Н.МӨНХЖИН
Forbes сэтгүүл Оросын хамгийн баян бизнесмэнүүдийн жагсаалтыг арав дахь удаагаа гаргажээ. Тус сэтгүүл 500 сая доллараас дээш хөрөнгөтэй шинэ оросуудыг үүнд багтаасан байна. 2004 онд анх энэ жагсаалтыг гаргахад доод хязгаар нь 210 сая доллар байсан юм.
2013 оны жагсаалтыг “Металлоинвест” компанийн эзэн Алишер Усманов 17.5 тэрбум долларын хөрөнгөөр тэргүүлж, өнгөрсөн оны амжилтаа давтав. 16.5 тэрбум долларын хөрөнгөтэй “Альфа-групп” концерний хамгийн том хувьцаа эзэмшигч Михаил Фридман хоёрдугаар байрт орлоо. Гуравдугаар байрт “Новатэк” компанийн захирал Леонид Михельсон (15.4 тэрбум) бичигдэв. Жилийн өмнө Фридман зургаа, Михельсон аравдугаар байр эзэлж байсан билээ.
Оросын тэргүүн баячуудын эхний арван байранд “Ренова”-гийн эзэн Виктор Вексельберг (15,1 тэрбум), “Лукойл”-ын Ерөнхийлөгч Вагит Алекперов (14,8 тэрбум), “Еврохим” компанийн удирдах зөвлөлийн дарга Андрей Мельниченко (14,4 тэрбум), “Интеррос”-ын тэргүүн Владимир Потанин (14,3 тэрбум), НЛМК-ийн удирдах зөвлөлийн гишүүн Владимир Лисин (14,1 тэрбум), “Новатэк”-ийг хамтран эзэмшигч, “Gunvor”-ийн босс Геннадий Тимченко (14,1 тэрбум) нар оржээ. Эхний аравт “Онэксим” группын эзэн Михаил Прохоров 13 тэрбумын долларын хөрөнгөөр багтсан байна.
Forbes сэтгүүл нийт Оросын 37 бизнесмэнийг жагсаалтад хамруулжээ. Тэдний тавынх нь хөрөнгө чинээ 2004 оноос хойш арав дахин өссөн аж. Өнгөрсөн арван жилд Михельсоны хөрөнгө 34 дахин, Усмановынх 18 дахин өсчээ. “Уралкалий”-ийг хамтран эзэмшигч Дмитрий Рыболовлевийн эд хөрөнгө 2004 оноос хойш 22 дахин өсөөд байна. ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Сулейман Керимовынх 13, Мельниченкогийнх 13 дахин өсчээ. Рыболовлев (9.1 тэрбум доллар) 2013 оны жагсаалтад 14-т, Керимов (7.1 тэрбум доллар) 20-д бичигдлээ. Нэр хүнд бүхий энэ сэтгүүл 1987 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг нийтэлж байгаа. Харин Оросын бизнесмэнүүдийг 1997 оноос хойш энэ жагсаалтад хамруулж, хамгийн түрүүнд Борис Березовский гурван тэрбум долларын хөрөнгөөрөө багтаж байжээ. Түүний араас “ЮКОС”-ын тэргүүн Михаил Ходорковский (2.4 тэрбум), тэр үеийн “Газпром”-ын удирдагч Рем Вяхирев (1.4 тэрбум) нар Forbes-ийн баячуудын тоонд орж байв.
2004 онд Оросын хамгийн баян бизнесмэнүүдийн жагсаалтыг анх дангаар гаргахад Ходорковский тэргүүлж байлаа. Түүний хөрөнгийг 15.2 тэрбум доллар хэмээн үнэлж байсан юм. Одооны тэргүүн баян, Английн хөлбөмбөгийн “Арсенал” клубын томоохон хувьцаа эзэмшигч А.Усманов арван жилийн өмнө дөнгөж нэг тэрбум доллартайгаар 36-д бичигдэж байжээ.
“Forbes”