М.ГАН

Энэ удаагийн парламент гурван дэд даргатай. С.Баярцогт огцорсноор нэг суудал нь эзэнгүй байгаа юм. Энэ суудалд Ардчилсан намаас Р.Гончигдорж гишүүнийг нэр дэвшүүлсэн гэдгээ уржигдар тус намын бүлгээс танилцуулсан. Нэр дэвшигчийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжлээ.
УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх талаар гаргасан саналыг Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулав. Тэрээр танилцуулгадаа Р.Гончигдорж нь 1975 оноос Монгол Улсын их сургуулийн багшаас ажлын гараагаа эхлүүлж, 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, 1992 оноос хойш парламентын гишүүнээр нийт зургаан удаа сонгогдон ажиллаж байгаа. Мөн 1990-1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын дарга зэрэг төрийн өндөр албанд олон удаа сонгогдож ажилласан төрийн ажлын арвин туршлагатай, өндөр мэдлэг чадвартай парламентч. Түүний санаачлан батлуулсан хуулиуд өнөөгийн эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.
Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гарсангүй. Харин УИХ-ын дэд дарга Л.Цог парламентыг улам бэхжүүлж төлөвшүүлэх, эв нэгдлийг хангахад анхаарч хувь нэмрээ оруулахыг нэр дэвшигчээс хүслээ. Ингээд санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нэр дэвшигч Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.
Р.Гончигдорж гишүүнийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн сонгохоор төлөвлөжээ. Ардчилсан намын бүлэг дотор энэ албан тушаалд өрсөлдөгчид олон байсан. Тухайлбал, Г.Батхүү, М.Батчимэг, Р.Бурмаа, Р.Амаржаргал гэх мэт тус намын бүлэг доторх олон фракц нэр дэвшүүлэн өрсөлдүүлснээс Р.Гончигдорж гишүүн олонхийн санал авсан юм.