З.ХҮРЭЛ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар уржигдар буюу бямба гаригийн орой твиттерт жиргэцгээж байна.
“...Ц.Элбэгдорж: Одоо ажлаа хий. Цаг наргүй л жиргэх юм. Улс орон хэцүүдлээ. Хэчнээн хэлүүлдэг юм.
Х.Баттулга: Цаг наргүй нь ч юу юм бэ... Та ч бас...
Ц.Элбэгдорж: Нөгөө засаг дээр санал хураах болон Баярцогтыг чөлөөлөх юу болсон бэ. Дахиад л завсарлага. Ажлаа хурдлаач.
Х.Баттулга: Твиттерт дарга, цэрэг байхгүй байх аа. Бас амралтын өдөр шд. Баярцогтын тухайд өөрөө бүх юмаа хүлээн зөвшөөрсөн шд.
Ц.Элбэгдорж: Өөрт чинь бас нууц мууц данс энд тэндэхийн арал дээр байгаа юм биш биз. Юу хийж яваа нь мэдэгдэхгүй юмнууд л гүлдийлдээд явах юм...
Х.Баттулга: Ммммммм... Гүлдийлдээд гэж юу гэсэн үг вэ...”
Нэг ийм яриа дээрх хоёр эрхмийн дунд, твиттерийн 50 хэрэглэгчийн нүдэн дээр болоод өнгөрөв.
Хальт үзэхүл Ерөнхийлөгч, сайд хоёр ам мурийсан гэдгээрээ сонирхолтой. Нэг нь “...Ажлаа хурдлаач..” гэнгүүт, нөгөө нь “Твиттерт дарга, цэрэг байхгүй шүү” гээд л.
Харин жаахан ухвал дарга нар дэмий нэг зүйл ярьсангүй ажээ. Тэдний жиргээ твиттерийн хэдээс халиад улс төрийн хүрээнийхэн, цаашилбал олон нийтийн дунд ч сэдэв болон үргэлжлэх шинжтэй.
Товчхондоо гурван асуулт, гурван хариулт. Хамгийн анхаарал татаж байгаа нь “Баярцогтыг чөлөөлөх юу болсон бэ... Дахиад л завсарлага. Ажлаа хурдлаач” гэсэн үг.
С.Баярцогтын тухайд Х.Баттулгын хариулсанчлан ерөнхийдөө “бүх юмаа” хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болно. Ерөнхийлөгчийн тухайд намынхаа С.Баярцогтыг золигт гаргаж байж, Оюутолгойгоос овоо юм халаасалсан Ардын намын С.Баяр, Сү.Батболд, Д.Зоригт нартай хамт өөрийнхөө Л.Гансүхийг хамтад нь “явуулчих” магадлал өндөр байгаа тухай яригдаж байгаа. Тэртэй тэргүй галт тэрэг нь нэгэнт хөдөлчихсөн дээрх асуудлын талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тэсч ядан асуух хэрэг даанч байхгүй. Хамгийн ноцтой нь “...Дахиад л завсарлага...”, араас нь “...Ажлаа хурдлаач...” гэсэн сануулга.
Завсарлагыг С.Баярцогтын асуудлаар “Шударга ёс” эвслийнхэн авсан нь үнэн. Гэвч энэ асуудлыг Х.Баттулгад даалгаад, нөгөөх нь тэгтлээ түүнд нь дурлаад гүйнэ гэвэл үгүй. Тэгэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн асуудлаар МАН-ынхан завсарлага авсан талаар Ерөнхийлөгч ҮХАА-н сайд нар ярилцжээ. Х.Баттулга сайдын Ерөнхий сайд болох сонирхол хэзээнээсээ ил болсон. Нуугаад байх шаардлагагүй болсон гэвэл зохино.
Нөгөөтэйгүүр С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаас чөлөөлсний дараа хэн хэндээ хэрэгтэй ямар нэг ажил амжуулах тохироог хийсэн гэсэн үг. Эсвэл бүр өөр дүгнэлтийг хийх хүмүүс ч байна. Цаг үргэлж хор найруулсаар байгаад сүүлдээ хаана юу ярьж суугааг ч умартан ил, далд юмнуудаа ярьчихсан байх магадлалтай гэнэ. Учир нь эв нэгдлийн символ улсын Ерөнхийлөгч хүн “Ажлаас нь чөлөөлөөч, хурдлаач...” гэж жиргэсэн шигээ адгаж суух нь хэр зохимжтой юм бол.
Харилцан жиргээний дараагийн сэдэв нь “Чамд бас энд тэндэхийн арал дээр нууц данс байгаа юм биш биз” гэсэн Ерөнхийлөгчийн асуулт. Тэрээр дайварт нь “...Юу хийж яваа нь мэдэгдэхгүй нөхдүүд л гүлдийлдээд явах юм” гэсэн.
Сүүлийн үед С.Баярцогтоор дамжуулан Оюутолгойн авлигын сэжүүрийг чангахан атгаж, сөрөг хүчний лидерүүдийг нь голдуу намнах талаар өдөр шөнөгүй бодож суугаа Ц.Элбэгдоржийн амнаас дээрх үг гарсанд гайхах хэрэггүй биз ээ. Учир нь Х.Баттулга “Твиттерт дарга, цэрэг байхгүй... Өнөөдөр амралтын өдөр шүү дээ...” гэх зэргээр хэгжүүрхсэн нь ойрдоо энэ мэтээр амаа таглуулаагүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дургүйг хүргэсэн байж таарна.
Яг үнэндээ Х.Баттулга ч зөрүүлж огт өөр үгийн тухай асууснаас “энд тэндэхийн арал дээрх нууц мууц данс”-ны тухай хариулсангүй.
Өчигдөр өглөө твиттерийнхэн Гүлдийлдэх гэдэг үгийн утга олох аянд оролцоцгоов. Твиттерийн 50 мянган хэрэглэгч биш гэхэд тал хувь нь лав үүнийг сонирхсон. Бүр шинээр Гүлдийгч гэдэг нэртэй жиргээчин мэндэлсэн харагдана лээ.
Я.Цэвэл гуайн тайлбарлаж үлдээснээр “...Оготно залгисан могой шиг гүлдийж харагдах” хэмээн утгачилжээ. Өөрөөр хэлбэл, оготныг бүтнээр нь залгиад цааш нь гулгуулах гэж оролдож буй могойн дүр төрх аж. Энэ утгаар нь хөөвөл угийн сэтгүүлч мэргэжилтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үгийг зүгээр нэг тохиолдлоор хэлчихээгүй бололтой. Я.Цэвэл гуайн толийг эргүүлж, гүлдийх гэдэг үгийг хэр зэрэг давтаж үзсэн байж таарах нь.