Д.БОЛОРМАА

 

Орой орж ирэхдээ зайрмаг аваад ороод ирээ­рэй” хэмээн аав, ээж­­дээ хошуу дэвсэн за­хисан эгч, дүүсийг  зэрэм­дэглэж, нэгнийх нь амид хүрсэн алуурчин Ерөн­хийлөг­чийн санаа­чил­сан хуулиар эрх чөлөө­тэй болсон цаг саяхан. Таван настай дүүг нь хө­нөөж, эгчийг нь зэ­рэм­­дэглэсэн  П.Сумъяа­жав, Ж.Бямба­дорж нарын үйл­дэл тухайн үедээ нийг­мийг цочроож, үр хүүхэд­тэй хүн бүхнийг түгшээж байлаа. Одоо харин энэ хэргийг мартсан байна. Хэрэв та­лийгаач охин амьд байсан бол өдгөө есөн настай бол­чихсон үеийн­хээ охидтой хөтлөлцөн тоглох байж. П.Сумъяа­жавын үйлдэл үүгээр дуус­сангүй. Өр­шөөлийн хуу­лийн дагуу эрх чөлөөт нийгэмд хөл тавь­сан да­руй­даа лом­бард тонож 100 хүний эд хогш­лыг нь хул­гайлав. Энэ нь хэргийнхээ ха­риуц­ла­гаар өдгөө 15 жилийн хорих ял сонсоод байна. Энэ нь чу­хам­даа төрийн тэр­гүүн хэнд  ууч­лал үзүүлэв. Тэр нь эргээд нийгэмд ямар хор уршиг түгээв гэдэгт ха­риулт нь болох юм.

 

АНХНЫ ХЭРЭГ БУЮУ ЭГЧ, ДҮҮСИЙГ ЗЭРЭМДЭГЛЭСЭН НЬ

Найзууд болох П.Сумъяажав, Ж.Бямба­дорж нар мөнгөний эрэлд гарав. Шалтгаан нь РС тоглох гэж. Өмнө нь тог­лоод өрөнд орчихсон уч­раас түүнийхээ төлбөрийг ч төлье гэж шийджээ.

Энэ үед П.Сумъяажав найз­даа “Би мөнгөтэй айл мэд­нэ. Хоёулаа зориг ороод тэр айлыг очиж тоноё” гэж тохиролцоод “Наран­туул” зах гарч нүүрний баг, уяа, скоч авчээ. Тэдний то­но­хоор тохиролцсон айл нь П.Сумъяажавыг хуурай дүүгээ гэж итгэж хувцас хунар, мөнгө төгрөгөөр ха­рамгүй тусалдаг байсан О.Отгонхүү гэдэг айл байлаа. П.Сумъяажав, Ж.Бямбадорж нар гэрийн эзэн гарахыг нь отож бай­гаад хаалга тогшин  “Монхоо ах нь байна” хэмээн орсон байдаг. Тэд 10 сая төгрөгийг нь хул­гай­лахын тулд бага охиных нь амийг бүрэл­гэж, том охиных нь хоолойг хэрчиж, зүй бусаар хүчир­хийлсэн нь мөрдөн бай­цаалтын явцад тогтоогд­сон юм.

 

АЛУУРЧНЫ 20947014 ТООТ ХАВТАСТ ХЭРГЭЭС

-П.Сумъяажав нь мөр­­дөн байцаалтын мэ­дүүлэгт “Тухайн үед юу болсон талаар одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр үед РС тог­лоомын га­зарт бооцоотой тоглож өрөнд орсон байсан учраас мөнгөтэй болох шаард­лагатай байсан. Тэгээд найз Ж.Бямбадоржтой ярил­цаад О.Отгонхүү ахын­хыг тонохоор болж “Нарантуул” захаас скоч, нүүрний багаа бэлдээд орцонд нь орсон. Тэр үед гэрийн эзэгтэй Дашжид байсан учраас орцонд нь хүлээж байгаад гарсан даруйд нь гэрт орсон. Гэрт ороод мөнгө хулгайлахад охид эсэр­гүүцэл үзүүлэх байх гэж бодоод  охидын хоолойг хэрчсэн. Хийсэн үйлдэл­дээ гэмшиж байна.

-Ж.Бямбадорж мөр­дөн байцаалтын мэ­дүү­лэгтээ “2009 оны хоёрдугаар са­рын 7-нд П.Сумъяа­жав­тай таарахад надад мөнгөтэй таньдаг айл бай­гаа. Сейфнийх нь түлхүүр хаана байдгийг нь мэднэ. Хоёр охиныг нь байх үед дээрэмдэе  гэж хэлсэн. Би юу ч хэлээгүй. Тэгээд товлосон өдрөө О.Отгон­хүү гэх айлд ирэхэд гэрт нь хүн байсан учраас бид ойролцоох интернет кафенд орж жаахан тог­лосон. Тэр үед би “Больё. Харьцгаая” гэж хэлсэн боловч П.Сумъяажав “Тэг­вэл би гэрт орж унаа­ны мөнгө гуйж авна” гэж орсноо “Хоёр охиноос нь өөр хүн алга. Орно” гэж  хүчилсэн. Араас нь ортол тэр том охиных нь хоолойг боочихсон, намайг “Бага охиныг нь ал” гэсэн. Би “Миний дүү шиг охин байна. Чадахгүй” гэхэд загнаад хутга өгсөн. Нэг л мэдэхэд дүүг нь хутгал­чихсан байсан. Харин том охиныг нь П.Сумъяажав хутгалсан. Би хийсэн үйл­дэлдээ гэмшиж байна. Ял шийтгэл хүлээхэд бэлэн” гэж мэдүүлжээ. Анхан шатны шүүхээс тэдэнд насанд хүрээгүй хүүхдүү­дэд ногдуулах ялын дээд хэмжээ буюу 15 жи­лийн хорих ял ногдуулав. Гэвч Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Б.Батцэрэн тэргүүтэй шүүгч “Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдоржийн санаа­чилж УИХ-аас баталсан Өршөөлийн хуульд баг­таах ёстой” хэмээн П.Сумъяажав, Ж.Бям­ба­дорж нарыг сулласан юм. Шалтгаан нь насанд хү­рээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн учраас төрийн өршөөлд багтах ёстой гэж шүүгч нар үзжээ. Тухайн үед П.Сумъяажавын өм­гөө­лөгчөөр өдгөө Монго­лын өмгөөлөгчдийн хол­бооны тэргүүн Д.Батсүх ажиллаж байлаа.

Тэднийг сулласны дараа нийгэмд “Алуурчныг өршөөх нь буруу. Хариуцлага тооцох ёстой. Дахин гэмт хэрэг үйлдэх вий” гэсэн хардлага түгсэн ч төрийн хууль үйлчилж таарав. Хэрэгтэн П.Сумъяажав болон хэргийг шүүсэн шүүгч Б.Батцэрэн, та­лийгаач охины ээж Д.Дашжид нар манай со­нины хуудаснаа юу ярьж байсныг түүвэрлэн хүргэе.

 

“ОХИДЫГ ТАМЛАСАН НЬ ҮНЭН. ГЭХДЭЭ НАМАЙГ УУЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАЯРЛАЛАА”

-Өршөөлийн хуулиар ийн суллагдаад багагүй хуга­цаа өнгөрлөө. Хүний амь хө­нөөсөн ч, хуульд хам­рагд­сан нь чиний буруу биш. Гэвч үнэндээ Өршөө­лийн хуульд хамрагдах ёсгүй байсан юм биш үү. Тэгэхээр энэ аз байсан гэж ойлгож болох уу?

-Би болчимгүй үйлдэл хийсэн нь үнэн. Түүндээ гэмшиж байгаа. Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж на­майг уучилсанд баярлаж явдаг. Би гэмшээд, цааш­даа сайн хүн болно гэж бодож байгаа. Одооноос төлөвшиж эхэлсэн. Өнөөдөр хэвлэл, мэдээл­лийн хэрэгслүүд ганцхан над руу л дайрч, элдвээр бичиж байна. Гэтэл надтай хамт хэрэг үйлдсэн хам хэрэгтэн гэж бий. Түүнийг бичихгүй мөртлөө ганцхан намайг л “Толгойлогч” гээд үзэн ядах юм. Хам хэрэгтэн Д.Бямбадорж ч гэсэн давж заалдах өр­гөдөлдөө намайг их муу­хайгаар тодорхойлсон бай­­на лээ. Тэр хүн бид хоёроос өөр хэн ч болсон явдлыг мэдэхгүй гэж байгаа юм шиг надад л бүх бурууг тохох юм. Харин би гэмшээд дуугүй өнгөрч байгаа юм шүү. Тэр ч үүднээсээ хүмүүсийн хэл аманд ихээр өртөж байна.

-Төрийн өршөөлд ха­маарс­ныг чинь хүн бүхэн хү­лээж авах албагүй шүү дээ. Дүүг нь хөнөөж, эг­чийг нь хүнд гэмтээсэн нь үнэн биз дээ?

-Үнэн.

-Ер нь яагаад та хоёр тийм бол­чимгүй зүйл хий­сэн юм бэ?

-Тийм нөх­цөлд хүрнэ гэж бодоогүй. Тэ­гээд ч хүн хө­нөөх са­нааг би гаргаагүй. Мөн­гийг нь авъя гэд­гийг л гаргасан.

-Хохирогчид чамайг нэг ч удаа “Уучлаарай” гэж хэлээгүй хэмээн ярьдаг. Алаг үрийг нь хөнөөчихөөд яагаад тэгж хэлж болдог­гүй юм бэ?

-“Уучлаарай” гэж хэ­лэ­хээр ална, тална гээд миний өөдөөс дайрах хү­мүүс. Шүүхийн танхимд ч миний биед халдаж, битүү гэмтэлд оруулж байсан удаатай шүү дээ. Гэхдээ би тоогоогүй. Тэд өөрсдөө “Уучлаарай” гэж хэлэх боломж олгодоггүй юм. Тэгж хэлсэн, хэлээгүй намайг насан туршдаа үзэн ядаж амьд­рах учраас дэмий байх гэж бодох юм.

-Зарим хүн Өршөөлийн хуулийг алуурчдыг өөг­шүүл­лээ гэж шүүмжлэл­тэй ханддаг?

-Өршөөлийн хууль маш зөв хууль. Хэрэв Ерөн­­хийлөгч Ц.Элбэг­дорж намайг уучлаагүй бай­сан бол би тэр чигтээ буруу хүн болох байсан. Энэ дашрамд бас дахиад л “Баярлалаа” гэж хэлмээр байна. Цаашдаа илүү ихийг хийнэ.

П.Сумъяажавын манай сонинд өгсөн ярилцлагаас нь түүвэрлэв

 

“ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙН ДАГУУ ӨРШӨӨСӨН”

Хэрэгтнүүдийг Өр­шөө­лийн хуулийн дагуу сулласан шийдвэр шударга эсэхийг Нийс­лэлийн шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээс тодруу­лахад “П.Сумъяажав, Д.Бям­бадорж нар насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэс­лэлээр Өршөөлийн хуульд хамрагдсан. Өршөөлийн хуульд насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлд­сэн бүгдийг өршөөн, ууч­лах тухай заасан учраас яах аргагүй хамаарч бай­гаа юм. Түүнээс биш үйлд­сэн гэм буруу нь нотлогд­сон. Ер нь цаашид Өр­шөөлийн хуулийг санаач­лан батлахдаа бүх талыг нь анхаарах ёстой юм” гэжээ.

Б.Батцэрэн шүүгчийн манай сонинд өгсөн ярилцлагаас

 

Д.Дашжид: “ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ЧИНЬ АЛУУРЧИНД ҮЙЛЧИЛДЭГ ЮМ УУ” ГЭЖ АСУУМААР БАЙНА

-Охидыг тань зэрэм­дэг­лэж, нэгийнх нь аминд хүрсэн хэрэгтнүүд Өршөө­лийн хуулиар өнгөрсөн долоо хоногт суллагдсан. Энэ бүхнийг хүлээж авахад таньд маш хэцүү байгаа байх?

-Бид яахаа ч мэдэхгүй, гүн цочролд орчихоод бай­на. Миний охидыг зэрэм­дэглэсэн алуурчдад анхан шатны шүүхээс онцгой дэглэмтэй хорих ангид 15 жил ял эдлүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс алуурч­дад шийтгэл ног­дуу­лах нь байтугай Өр­шөөлийн хуульд хамруу­лан суллачихлаа шүү дээ. Бид анхан шатны шүү­хийн шийдвэрийг хүндэт­гэж, давж заалдаагүй. Алуур­чид ч гэсэн “Өршөө­лийн хуульд хамруулаач” гэж давж заалдаагүй.

Тэд гэм буруугаа ойл­гож байгаа учраас “Хорих дэглэмийг бууруулж, ног­дуулсан ялыг багасгаж өгөөч” гэж хүссэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн Б.Батцэрэн на­рын шүүгч ялыг нь буу­руулах байтугай эрх чөлөө олгож шагналаа шүү дээ. Бид ойлгохгүй байна.

-Том охиноо амьд авч үлдэхийн тулд Солонгос руу хоёр удаа эмчилгээнд явсан гэсэн. Одоо охины бие гайгүй юу?

-Солонгос явж гоо сайх­ны мэс засал хийлгэ­сэн. Хүзүүн дэх сорвийг нь арилгасан юм. Миний охи­ны хоолойг 16 см урт огтолж, улмаар тархинд нь цус харвалт үүссэн боло­хоор нүдний торлог бүр­хэвч нь гэмтэж, нүдэнд нь цус хуралт үүссэн. Хожим хойно их, бага хэмжээгээр гэмтэж, бэртвэл нүдний гэмтэл сэргэж, хараагүй болох аюултай гэсэн. Иймээс үлдсэн ганц охиноо нүдний цөцгий шигээ хайрлаж явахаас даа. Хүний биеийн шарх эдгэдэг бол сэтгэлийн шарх эдгэдэггүй юм байна. Би охиноо өглөө сургуульд нь хүргэж өгч, оройд ав­даг. Наймдугаар ангийн хүүхдийг тосч авдаг эцэг, эх байхгүй л байх. Энэ дашрамд, охины маань сургуулийн захирал, ан­гийн багш, ангийнх нь хүүхдүүдэд баярлалаа гэж хэлмээр байна. Тэд охины маань сэтгэлийн шархыг эдгээхэд тус нэмэр болж байгаа юм шүү дээ. Нөгөө талаас охиндоо мэргэж­лийн эмчээр сэтгэл заслын курс эмчилгээ хийлгэж байгаа учир харьцан­гуй сайжирч байна. Гэх­дээ л хүний сэтгэл дэх айдас түгшүүр арилахдаа удаан юм.

Хохирогч Д.Дашжидийн манай сонинд өгсөн ярилцлагаас нь

 

ХОЁР ДАХЬ ХЭРЭГ БУЮУ ЛОМБАРД ТОНОЖ 100 САЯ ТӨГРӨГИЙН ЭД ЗҮЙЛ ХУЛГАЙЛАВ

П.Сумъяажав тэргүү­тэй хэсэг залуус үдшийн цагаар Баянгол дүүрэгт байрлах хэд, хэдэн дэл­гүүр, ломбардыг тонов. Тэд нэг сар гаруйн хуга­цаанд олон хүний эд хөрөн­гийг тонож байсан ч баригддаггүй байжээ. Хо­жим цагдаагийнхан хэр­гийг илрүүлсэн бөгөөд  тоногчдыг П.Сумъяажав тэргүүлж байсан нь бусад хүнийх нь мэдүүлгээр то­дор­хой болжээ. Тэд 100 гаруй иргэнд,  100 сая төгрөгийн хохирол уч­руулжээ. П.Сумъяажавын тэргүүл­сэн хулгай, дээрмийн хэр­гийг анхан шатны шүүх хэлэлцээд түүнд 15, бусад оролцогч нарт нь 6-7 жи­лийн хорих ял ногдуулсан юм. Давж заалдах шатны шүү­хийн­хэн энэ хэргийг саяхан хянан хэлэлцээд ялыг хэ­вээр үлдээсэн. Ийнхүү бусдын үрийг онц хэрц­гийгээр хөнөөсөн ат­лаа хариуцлагаас чөлөө­лөгдсөн П.Сумъяажав нь дахин гэмт хэрэг үйлдэн шийтгүүллээ. Ма­гадгүй түүнийг суллагаа­гүй байсан бол 100 гаруй иргэн 100 сая төгрөгийнхөө эд хөрөнгийг  алдахгүй байлаа.