Д.ГЭРЭЛ
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлөгдөх хүсэлтээ хуулийн байгууллагынханд өгсөн билээ. Энэ тухай түүний өмгөөлөгч Б.Оюунбилэгээс тодрууллаа.
-Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа тухай мэдээлэл байна?
-Маш хүнд байна. Хоол идэх дуршилгүй, маш их эцэж ядарсан. Эмчлэгч эмч нар “Биеийнх нь бүх арьс шарлаж байна. Монголд эмчлэх боломжгүй” гэсэн албан ёсны тайлбараа гаргачихаад байна. Бодит байдалд Н.Энхбаяр дарга амь нь тэмцсэн байдалтай л байна шүү дээ.
-Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. Хариу нь ирэв үү?
-Ирээгүй. Хэзээ ирэх нь тодорхойгүй юм. Хүний амь нас хутганы ирэн дээр тулсан үед хугацаа алдах нь ёс зүйгүй болоод хүний эрх ноцтой зөрчсөн үйлдэл.
-Харин өгөхөөр тодорхой заасан хугацаа бий юу?
-Өргөдөл гаргагчийн эрүүл мэндээс шалтгаалж шийддэг асуудал. Нэг өдрийн дотор ч гэсэн хариу тайлбар өгөх боломжтой. Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь ямар шалтгаанаар шийдэж өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Ямар нэгэн санаа зорилготой болоод хууль биелүүлэхээс зайлсхийж байгаа бололтой юм.
-Шүүхийн шийдвэрийнхэн нэмэлт бичиг баримт шаардсан гэсэн үү?
-Хорих 401 дүгээр ангийн дарга нэмэлт дөрвөн шинжилгээ хийлгэсний дараа хариугаа өгье гэсэн. Элэг, тархины гэсэн хэд, хэдэн шинжилгээ хийлгэхийг хүссэн.