
М.ГАН
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг гадаадад нууц данстай хэмээн мэдээлсэн. С.Баярцогт ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч УИХ-ын дэд даргаас огцрох өргөдлөө өгсөн юм. Энэ талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа. Харин Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдаж гишүүн С.Баярцогтод хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэв.
Д.Батцогт нарын долоон гишүүн С.Баярцогтын асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх ёстой гэсэн санал гаргасан юм. Дэд хорооны хурал хаалттай болсон. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат асуудлыг олон талаас нь ярилцах ёстой гээд хуралдааныг хаалттай горимоор явуулах санал гаргасан юм. Дэд хорооны дарга М.Батчимэг, гишүүн Ш.Түвдэндорж, Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү, С.Баярцогт нар нэг цаг гаруй хугацаанд хуралдсан юм. Хуралдааны дараа дэд хорооны дарга М.Батчимэг хэвлэлийнхний асуултад хариулав.
-Дэд хороо ямар шийдвэр гаргав?
-Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар С.Баярцогт гишүүний асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 4.1 дэх заалтыг зөрчсөн байна гэж үзлээ.
-Зөрчсөн заалтыг тодруулна уу?
-4.1-д УИХ-ын гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Үүнд алдаа гаргасан байна, ёс зүйн хариуцлага тооцох нөхцөл бүрдсэн гэсэн дүгнэлт хийлээ.
-Ёс зүйн алдаа гаргасан гишүүнд ямар хариуцлага тооцох вэ?
-Ёс зүйн дэд хороооны дүрмийн хувьд хариуцлага тооцох дөрвөн хэлбэр байдаг. Сануулах бөгөөд хариуцлага тооцох гэсэн хариуцлагын хоёр хувилбар бий. Тиймээс энэ асуудлыг УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж, УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн.