Ө.БАТХҮҮ
“Манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч дэлхийд тэргүүлэх нь холгүй юм болж байна” хэмээн С.Батболдын Засгийн газрынхан баахан шоудсаныг иргэд мартаагүй байх. Ард түмний амьдралд наалдаагүй тэр өсөлтийн сайн үр дүнг үзэж амжаагүй байтал Монголбанкны ерөнхийлөгч огцрох өргөдлөө өгөх болсон нь өнгөрсөн хоёр өдрийн дуулиан мөн байлаа. Энэ хөдөлгөөний эхлэл нь шинээр эмхэлсэн Засгийн газраас буюу АН-аас гаралтай байх нь мэдээж. Эхний ээлжинд Л.Пүрэвдорж ажлаа өгч байгаа юм бол орны хүн нь хэн бэ гэсэн асуулт сонирхолтой байх учраас хэвлэлүүд ч хэд хэдэн хүний нэрийг гаргаад амжсан. Тус банкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал, Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ, хотын мээрийн орлогч асан, эдийн засагч Да.Ганболд гэсэн АН-ын харъяатуудын нэг нь төв банкны ерөнхийлөгч болох бололтой. Яг үнэндээ тэдний хэн байх нь ард түмэнд тийм ч сонин биш. Харин зах зээлд үүсээд байгаа хямралыг ухаалгаар анзаарч, Монголбанкны явуулсан буруу бодлогыг зөв тийш залах хүн хэрэгтэй байгаа юм. Инфляц 20 хувьд шүргэсэн, бараа, үйлчилгээний үнэ 2-4 дахин өссөн, ам.долларын ханш 1500-д хүрэх дөхсөн, арилжааны банкуудын зээлийн хүү өсч, зээл бараг зогссон зэрэг нь манай санхүүгийн систем гүнзгий хямралд өртсөнийг илтгэнэ. Ийм байдалд хүргэхэд Л.Пүрэвдоржийн удирдаж байсан Монголбанк хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг цөөн жишээгээр дурдъя. Эдийн засагчдын баталж буйгаар Монголбанк жилийн өмнөөс бодлогын хүүгээ өсгөж, арилжааны банкуудын заавал байлгах нөөц хөрөнгө нь 5 хувь байсныг 12 болгож нэмсэн нь санхүүгийн зах зээлийн өнөөгийн хямралд хүргэсэн гэж үзэж байна. Иргэдийг орон сууцжуулах төрийн бодлого Монголбанкны буруу эргэлтээс болж саатсаныг энд дурдаж болно. Өдгөө манайд үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банкнаас ганцхан Худалдаа хөгжлийн банк л орон сууцны зээл гаргаж байгаа ажээ. Бусад нь мөнгөө найдвартай эргэн төлөх эх үүсвэртэй эсвэл барьцаа хөрөнгө нь баталгаатай цөөн хэдэн хүнд л зээл олгож байна. Төв банкнаас хэрэгжүүлсэн энэ бүх үйл ажиллагаа банкууд нь зээлээ хумьж, хүүгээ өндөрсгөхөд хүргэсэн. Хаан банк л гэхэд 365 хоногийн өмнө орон сууцны зээлийн жилийн хүүгээ 1,3-1,6-д барьж байсан бол өдгөө 1,6-2 хувьд хүргэжээ. Мөн банкууд урьдчилгаа төлбөрөө нэмэх, зээлийн хугацааг богиносгох гэх мэтээр тавьж буй нөхцлөө чангаруулсан нь Засгийн газраас хэрэгжүүлэхээр оролдож буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг үндсэнд нь зогсоогоод байна.
Монголбанк арилжааны банкуудыг өөрийн бондоо худалдаж авахыг тулгасан нь мөн л зээл зогсоход нөлөөлжээ. Арилжааны банкууд эрсдэл үүрч иргэдэд зээл олгосноос Монголбанкны бондыг авчихаад санаа амар болсон хэрэг. Ашиг олохгүй ч алдагдалгүй гэдэг үүднээс тэд бондыг сонгож байна. Энэ бүхнээс гадна уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буйтай холбоотойгоор цөөн иргэнд хамааралтай их хэмжээний бэлэн мөнгө зах зээлд эргэлдэж, бараа бүртээгдэхүүний үнийг өсгөж буй нь Монгол Улс удахгүй эдийн засгийн гүн шоконд орохыг зөгнөж байна гэж зарим судлаач хэлж буй.
Уг нь бол Л.Пүрэвдорж өмнөх дөрвөн ерөнхийлөгчөө бодвол Монгол Улсын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр үед ажилласан азтай нэгэн. Гэвч ард түмэнд харагдаагүй өсөлт нь эцэс сүүлдээ хямрал үүсгэсэн үр дүнтэй байна. Санхүүгийн зах зээлээ боомилсон бодлого хэрэгжүүлсний гайгаар гадаад худалдааны тэнцэл алдагдаж, сонгуулийн амлалтаас үүссэн бэлэн мөнгө тараалт нь инфляц хөөрөгдөж, Эрээний наймаачдын халаасанд очихоос хэтэрсэнгүй.
Яг одоо Монголбанкны ерөнхийлөгч хэн болох вэ гэдэгт хамаг анхаарал төвлөрсөн байна. Харин Монгол Улсын санхүүгийн зах зээлд хямралын “цунами” нэлээд өндөр дэгдэж эхлэснийг эдийн засагчид онцгойлон анхааруулж байна. Л.Пүрэвдоржийн ажлаа өгөх ч яах вэ. Хэн нэгэн түүний ажлыг авч л таарна. Харин Л.Пүрэвдорж болон түүний багийнхны явуулсан буруу бодлогоос үүсч, арилжааны банкуудаар дамжин ард түмний амьдралд сөрөг нөлөө үзүүлэх болсон системийн хямралыг яаж түргэн хугацаанд эрүүлжүүлэх вэ. Ажлаас чөлөөлөгдөх гэдэг хариуцлага хүлээж байгаагийн нэр уг нь биш шүү дээ.