Ч.ҮЛ-ОЛДОХ
“Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн зочноор Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Цэвэлмаа уригдлаа. Есдүгээр сарын 1-ний өдөр ойртож, багш, сурагчид бүгд л эрдмийн баяртаа бэлдээд завгүй байна. Бид зочинтойгоо бямба гаригийн өглөө сургууль дээр нь уулзахаар тохирсон юм. Товлосон цагтаа очиход том зааланд бага ангийн багш нарын сургалт эхэлчихсэн, сургуулийн урт хонгилоос будагны үнэр сэнхийнэ. Хэсэг хугацааны дараа сургалтын цаг дуусч, Б.Цэвэлмаа багш биднийг дагуулан ангидаа орлоо. Тэрээр энэ жил гуравдугаар анги дааж авсан, тэдний анги тус сургуулийн өргөтгөлийн хоёрдугаар давхарт хичээллэдэг юм байна.

Б.Цэвэлмаа багш боловсролын салбарт 33 жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд дандаа бага ангид хичээл заажээ. “Энэ жил гуравдугаар ангитай, миний хамгийн бяцхан шавь нар. Тэд маань зургаан настай сургуульд орсон” хэмээн тэрээр шавь нарынхаа тухай өгүүлж байна. Б.Цэвэлмаа багш бүр хүүхэд байхын л багш болохыг хүсдэг байж. Малчин аав ээжийн хүүхэд, тэр тусмаа эмээ, өвөө дээрээ өссөн эрх охин анх сургуульд ороход сумын сургуульд дотуур байр байсангүй. Ингээд ангийнхаа багшийн гэрт суухаар болжээ. Өглөө багштайгаа хөтлөлцөөд хичээлдээ явна. Өдөр хамт харина. Орой багшийнхаа хийсэн хоолыг амтархан иднэ. Ангийн багш Отгонцоо нь нөхөр Хүрэлээгийн хамт хоёул сумын сургуульд багшилдаг. Тэднийд сургууль, багш нарын тухай яриа их өрнөнө. Заримдаа хүүхдүүдийнхээ дэвтрийг гэртээ авчирч засна. Энэ бүхэн нөлөөлснийх үү, багш болох сайхан юм шиг санагддаг байж. Ингээд 1979 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуульд орж суралцжээ. Сургуулиа төгсөөд төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумандаа бага ангийн багшаар 16 жил ажиллаж, 1996 онд амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод ирж суурьшжээ. Тэр үеэс өнөөг хүртэл 17 дугаар сургуульд багшилж байгаа юм байна. Хөдөө орон нутагт ажиллаж байхдаа таван удаа анги удирдаж төгсгөсөн бол хотод ирээд дөрөв дэх ангиа төгсгөсөн. Энэ бүхнийг тооцоод үзвэл, нийтдээ 670 шавьд эрдэм заасан багш. Тэдэн дотор багшийнхаа мэргэжлийг өвлөсөн 13 шавь бий. Дөрөв нь хөдөө орон нутагт багшилдаг бол нэг нь 17 дугаар сургуульд надтай хамт ажиллаж байгаа хэмээн тэрээр шавь нараараа бахархаж байна.
ХҮҮХДИЙН СЭТГЭЛИЙГ НЭЭЖ ЧАДВАЛ, ААВ, ЭЭЖДЭЭ ХЭЛЭЭГҮЙГЭЭ БАГШДАА Л ЯРЬДАГ
“Арван жилийн багш нар дандаа бага насны хүүхдүүдтэй ажилладгаараа онцлог. Түүнээс гадна бага ангийн хүүхэд гэдэг юу ч мэдэхгүй, ёстой л хиргүй цагаан цаас шиг ариухан. Юу ч болсон нуух юмгүй, бүгдийг багшдаа хэлнэ. Тэдэнд ном, эрдэм заана гэдэг хамгийн эрхэм нандин, бас тэднээс эрч хүч энерги авч, дандаа баярлаж, инээж, залуужиж байдаг” хэмээн тэрээр мэргэжлээрээ бахархаж байна. Мөн “Олон жил багшлахаар яг л хүүхэд шиг баярлах, гомдох нь амархан болчихдог” хэмээн ярьж байна. Багш хүний хувьд хамгийн том баяр есдүгээр сарын 1. Зуны хэдэн сар амрахдаа хүүхдүүдээ их санана. Намар хурдан болоосой гэж битүүхэн хүлээнэ. Хичээлийн шинэ жил эхэлж шавь нартайгаа уулзах сайхан. Хүүхдүүд ч багшийгаа саначихсан, есдүгээр сарын 1-нийг хүсэн хүлээсэн байдаг. Б.Цэвэлмаа багш ч гэсэн хүүхдүүдээ хүлээн анги танхимдаа тарьсан цэцгүүдээ услан, догдолж суугаа нь илт. Хүүхдүүд бага ангийн багшдаа илүү дотно байдаг. Есдүгээр сарын 1-нд одоо хичээл зааж байгаа бяцхан шавь нараас гадна үе үеийн шавь нар нь баяр хүргэж утас цохидог учраас тэрээр хичээлийн шинэ жил эхлэхээр завгүй хүн болж хувирдаг гэсэн. Түүний анхны шавь нар өдгөө 43 настай. Саяхан төрсөн нутагтаа очиж шавь нартайгаа уулзахад хүүхдүүдээ оюутан болгох гэж байгаагаа багшдаа хуучлан угтсан гэнэ. Хаана ч явсан шавь нар нь багштайгаа ийнхүү эргэх холбоотой байдаг аж. Жаргал, зовлонгоо хуваалцаж, амьдралын нарийн ширийн зүйлүүдээ ч багшдаа ярина. Шавь нараа харж байхад хамгийн их сахилгагүйтэж, чих халууцуулж байсан хүүхэд төгсөөд явсан хойноо багшдаа бусдаас илүү ойр дотно байдаг. Хүүхдийн сэтгэл гэгээн, цайлган шүү дээ хэмээн тэрээр ярьж байна. Тэгээд ч багш хүн шавь нараа утсаар ярихгүй бол санаа зовно. Хэн нэгэн нь сураг тасарвал чих тавьж сураглана. Шавь нараа яаж явааг байнга сураглаж, сайн яваагаар нь бахархаж, тааруухан яваад нь санаа зовж амьдардгаас үзэхэд багшийн амьдрал өвөрмөц. Үүгээрээ багш хүн тухайн хүүхдийн аав, ээжээс өөрцгүй. Орой хичээл тарахад ч зам гаргаж өгөөд яаж харьсан бол гэж сэтгэлээ чилээдэг хүн бол багш. Бусдын хүүхдийн төлөө нойргүй хонох үе ч бий. Энэ тухайд Б.Цэвэлмаа багшийн аав нь “Хүн багшийн ачийг хариулж чадахгүй. “А” заасан багш бол аав, ээж юм шүү” гэж захидаг байжээ. Түүнд “А” заасан анхны багш, гэртээ суулгасан ачтан Отгонцоо багш нь өдгөө 70 гаруй настай, Дорнод аймагт амьдардаг. Багштайгаа байнга утсаар ярьж, чадах чинээгээрээ тусладаг гэнэ.
СУРГУУЛЬ, СУРГУУЛИЙН ДОТРООС 17 ДУГААР СУРГУУЛЬ МИНЬ ОНЦГОЙ
Хэдэн жилийн өмнө сурвалжлага хийж явахдаа 17 дугаар сургуулийн нэгэн сурагчийн дурсамжийн дэвтрээс “Сургууль, сургуулийн дотроос 17 дугаар сургууль минь онцгой” гэсэн шүлгийн мөрийг олж уншсанаа Б.Цэвэлмаа багштай ярилцаж суухдаа саналаа. Ингээд сургуулийнх нь онцлогийг асуусан юм. Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль гэр хорооллынх гэдгээрээ онцлог. Гэхдээ тэр хавьдаа хүүхдүүдийнхээ сурлага, хүмүүжлийн үзүүлэлтээр дээгүүр ордог гэнэ. Тийм болохоор 39, 49,72 дугаар сургуулийн хүүхдүүд 17 дугаар сургуульд шилжин суралцах их дуртай. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай учраас сурагчид нь тоонд мундаг, дүүргийн хэмжээнд тус сургууль эхний байранд байнга ордог. Олимпиад, уралдаан, тэмцээнд ч айргийн тав дотор зоолттой. Багш нар нь ч уралдаан, тэмцээнд сайн оролцдог, тэдний дотор дүүргийн аваргууд олон бий. Сүүлийн үед багш нар залуужиж, мэдлэг чадвар нь ч өссөн, 2009 онд сургууль өргөтгөлтэй болсноор хүүхдүүдийн сурах орчин сайжирсан. Ер нь сурах орчны бүрдүүлэлтээр төвийн сургуулиудаас дутахгүйг тэрээр онцоллоо. Харин багш нарын нийгмийн асуудал хэр байгааг асуухад “Төсөв, хөрөнгө нь хүрдэггүй юм болов уу. Мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан нь үгүй” гэж байна. Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль 80 орчим багштай бол сурагчдын тоо 2000 /2200 гаруй хүүхэд суралцдаг/ давжээ. Социализмын үед багш нарыг байнга мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулдаг байсан бол одоо багш нарт өөрийгөө хөгжүүлэх боломж тун бага байдаг бололтой. Энэ ажил сургуулийн зүгээс зохион байгуулдаг, сургалт, лекцээр хязгаарлагдаж, зав чөлөө ч тааруухан, ёстой л цайгаа ууж суухдаа ч хүүхдийн дэвтэр засч, хичээлээ аль өнцгөөс заавал сонирхолтой байх бол гэж бодож суудаг болжээ.
СУРАГЧДЫН “ҮДИЙН ЦАЙ”-Г “ҮДИЙН ХООЛ” БОЛГООСОЙ
Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулсан “Үдийн цай” хөтөлбөрийн санаа Чингэлтэй дүүргийн сургуулиудаас эхтэйг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2009 онд боловсролын салбарынхан, эцэг, эхчүүдтэй уулзахдаа хэлж байсан юм. Чингэлтэй дүүргийн захын сургуулиудаар орж, уулзалт хийж явахад нь өглөө цай уулгүй ирсэн, их төлөв амьдралын боломжгүй айлын хүүхдүүд хичээл дээр муужирч унадаг тухай багш нар төрийн тэргүүнд уламжилснаар ийнхүү “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжсэн гэдэг.
Б.Цэвэлмаа багш “Үдийн цай” хүүхдүүдийн сурах идэвхийг сэргээсэн. Гэр хорооллын хүүхдүүдийн аав, ээж нь ажилдаа явчихна. Тэр хооронд тэдэнд хоол, унд хийж өгөх хүн байхгүй. Хичээлдээ өлөн зэлмэн ирсэн нэг нь муужирч унана. “Үдийн цай”-тай болсноор хүүхдүүдийн сурах хүсэл, тэмүүлэл нэмэгдэж, амьдрал ахуй, эрүүл мэндэд нь эерэг нөлөө үзүүлсэн. Одоо зарим сургууль “Үдийн хоол”-той болж байгаа. “Үдийн цай”-г хоол болгож хэвшүүлбэл, хүүхдүүдэд бүр ч тустай”-г хэлж байна. Боловсролын салбарын өнөөгийн хөгжил түүнийг анх багшилсан үетэй харьцуулшгүй. Хөдөөгийн хүүхдүүд тухайн үеийнхээ шаардлагад тохирсон стандартыг эзэмшиж байсан бол одоо орчин болон даяаршлыг дагаж хүүхдүүдийн сурах идэвхи өрнөсөн. Сурах арга барилыг мэдлэг рүү хандуулж байсан бол чадамж тал руу нь чиглүүлэх болсноор хүүхдүүд амьдралд хөлөө олоход дөт болсон. Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа хүүхдүүд чадавхи сайтай болж төгсч байна гээд ярих зүйл их бий. Салбартаа хийж, хэрэгжүүлбэл хэрэгтэй зүйлийг 33 жил ажилласан ахмад багшийн хувьд юу гэж бодож байгааг асуухад тэрээр “Байлгүй яахав. Зөндөө юм бий” гэж байна.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ ЭРГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ
Даяаршлаа дагаад хүүхдүүдийг зургаан настай сургуульд оруулж байгааг эргэж харах хэрэгтэй. Зургаан настай хүүхэд аливааг хурдан ойлгож, хурдан мартдаг. Ер нь хүүхэд 8-9 настай болж байж тодорхой ойлголттой болж, чадвар сууна. Хичээл хөнгөн байснаас гэнэт хүндрээд эхлэхээр хүүхдэд байтугай багш нарт ч хүндрэлтэй болдог. Мөн эцэг, эхчүүдийн дунд “үсрэлт” хэмээн ярьж хэвшсэн анги алгасуулдаг тогтолцооны тухайд дотор нь ажиллаж байгаа багшийн хувьд таатай санагддаггүйг Б.Цэвэлмаа багш хэллээ. Их, дээд сургуулиуд төлбөрөө нэмсэн тухайд мөн сэтгэл дундуур байна гээд саяхан сургуулийн ширээний араас боссон шавь нартаа сэтгэл зовж сууна гэв. Харин манай сониноор дамжуулан залуу багш нарт юу зөвлөхийг нь сонирхвол “Хамгийн гол нь харилцаандаа анхаарах хэрэгтэй. Багш хүүхэдтэй яаж харилцахаас олон зүйл хамаарна. Сүүлийн үед манай багш нар залуужиж, мэдлэг, чадвар нь өссөн. Харин харилцааны талаар анхаарах хэрэгтэй санагддаг” гэлээ. Ийнхүү олныг ярьж болох ч,зочин маань зав бага, цаг давчуу байсан учраас ярилцлагаа ийнхүү өндөрлөсөн юм. Б.Цэвэлмаа багш биднийг сургуулийн үүд хүртэл гаргаж өгөөд цааш эргэлээ.
“...Сургууль, сургуулийн дотроос 17 дугаар сургууль минь онцгой 17 дугаар сургууль дотроос
5 “Д” анги минь онцгой 5 “Д” анги дотроос Хулан охин онцгой...”
хэмээн нэгэн сурагчийнх нь дурсгалын дэвтэрт шүлэг болж үлдсэн Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль ард хоцорлоо. Удахгүй тэнд хүүхдийн дуу цангинаж, хичээлийн шинэ жил нээлтээ хийнэ дээ гэхээс сэтгэл нэг л хоргодоод, дахин дахин эргэж хармаар...