Ө.СОНОР
Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ ажилдаа ороод удаагүй байна. Амралтын өдрүүдээр ажлаа хүлээж авсан сайд нар шинэ зарчмаар, шинэ арга барилаар ажиллана гэдгээ мэдэгдсэн билээ. Ямар боловч Засгийн газрынхаа бүтцийг баталж ажилдаа ханцуй шамласан Шинэчлэлийн тодотголтой багийнхан хоногт 12 цагаар амралтгүй ажиллах гэх мэт зарим нэгэн өөрчлөлт хийж, ард түмний амьдралд ойртож ажиллахаа илэрхийлсэн нь иргэдийн дэмжлэгийг авсан юм. Харин үүнийг ажил хэрэг болгох эсэх нь Засгийн газрын багийнхны цаашдын ажлаас хамаарна. Н.Алтанхуягийн хувьд багаараа амжилтад хүрэхэд гар нийлсэн хүмүүс чухал гэж үзэж буй. Яамдын хувьд тоог нь нэмсэн ч бүтэц нь данхайгаагүй гэж байгаа. Тиймээс бага хүчээр их ажлыг амжуулахын тулд яамдын хамгийн хариуцлагатай албан тушаалтан болох Төрийн нарийн бичгийн дарга нарын ажлын хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй гэж Засгийн газрын зарим гишүүд санал нэгдсэн байна. Яамны бүхий л бодлогыг зангидаж, зарим үед сайдаасаа чухал үүүрэг гүйцэтгэдэг Төрийн нарийн бичгийн дарга нарын хувьд сайнаасаа саар юм олон дуулддаг. Сайдыгаа давж, бүр цаашилбал Засгийн газрын тогтоол шийдвэрийг ч үл тоодог Төрийн нарийн бичгийн дарга нар өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсныг хэвлэлүүд онцолдог юм. Тэд өөрт ашигтай зүйлсээ нэг өдрийн дотор бүтээж, дургүйгээ бүтэн сараа гацаан авлига авдаг гэх шүүмжлэл ч тасардаггүй билээ. Яамнаас зарладаг тендерийн ажлуудыг гүйцэтгэх шийдвэрт Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурдаг учир Сангийн, Зам тээврийн, Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гэх мэт яамдын дээрх албан тушаалтнуудын хүнд суртал хэрээс хэтэрдэг шүү гэдгийг ч Ерөнхий сайдад танхимынх нь зарим гишүүд онцгойлон анхааруулсан ажээ.
Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалд Засаг барьж буй нам нь өөрсдийнхөө хүнийг томилж, тэднээр утсан хүүхэлдэй хийдэг жишгийг МАН тогтоосон. Харин одоо Шинэчлэлийн гэгдэж буй Засгийн газар өөрөөр ажиллана гэдэг иргэдийн хүлээлтийг талаар болгох эсэх нь шинэ Засгийн газраас хамаарна. 14 агентлагийг цомхотгож данхайсан бүтцийг халсан гэж үзэж буй шинэ Засгийн газар бүтэцдээ ганцхан агентлаг нэмэхээр болсон нь Тендерийн агентлаг. Тэгэхээр одоо Төрийн нарийн бичгийн дарга нарын хүнд суртал, том толгой алга болж өөрийнхөө төлөө биш Монгол Улсын төлөө ажилладаг болно гэж найдаж байгаа юм. Тиймээс ч Ерөнхий сайд Н.Алтанхуягт Төрийн нарийн бичгийн дарга нарын ажлыг нарийн “төнхөж”, хариуцлагыг нь чангатгахыг сануулсан хүмүүс цөөн биш байгаа ажээ.