Бостоны марафоны үеэр бөмбөг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдэж байсан Жохар Царнаевийг баривчилжээ. Бостоны цагдаагийн газар энэ тухай албан ёсоор мэдээлсэн байна. Зарим мэдээллээр, Царнаевийг шархдуулан баривчилсан бололтой. Хоолойндоо шархадсан тэрээр одоогоор ярьж чадахгүй байгаа аж.

Дөрөвдүгээр сарын 19-нд түүний ах Тамерлан цагдаа нартай буудалцаж байгаад алуулсан юм. Жохар Царнаевийг бүтэн хоног эрж хайсны эцэст Бостоны дагуул хот Уотертауны нэгэн байшингийн ард завинд нуугдсан байхад нь олж баривчилсан байна. ОХУ-ын Дагестанаас АНУ-д ирсэн, чечень үндэстэн ах дүү Царнаевийг дөрөвдүгээр сарын 15-нд Бостоны марафон дээр халдлага үйлдсэн хэргийн гол сэжигтнээр нэрлэж байна. Уг халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, 180 хүн шархадсан юм.