Д.БОЛОР

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим асуултад хариу авлаа.

 

-Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн бэлтгэл ажил ямар байна вэ?

-Сон­гуу­лийн бэлтгэл ажилтай Төрийн бай­гуу­лалтын байнгын хорооны гишүүд танилцсан. Хуульд заасан хуга­цааны дагуу явж байна. Тухайлбал, өнгөрсөн хоёр­дугаар сард 1896 хэсгийн хороо бай­гуулж, гурав­дугаар сард нь зардлын дээд хэмжээг тогтоолоо. Нэр дэвшигч гурав,  нам таван тэрбум хүртэлх зардлын дээд хэм­жээтэй. Мөн сонгогчдын нэрсийн жагсаалтыг бүрт­гэлийн байгууллагаас гар­гаж өгс­ний дагуу цахим хаягтаа байршууллаа. Түү­нээс гад­на гадаадад байгаа иргэдийнхээ сана­лыг авах салбар комиссыг байгуу­лах учиртай. Эхний ээл­жинд ажлын хэсэг бай­­гууллаа. Ажлын хэс­гийн­хэн ирэх долоо хоногт хуралдаад комиссын зо­хион байгуулалтад орж бэлтгэл ажилдаа ханцуй шамлах нь гарцаагүй. Ерөн­хийлөгчийн сонгуу­лийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос эхлэн зургадугаар сарын 26-ны өдрийг дуустал улсын хэмжээгээр түр зогсоосон.

-УИХ-аас батлуулсан танай хорооны төсөвт аудитын шалгалт хийж байгаа гэсэн үү?

-УИХ-аар Ерөн­хий­лөгчийн сонгуулийн зардал нийт 17.2 тэрбум төгрөг гэж тооцсон байдаг.  Харин манай хорооны зү­гээс бууруулж 15.8 тэрбум төгрөгийн санал оруулж батлуулсан. Одоо төсвөө орон нутагт хуваа­рилах журмаа өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд батал­лаа. Баталсан төс­вийг удах­­гүй аймаг, сум, дүүрэг, нийслэлд хуваа­рилна. Гэхдээ хуваари­лахаас нь өмнө аудитад хүсэлт өгөөд хянуулж бай­на. УИХ-аас баталж өгөх­дөө аудитаар хянуул гэсэн үүрэг өгсөн юм. Ирэх са­рын эхээр аймаг, нийс­лэлийн хороогоо бай­гуул­на. Үүнд төрийн захир­гааны болон үйлчилгээ­ний албан хаагчид ха­маар­на.

-УИХ-д суудалтай намууд нэр дэвшигчээ хэзээ өргөн мэдүүлэх вэ?

-Нэр дэвшүүлэх ажил­лагаагаа ирэх долоо хоногт эхлүүлнэ. Тавдугаар са­рын 3-12-ныг хүртэл гэсэн үг. Намууд нэр дэвшигчээ энэ хугацаанд тодруул­чихаад тав хоногийн дараа манайд мэдүүлэх ёстой. Сонгуулийн ерөнхий хо­рооны зүгээс УИХ-д суу­далтай намуудад зөвлөмж хүргүүлсэн. Энэ нь нэр дэвшүүлэхдээ анхаа­рах зүйлсийн жагсаалт юм.

-Гадаадаас санал өгөх иргэдийн тоо гарсан уу?

-Одоогоор судалгаа авч байна. Бүртгэж дуус­саны дараа тодорхой болно.

-УИХ-аар сонгуулийн зардал хэлэлцэх үеэр тө­рийн албан хаагчдын урам­шууллыг нэмсэн гэж шүүмжилж байсан. Үүнийг бууруулах уу?

-УИХ дээр баталж өг­сөн 15.8 тэрбум төгрөгийн найман тэрбумыг нь  хасах хэрэгтэй гэсэн шүүмжлэл байсан. Найман тэрбум нь  сонгуульд ажиллаж байгаа төрийн албан хаагч­дын урамшуулал юм. Хуульдаа  мөнгөн урам­шуулал олго­но гээд бич­чихсэн. Энэ дагуу Сон­гуулийн ерөн­хий хороо саналаа хүр­гүүлсэн. Ер нь нэг албан хаагчид ногдох  250 мянга төгрөг нь тэд­ний 40-50 хоног ажиллах хоолны мөнгө шүү дээ. Ажил­луулж чадаж байгаа юм бол ядаж хоолны мөнгийг нь өгөх нь зүйн хэрэг юм. Гэхдээ одоо аудитынхан хянаж байна. Тэд урам­шууллыг нь олго гэвэл өгнө, олгох шаард­лагагүй гэвэл хасч таарна.

-Сонгинохайрхан дүү­рэгт ялалт байгуулсан Д.Сумьяабазарын нэрийг УИХ-д хэзээ өргөн мэдүү­лэх вэ?

-Ирэх долоо хоногт мэдүүлж таарах байх.

-Өвөрхангайн тойр­гийн маргаан хэзээ эцэслэгдэх вэ. Хэн нь УИХ-ын гишүүн болох нь тодорхойгүй байна?

-Сонгуулийн ерөнхий хорооноос ялалт байгуул­сан нэр дэвшигчийг аль хэдийнэ өргөн барьсан. Г.Батхүү, Д.Зо­ригт нарын нэрийг мэ­дүүлснээс  Г.Бат­хүү нь тангараг өргөөд ажлаа хийж байна. Нөгөөх нь тангаргаа өргөх эсэх нь УИХ-ын Тамгын газраас хамаарах асуудал. Ма­най хороонд энэ асуудал  хамаагүй болсон.

-Шүүхийн маргаантай байгаа шүү дээ?

-Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан. Эцсийн шийдвэр нь Улсын дээд шүүхээс гардаг биз дээ.