Улаанбаатарт болж буй АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцож байгаа Йемений хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналт хатагтай Тавакул Карман, Холбооны Бүгд найрамдах Нигери улсын дэд Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Мохаммед Намади Самбо нар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа. Йемений хүний эрхийн төлөө тэмцэгч, Хил хязгааргүй эмэгтэй сэтгүүлчид олон улсын байгууллагын тэргүүн хатагтай Тавакул Карман нь хамгийн залуудаа буюу 32 насандаа Нобелийн шагнал хүртсэн хүн юм. Мөн энэ шагналыг хүртсэн анхны араб эмэгтэй, хоёр дахь Ислам шашинтан гэдгээрээ алдартай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хатагтай Тавакул Карман нар ижилхэн сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс юм. Энэ тухайгаа тэд онцлон дурдаж байлаа. Хатагтай Тавакул Карман хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцлээрээ Арабын ертөнц, дэлхий дахинд танигдсан бөгөөд Монгол Улс түүний энэ үйл ажиллагааг өндрөөр үнэлж АОХН-ийн Сайд нарын долдугаар хуралд ийнхүү уриад байгаа юм.
Сонгуулийн хуулиар нэр дэвшигчдийн 20 хүртэл хувийг эмэгтэйчүүд эзэлж буй талаар ярилаа. Хатагтай Тавакал Карман Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль маш сайн хууль, Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг орон гэдгийг сайн мэднэ хэмээж байв. Тэрээр Монгол Улсын хуулиудыг сонирхож буйгаа хэлж хаанаас англи хэл дээр олж уншиж болох талаар ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зөвлөгөө авлаа.