МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо Ерөнхийлөгч Д.Оюунхоролыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр нэрийг нь дэвшүүлжээ. Тэрбээр нам доторхи сунгаанд оролцоно гэдгээ ийнхүү зарлав. Монгол Улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж магадгүй гэсэн мэдээлэл гарах боллоо. Сүүлийн үед нийгэм эмэгтэй улстөрчдийг дэмжиж байгаа нь түүнд ийнхүү итгэл төрүүлсэн бололтой. Гэхдээ эмэгтэй улстөрч Ерөнхийлөгч болох нь дан ганц ганц жендерийн тэгш эрхийг хангах асуудал биш ажээ. Дэлхийн түүхэнд мөрөө үлдээсэн эмэгтэй удирдагч нарын түүх ингэж хэлж байна. Дэлхийн түүхэнд тодорсон эмэгтэй удирдагчид хүслээсээ хамааралгүйгээр бүх талаараа тэргүүлэгч, нийгмийг байлдан дагуулсан лидерүүд байсан аж. Мөн удирдагч хүний эхнэр байгаад дараа нь удирдагч болсон нь цөөнгүй байх юм. Манлайлагчийн хажууд хүчтэй байж чадсанаараа тэд өөрсдийгөө ийнхүү товойлгон харуулж чаддаг бололтой.

Улс орондоо удирдагчийн хэмжээнд хүртлээ улс төрийн замналаа үргэлжлүүлж чадсан хамгийн анхны эмэгтэй улстөрч бол Тагна Тува улсын Хертек Амирбытовна Анчимаа-Тока ажээ. Тэрбээр 1940 оны дөрөвдүгээр сарын 6-нд Тувагийн Улсын бага хурлын даргаар сонгогдож байв. Анчимаа нь оюутны хөдөлгөөнөөс улс төрийн карьераа эхлүүлсэн, ард иргэдийн дунд ихээхэн нөлөөтэй нэгэн байжээ. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд ЗХУ-д туслах хөдөлгөөнийг бүх нийтийн үйл хэрэг болгон явуулж, Туваг ЗХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх ажлыг гардан хэрэгжүүлсэн юм. 

Сонирхолтой нь, хэн нь түрүүлж сонгогдсон бэ гэдэг хэмжүүрээр бол эмэгтэй удирдагчдын хоёрдугаарт жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмаа бичигджээ. Нэмэндэйн Янжмаа (1893-1962) нь Монголын төрийн зүтгэлтэн, жанжин Дамдины Сүхбаатарын гэргий бөгөөд жанжныг нас барсны дараа нөхрийн нэрээр овоглох болж Сүхбаатарын Янжмаа гэгдэх болсон байна. Тэрбээр 1953 оны есдүгээр сарын 23-ны өдөр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгогдсоноор Бүгд найрамдах улсын хоёр дахь эмэгтэй төрийн тэргүүн болжээ. Тэрбээр дээрх албыг 287 өдрийн турш хашч байв. Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, одоогийнхоор бол жендерийн эрх тэгш байдлыг хангах үйлсэд С.Янжмаагийн оруулсан хувь нэмэр үлэмж гэдгийг түүхчид онцлон тэмдэглэдэг билээ. 

БНХАУ-д тодорсон анхны эмэгтэй удирдагч Сун Чин Лин нь Сунь Ятсены хоёр дахь эхнэр байв. Тэрбээр БНХАУ байгуулагдаж байсан 1949 оны үеэс улстөрд идэвхитэй оролцох болж улсынхаа байр суурийг олон улсад илэрхийлэх, б атжуулах ажилд амжилт гаргажээ. Тэрбээр Соёлын хувьсгалыг хэт дэвэргэгч улаан хамгаалагч нарыг эсэргүүцсэнээрээ зовсон ард түмний дэмжлэгийг улам их авах болж, 1968 онд их хурлын даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгогджээ. Үүнээс хойш улс орнуудад эмэгтэйчүүд өндөр албан тушаалд томилогдох нь элбэгшиж ирсэн байна. Тэдгээрээс “зүгээр нэг” байгаагүй түүхэнд тод мөрөө үлдээсэн нь гэвэл Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчер.

Либерид олон жил үргэлжилж байсан иргэний дайныг  төгсгөхөд гол үүрэг гүйцэтгэсэн Эллен Жонсон Сирлиф, тэрбум хүнтэй Энэтхэг гүрнийг дөрвөн жил удирдсан Пратибха Патил, Аргентин улсын Ерөнхийлөгч Кристина Киршнер нарыг онцлууштай.

Ялангуяа Киршнерийн хувьд Фольклендын арлын асуудлаар Өмнөд Америкийн улс орнуудыг нэгтгэж, дэмжлэгийг нь авч чадсан явдал нэр хүндийг нь олон улсын хэмжээнд үлэмж нэмэгдүүлсмэн билээ. Их Британи Аргентиний хооронд дэгдээд байгаа энэ маргаан одоо болтол шийдэгдээгүй ч Ерөнхийлөгчийнхөө явуулж байгаа ажиллагаанаас аргентинчууд итгэл авч байгаа нь маргаангүй юм.

Эх сурвалж: www.mminfo.mn