- Сувилагч хийж бусдын төлөө амьдралаа зориулсан итали өвгөн найман сарын өмнөөс галт тэргээр аялан амьдрах болжээ. Галт тэргээр үнэгүй зорчих хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх нь түүний цорын ганц өмч юм -

 

Н.МӨНХЖИН

80 настай, сувилагч асан Силвано Тониоло өвгөн гадаа гудамжинд унталгүйгээр галт тэргээр гэр хийн амьдарч байна. Тэрээр ийнхүү орон гэргүй хүн болж, гудамжаар тэ­нэж амьдрах тавилангаас зайлсхийжээ. Силвано зогсож байгаа, эсвэл буу­дал дээр ээлжээ хүлээн зогсолт хийсэн галт тэр­гийг бус, харин Итали орноор хөдөлж, аялж бай­гаа галт тэргийг ашигла­даг. Торино хотын төв дэхь жижигхэн байрныхаа төл­бөрийг дийлэлгүй хөөгд­сөнөөс хойш ингэж амьд­раад найман сар болж байгаа аж. Тониоло хэдэн жилийн өмнөөс тархины өвчтэй болж хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэм­­лэхтэй болсноор галт тэргээр үнэгүй зорчих эрх­тэй болсон байна. Тэрээр энэ найман сард зам, чиглэлээ өөрчлөхөөс бусдаар галт тэрэгнээс буусангүй. Сил­­­­вано То­ниоло янз бүрийн хотоор аялахад галт тэ­рэг хаанаас, хэдээс хөдөл­­дөг, хаана сэлгээ хий­хийг цээ­жээр сайн мэддэг аж.

 

СУВИЛАГЧ, САЙН ДУРЫН АЖИЛТАН

Өгөөмөр сэтгэлтэй Силвано бүхий л амьд­ралаа бусдын төлөө зо­риулж, сувилагч, сайн дурын ажил хийж өнгө­рөө­жээ. “Би сувилагчаар ажиллаж байсан. Мөн Уган­дад сайн дурын ажил­тан байлаа. Угандаас бу­цаж ирээд тэтгэвэртээ га­рах хүртлээ дахиад суви­лаг­чаар ажилласан” хэ­мээн Тониоло Corriere della Sera сонинд ярьж байна. Тэрээр Итали орон даяар аялж болох ч зөвхөн Пье­монте, Лижуриа му­жаар аялаад хэвшчихсэн аж. “Надад төрөл төрөгсөд байх­гүй. Харин хэдэн найз бий. Галт тэргээр аялж явах­даа тэд нартайгаа таа­ралд­даг. Зарим нь хоолонд урь­даг. Би ийм байдалтай амь­дардаг болохоор урил­гаас нь татгалзаж чад­­­даг­гүй” хэмээн өгүүлж байна.

Тониоло өвөө үнэгүй зорчих үнэмлэхээ ашиг­лах­даа үндэсний төмөр замын компанийн дүрэм журмыг ихэд хүндэтгэнэ. “Би төмөр замын буудалд хонож үзээгүй. Шө­нөөр ч галт тэргэнд аялж, эцсийн зогсоолд хүрэхээр буугаад хөдөлж буй галт тэргэнд суудаг” хэмээн ярилаа.

 

ХӨНГӨН АЧАА

Силвано ачаа гэхээр юм бараг авч явдаггүй. Ачаа авч явахаар аюултай байдаг аж. “Миний ачааг хоёр ч удаа хулгайлж бай­сан. Одоо шөнө нь дэр болчихдог нэг хар үүргэвч авч явдаг. Тэгэхээр надаас хулгайлаад байх юм байх­гүй” хэмээн итали өвөө өгүүлж байна. Үүргэвчин дотор нь солионы нэг цамц, нэг хос оймс, шүд­ний сойз, саван байдаг. Хантаазных нь дотор талын халаасанд багахан евротой хэтэвч, галт тэр­гээр үнэгүй зорчдог үнэмлэх нь бий. Миний цорын ганц баялаг гэвэл энэ л байна. Ганц нэг эд зүйлсээ нэгэн сүмд хад­галуулчихсан. Хааяа тий­шээ очиж хэрэгтэй гэсэн юмаа авдаг” хэмээн Тониоло ярилаа.

 

“БИ ОРОН ДЭЭР УНТАХЫГ ХҮСЧ БАЙНА”

Силвано Тониоло нэн ядуу нөхцөлд амьдардаг ч нэр төртэй, сэтгэл өөдрөг нэгэн. “Би орон гэргүй хүн биш. Гуниглаж, цөхөрсөн ч хүн биш. Өглөө сэрээд вагоны “00” орж гар нүү­рээ угааж, сахлаа авдаг” хэмээн ярилаа. Силвано энэ амьдралдаа дасаж, бүр үнэлж хайрлах болжээ. “Аялж явахдаа олон хүн­тэй танилцдаг. Билет шал­гагч нарыг бүгдийг нь танина. Зарим нь бүр найз. Тэд өглөөгүүр кофегоор дайлах нь бий” хэмээн 80 настай өвөө өгүүлж байна. Үүний зэрэгцээ тэрээр орон нутгийн эрх баригч­дад хандаж хямд төлбөртэй даруухан байр олж өгөхийг хүсчээ. Нэгэн  сайхан өдөр хүссэн байрыг нь өгнө гэдэгт итгэлтэй байдаг аж. “Би жижигхэн гэртэй бол­чих­вол энэ амьдралаа сана­галзахгүй. Би одоо 80 настай, шөнө орон дээрээ унтаж байвал их гоё бай­на” хэмээн Силвано ярив.

 

ЭМГЭНЭЛТЭЙ ХЯМРАЛ

Силвано Тониологийн тохиолдол нь Итали орныг нөмөрсөн эмгэнэлтэй нөх­цөл байдлын тусгал юм. Тус улсад өдөрт 2500 хүн ажилгүй болж байна. Эдийн засгийн хямралд цөхөрсөн италичууд улс орноо эмхэлж чадахгүй байгаа улстөрчдийг санаа зовсон нүдээр ширтэж байна. Хоёрдугаар сарын 25-ны сонгуулиас хойш италичууд Засгийн газраа байгуулж чадсангүй. Улс төрийн хямралын улмаас сүүлийн хоёр сард дотоо­дын нийт бүтээгдэхүүн нэг хувиар буурчээ. Улс төр, эдийн засгийн хям­ралд ороод байгаа Итали оронд Силвано Тониоло мэт хүмүүсийг анхаарах сөхөө алга бололтой. 

“АВС”