр болж байх шиг байна?

-Тийм ээ. Иргэний зориг -Ногоон нам нэр дэвшигчээ тодруулж оролцох тухай албаны хүмүүс нь хэлээд эхэллээ. Тэд Ардчилсан нам хамтарсан Засгийн газар байгуулахдаа ярьж то­хиролцсон анхны яриа­наасаа ухарсан гэсэн байна билээ. МАХН-аас ч нэр дэвшигч өрсөлдөх бололтой. Уг нь бид чинь угшил нэгтэй л юм. Улс төрийн нөхцөл байдал биднийг ийм л юм уруу шахах юм байлгүй. Гэхдээ энэ хаврын улс төрийн өнгөөс хоёр  намын байр суурь цөөнгүй зүйл дээр төстэй ойролцоо харагдаж байна.Одоогоор хийсвэр чанарын хүчин зүйлүүд нөлөөлөөд байх шиг.

-Сонгуулийн дуулиан дунд эмэгтэйчүүд со­нирхлоо их илэрхийлж байна?

-Монголын ард түмэн төрийн тэргүүнээ заавал эрэгтэй байх ёстой гээгүй. Олон улсын түвшинд эмэгтэй удирдагчдын оролцоо, үүрэг хариуцлага ч өндөрсөж байна. Харгал­заж үзэж болох л зүйл. Гэхдээ хэт туйлшрах хэ­рэггүй.

-Саяхан болж өнгөр­сөн сонгуулиудаас, өнөөдрийн улс төрийн нөхцөл байд­лаас та ирэх сонгуулийн өнгийг яаж харж байна?

-Орон нутгийн сонгуулийн тухай гэвэл одоо хүртэл дуусаагүй л байна. МАН ялсан сумдын Засаг дарга нь томилог­доогүй тохиолдол ч байна. Энэ удаа дахиад л битгий ингэж харлаасай, хөгөө хөлдөө битгий чирээсэй билээ гэж бодох юм.

-Санал тоолох машин ч их маргаан дагуулсан?

-УИХ-ын сонгуулиас эхлээд л санал тоолох машины талаар хардлага тасарсангүй. Шинээр бүрдсэн УИХ , сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Машинаар тоолсон саналд эргэлзсэн бол гараар тоолох тухай. Их зөв боллоо гэж харж байсан. Харамсалтай нь гараар тоолсон дүн машины дүнтэй зөрвөл автоматаар тоолсныг тооцно гэсэн. Эргэлзээд шалгасан атлаа эргээд эргэлзээтэй дүнг нь хүлээн зөвшөөрнө гэдгийг ойлгохгүй л байна. Эндээс “Үнэн хаана байна” гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж таарна.Үүнийгээ олон улсын жишгээр нэг мөр болгох ёстой

-УИХ-ын сонгуулиар танай нам энэ тухай асуу­дал дэвшүүлж байсан?

-Үр дүнг нь үзэж чадаагүй. Манай нам ч хэзээнээсээ эв зүй  хи­чээхийг чухалчилж ирсэн. Улсын ажил саадгүй урагшаа явах ёстой гэж. Гэвч өнөөдрийн улс төрийн хүч голын нэг эрэгт хэтэрхий гарчихлаа.

-Танай намын нэр дэв­шигчийг Ерөнхийлөгчөөр сонговол хүч тэнцвэржинэ гэж үү?

-Аль ч намаас нэр дэвшээд ялсан нь намын харьяаллаасаа түдгэлздэг. Гэхдээ л “Өтний хошуу дотогшоогоо” гэдэг шүү дээ. Н.Багабанди, П.Очирбат нарыг тухайн үедээ сөрөг хүчний Ерөн­хийлөгч нар гэдэг байсан. Ингэж нэрлэх нь хэр зэрэг зөв нэр байсан юм мэдэхгүй. Ерөнхийлөгч бол улсын тэргүүн. Ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч шүү дээ.Энэ утгаараа Ерөнхийлөгчийн сонгууль бол улс төрийн том үйл явдал. Ачааг яг тэнцүүлж чадахгүй гэхэд буруу зөрүү юман дээр жинтэй үг дуугарч л таарна шүү дээ.

-Намыг гишүүнчлэлгүй болгох тухай ярих болсон. Танай нам сонгуульд намын гишүүний олноор хүч давамгай байдаг?

-Тиймээ манай нам бол хамгийн том сүл­жээтэй нам. Олон улсын хэмжээнд бол ерөнхийдөө намын гишүүнчлэлгүй байхыг илүүд үзэж байгаа бололтой. Гэхдээ одоо сон­­гуульд бид мөрийн хөтөлбөрөөрөө л уралдана.

-Танай нам сөрөг хүчний улс төрийн тог­лолтонд сөрөг хүчний дүрд их муу тоглож байна?

-МАН улс орноо олон жил удирдсан. Ямар ч үед ерөнхийдөө төвдүү  үзлийг баримталж ирсэн. Үзэл бодол уу, ажлын арга барил гэх үү. Тэмцэлд ханцуй шамлах тал дээр шинэ залуу намуудаасаа суралцах зүйл байгаа нь үнэн. Сүүлийн үед намын залуус аливаа асуудалд байр суурь, саналаа илэр­хийлэхдээ шийдвэртэй, цэгцтэй зоримог байна. Соёлтой улс төрд  танай манай гэлтгүй байнга суралцах хэрэгтэй.

-Танай нам энэ удаагийн сонгуульд ялах магадлал хэр өндөр байна?

-Өндөр байна. Эрх барьж байгаа хүчний алдаа багагүй байна. Хамгийн чухал нь манай нам сүүлийн үед өөрсдийнхөө урьд өмнөх алдааны тухай зоригтой ярьж, хэлэлцэж, алдаагаа засаж чадаж байна. Сонгуулийг улс төрийн цэцэрхэлгүй, олны эрх ашгийн төлөө бодлого, хөтөлбөр ярьж, мэтгэлзэж хийх цаг болсон.

-Намын нэр сольсон нь танай намын ялагдлын нэг шалтгаан мөн үү?

-Би энэ тухай байр сууриа байнга илэрхийлж ирсэн. Нэгнийгээ бу­руут­гах гээд байвал  хэзээ ч дуусахгүй. Намын удирд­лагууд намдаа хар буруу санаж хийгээгүй нь ойл­гомжтой. Уугуул нэрээ буцаан авсан нь улс төрийн агуулгын хувьд зөв байсан. Үүнтэй маргах аргагүй. Гагцхүү нам хуу­чин нэрээ авах гэж байгаагаа олонд эртхэн хэлж, хэлэлцүүлж, итгэл үнэмшилтэй болгох тухайд л дутуу анхаарсан.

-Та энэ сонгуулиар ямар оролцоотой байх вэ?

- Намын шийдвэр гарна. Штабаа байгуулна. Харж л байна. Миний хувьд улс төрийн амьд­ралд идэвхтэй оролцоно гэхээсээ мэргэжлийнхээ талд илүү цаг гаргаж бай­на. Уншиж, судлах, бичиж тэмдэглэх ажил их байна. 

-Тантай уулзаад төмөр замын тухай асуулгүй өнгөрч боломгүй байна. Тэр дундаа удахгүй ирэх гэж байгаа В.Якуниний айлчлалын тухай?

-”Оросын төмөр зам” нийгэмлэлийн ерөнхий­лөгч В.Якуниний айлч­лалыг хүмүүс  сонирхож байна. Том гүрний, том төмөр замын Ерөнхийлөгч хүн том л асуудал ярина, ойлгомжтой. Болох уул­залтын тухай нарийн мэ­дээ­лэл алга байна. Ямартай ч урьдчилан ирүүл­­сэн за­хианы агуул­гатай хол­боотой асууд­луудыг ярьж таарна. Хоёр улсын хам­тар­сан төмөр замыг яаж улам сайж­руулах вэ гэдэг хамгийн чухал хэсэг болох болов уу гэж бодож байна. Манай улсын хувьд шинэ төмөр зам гэхээс дутуугүй бай­гаагаа яаж тордож сайж­­руулах нь нэн тэр­гүүний асуудал шүү. Төмөр зам маань хуучирч байна. Хуучин ч гэсэн энэ маань нэг насны эд шүү дээ.