М.ГАНЦЭЦЭГ
УИХ-ын гишүүд өчигдөр хэд хэдэн томилгоог хэлэлцэв. Ёс зүйн алдаа гаргасан С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын албанаас чөлөөлж, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудалд үлдээж, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Д.Ганзоригийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. Эхлээд Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Д.Ганзоригийг нэр дэвшүүлэхээр УИХ-аас санал болгосон. Нэр дэвшигч Д.Ганзориг нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, мэдлэг боловсрол, ажлын туршлагаараа болзол, шаардлагыг хангасан гэж үзэж буйгаа УИХ-ын дарга танилцуулав. Тэрээр 2012 оноос УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
Үндсэн хуулийн өөрчлөлт, эсвэл нэмэлт оруулах тухай сүүлийн үед байнга ярих боллоо. Хэрэв нэмэлт оруулбал Үндсэн хуулийн аль зүйл заалтыг хамруулах нь зүйтэй гэж үзэж буйг гишүүн Н.Батцэрэг нэр дэвшигч Д.Ганзоригоос асуув. Тэрээр “Үндсэн хуулийн нэмэлтэд тун болгоомжтой, үндэслэлтэй, Үндсэн хуулийн одоогийн суурь зарчмыг хадгалах үүднээс хандах ёстой гэж боддог. Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг засаг захиргааны хуваарь тогтоох, хот, тосгоны эрх зүйн байдалд өөрчлөлт хийж болох талтай” гэв. Харин МАН-ын дарга Ө.Энхтүвшин сүүлийн үед Цэцэд гаргасан иргэдийн өргөдлийг хянаад маргаан үүсгэж хурал товлоод байхад холбогдогч тал нь хурлын өмнөх өдөр шийдвэрээ хүчингүй болгодог, үүнээс болоод Цэц маргаан үүсгэхээс татгалздаг болсныг онцлов. Үүнийг хэрхэн харж байгааг нэр дэвшигчээс асуув. Энэ асуултад Д.Ганзориг “Цэцийн тухай хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсронгуй болгох, шинэчлэх шаардлага байгаа. Тухайн хэрэг дээр маргаж буй зүйл нь хүчин төгөлдөр бус болбол маргаан үүсгэхээс татгалзах хуулийн зохицуулалттай. Харин үр дагаврыг арилгуулахаар хандах боломж нь нээлттэй” гэж хариулав. Гишүүн Ц.Нямдорж Үндсэн хуулийн цэц хууль сахиулах үүргээ шударгаар гүйцэтгэж, Үндсэн хуулийн зарчимд үнэнч байх ёстойг сануулсан бол гишүүн Д.Лүндээжанцан илгээсэн болон томилсон байгууллагынхаа захиалгыг биелүүлдэг хүн битгий болоорой гэдгийг хэлэв. Ингээд УИХ-ын даргын зөвлөхийг Цэцийн гишүүнээр томиллоо.
С.Баярцогт:
ШҮҮМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны илрүүлсэн хэргийн эзэн С.Баярцогт УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцорлоо. УИХ-ын дэд дарга С.Баярцогтын ёс зүйн зөрчлийн тухай Ёс зүйн дэд хорооны санал, дүгнэлтийг сонсов. УИХ-ын гишүүн Д.Батцогт, Н.Батцэрэг, Б.Борчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, М.Сономпил, Г.Уянга нар УИХ-ын даргад албан бичиг илгээж УИХ-ын дэд дарга С.Баярцогтын гадаадад байгуулсан компани болон банкин дахь дансны мэдээллээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй асуудлыг дэд хороогоор хэлэлцүүлэх шаардлага тавьсан юм. Иймээс Ёс зүйн дэд хороо хуралдаж УИХ-ын гишүүн С.Баярцогтын асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн 4.1 дэх заалтыг зөрчсөн нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл мөн гэж үзээд түүнд хариуцлага хүлээлгэх асуудлыг Ёс зүйн дэд хорооны дүрмийн 9.1.3 дахь заалтын дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Дараа нь УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг үүрэг ажлаас чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга С.Баярцогт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргасныг өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс завсарлага авсан юм. Тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг бүлгээс авсан завсарлагын талаар “УИХ-ын гишүүн С.Баярцогтын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байх үед Ёс зүйн дэд хороо хуралдаагүй байсан. Иймээс дэд хороог хуралдуулах боломж олгох үүднээс бүлэг завсарлага авсан гээд завсарлага дууссан” гэж мэдэгдэв. Гишүүн С.Баярцогт ёс зүйн хариуцлага хүлээж гишүүдийн хэлсэн шүүмжлэлийг анхаарч хүлээж авч буйгаа хэллээ. Мөн тэрээр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага түүнийг татвараас зугатсан, мөнгө угаасан гэж үзээгүй зөвхөн гадаадын банкин дахь дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн эсэхийг л тодруулахыг хүссэн гэдгээ хэллээ.
“ГҮЛДИЙЧИХЭЭД ЕРӨНХИЙ САЙДАА АВААД ҮЛДЧИХЛЭЭ”
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай МАН-аас гаргасан саналыг чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцлээ. МАН-ынхан зургаан үндэслэлээ давтан тайлбарлаж Ерөнхий сайд руу давшлав. Түүнийг нь эрх баригч Ардчилсан намын гишүүд няцааж Ерөнхий сайдаа хамгаалах ажээ. Харин МАХН-ынхан дундыг баримтлав. Эцэст нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудалд үлдээлээ. Эрх баригч нам олон гишүүнтэй учир намын даргаа явуулалгүй хамгаалж чадав. Хуралдаанд нийт 69 гишүүн оролцсоноос МАН-ын бүлгийн 23 гишүүн огцруулах саналыг дэмжсэн. Харин 66.9 хувь нь эсрэг кноп дарсан юм.
Ерөнхий сайдыг Үндсэн хуулийг хэд хэдэн удаа зөрчсөн, гадаад харилцааны талаар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн, эдийг засгийн өсөлтийг бууруулсан, төрийн албан хаагчдыг хоморголон халсан зэрэг зургаан үндэслэлээр огцруулах шаардлага тавьсан. Энэ асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, өмнө нь авсан завсарлагынхаа талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд тайлбар хийв. Тэрээр “Засгийн газар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгааг ярилцах явцад хоёр талын гаргасан тоо мэдээ зөрснийг цэгцлэх үүднээс Төрийн албаны зөвлөлөөс нягталж тодруулах, Чингис бондыг гаргаснаас хойш алтны нөөцийн хэмжээ ихээхэн нэмэгдсэнийг нягтлах, “Эрдэнэс-Тавантолгой” компанитай холбогдсон зарим мэдээллийг шалгаж тодруулах шаардлага гарсантай холбогдуулж завсарлага авсан. Бүлгээс гурван ажлын хэсэг гаргаж ажилласнаар төрийн албан хаагчдын тоо багагүй өссөн, бондыг буруу зарцуулсан, Тавантолгойн 17 тэрбум төгрөгийн тендерт Ерөнхий сайдын ойрын хамаатны хүн оролцсон зэрэг нь тодорхой болж байна. Огцруулах үндэслэл нь буруу байснаас завсарлага авсан юм биш” гэв.
Өнгөрсөн 23 жилийн хугацаанд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг долоон удаа тавьж байжээ. Энэ удаагийнх найм дахь нь юм. Дунджаар тооцвол гурван жилд нэг удаа ийм асуудал гарсан байна. Иймд Н.Алтанхуягийг томилоод найман сарын дараа огцруулах асуудал оруулсан нь хэт богино хугацаа гэж Ж.Батзандан нарын Ардчилсан намын голдуу гишүүд хэлж байв. Найман сарын хугацаанд Засгийн газрын ажлыг дүгнэх боломжгүй, ажил хийж амжих хангалттай хугацаа биш гэж үзэж байв. Харин МАН-ынхан ажил хийж, үр дүнд хүрэх хамгийн урт хугацаа мөн гэж хэлэв. Гишүүн Ё.Отгонбаяр “Мэдээгүй байхад нь дүү нь 17 тэрбумын тендерт ялдаг, дүү нь эхнэрээ сольчихсон байхад бас л мэдээгүй байх. Ерөнхийлөгчийн хэлдгээр С.Баярцогтыгоо гүлдийсээр байгаад авч үлдсэн. Бас Ерөнхий сайдаа ч гүлдийсээр байгаад аваад үлдлээ” гэв. Н.Батбаяр гишүүн МАН-ын тавьсан үндэслэлүүдийг баримт нотолгоогүй гээд тэднийг сөрөг хүчин болох ур чадварт сайн суралцаж олон жил сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн Ардчилсан намынхнаас суралцах хэрэгтэйг хэллээ.