Ө.СОДОН

Сонгуулиас сонгуулийн хооронд их юм өөрчлөгджээ. Хэдхэн сарын өмнө МАН-ынхан УИХ-ын сонгуулийг өөрсдийн дүрмээр зохион байгуулахаар ил нэг , далд нэг үзэж байсан бол өдгөө бусдын өргөн барьсан дүрмээр дахин сонгуульдахгүй хэмээн сөрөг хүчний индрээс дуугаа өндөрсгөв. АН-ын гишүүдээс Р.Бурмаа, А.Бакей нар УИХ-ын даргад Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг Шинэчлэлийн Засгийн газарт хамтарсан АН, МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн, ИЗНН дэмжээд байна. Уг төслөөр бол орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь нам эвслийн нэрийн жагсаалтаар, гуравны хоёр нь засаг захиргааны нэгжийн төлөөлөл болж шууд сонгогдох пропорциональ, мажоритар хосолсон тогтолцоогоор явуулахаар хэлэлцэж эхлээд буй юм. Сонгууль арваннэгдүгээр сарын эхээр болно, иргэдийн саналыг цахим машинаар тоолно, оройн 22 цаг хүртэл санал авна гэх мэт заалттай Орон нутгийн хурлын сонгуулийн тухай шинэ хуулийг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэн батлахаар төлөвлөөд буй боловч МАН-ынхан огт өөр зүйл ярьж эхэлсэн билээ. Тэд ИТХ-ын сонгууль бол намын биш, иргэдийг төлөөлсөн байгууллага байх ёстой, тэгэхээр 100 хувь мажоритар тогтолцоогоор явуулна хэмээн зүтгэж байна. Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхээр МАН-аас байгуулсан Ажлын хэсгийн ахлагч Су.Батболд “ ИТХ-ын сонгуульд хамгийн тохиромжтой нь нэг тойрог-нэг мандат. Болохгүй бол олон мандаттай нэг тойрог байж болно.Хамгийн гол зарчим бол ИТХ намын биш. Иргэдийн төлөөллийг байгууллага байх ёстой хэмээжээ.
Орон нутгийн сонгууль болоход цөөн хоног үлдсэн. Их хурлын даргын захирамжаар бол өнөөдөр ээлжит бус чуулган эхний өдрөө хуралдаж тус хуулийг хэлэлцэх ёстой. Одоо байгаагаараа МАН-ынхан энэ хуралд оролцохгүй байх. УИХ-д бүлгээ ч байгуулж амжаагүй тэд сөрөг хүчин ч юм шиг, үгүй ч юм шиг заримдаг байдлаасаа хэрхэн гарахаа мэдэхгүй Цэцэд найдан суух хооронд сонгуулийн дараах сонгууль хаяанд тулсан ч Орон нутгийн хурлын сонгууль явуулах хууль ч үгүй сууна. Бүгдийг өөрийн дүрмээр зохицуулж сурсан МАН-ынхан орон нутгийн ИТХ-ын сонгууль явуулах хуулийн төслийг хэлэлцэхэд оролцохгүй байсан ч УИХ олонхиороо хуулийн дагуу Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиа батлах эрх зүйн чадамжтай гэж үзэж байгаа. Цаашид нэгэнт цаг байхгүй тул Шинэчлэлийн Засгийн газар байгуулсан багийнхан хуулиа МАН-ын 25 гишүүнгүйгээр батлахаас өөр аргагүйд хүрч байна. Цаана нь сонгуулийн зохион байгуулалтын нүсэр ажил байгааг мартаж болохгүй. Энэ жилийн Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийг батлахад УИХ-ын сонгуулийн хуулиас ч илүү “зовлонтой” байдал ийнхүү үүсээд байна. Харин МАН-ынхан сөрөг хүчний байр сууринаас албан ёсоор оролцож байдлыг бодитоор дүгнэх байх гэж бусад нь хүлээж байгаа юм. Сонгуулиас сонгуулийн хооронд их зүйл өөрчлөгдөж байна.