Д.ГЭРЭЛ

УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцлээ. Гэвч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл энэ асуудлаар завсарлага авав. Дэд дарга С.Баярцогтын талаар гишүүд юу гэж хэлснийг тоймлов.

Г.Уянга:

-УИХ-ын долоон гишүүн С.Баярцогтыг гишүүнээсээ огцрох ёстой гэж үзсэн. Швейцарийн банк харилцагчийнхаа дансыг ил болгож байгаа нь зүгээр нэг зүйл биш гэж үзэж байна. Энэ бол бүхэлдээ энэ их хуралд сууж байгаа олон олон Баярцогтод сануулга өгч байгаа үзэгдэл. Долларын тэрбумтнууд Монголд байгаа. Энэ дансны орлого хаанаас орсон орлого юм, дансны гүйлгээ нь ямар байгаа, үүнд Оюутолгойг тойрсон асуудал байгаа эсэх гээд олон олон асууд­лууд урган гарч байна. АН шударга ажиллаж байна уу үгүй юу, үнэхээр шинэчлэгдэж байна уу үгүй гэдэг нь  энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс тодорхой болох ёстой. АН-ыг олон нийт харж байгаа. Энд хууль зүйн үндэс­лэлүүдийг ярьж байна. Ёс суртахуунгүйгээр хууль зүйг зохицуулахгүй. Улс орноо гадаад ертөнцөд сайхан харагдууллаа. Одоо таныг сайхан харагдуулах асуудал бол бүх зүйлээ үнэнээр нь дэлгэвэл монголын ард түмэн таныг уучилж чадах ууч сэт­гэлтэй ард түмэн. Хэрэв зөвхөн УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа татгалзаж байгаа бол ёс зүйн хариуцлага хүлээж байна гэж үзэхгүй.

Ц.Даваасүрэн:

-С.Баярцогтын хувьд Монгол төрийн буянаар сайн боловсрол эзэмшсэн гэж үздэг. Харамсалтай нь, ичихгүй худал ярьж чадаж байна. Энэ ком­пани чиний нэр дээр байгаа гэдгийг олон улсын  байгууллагаас зарлаад бай­­гаа. Өөрийгөө өмөө­рөөд байгаа нь цаашид засрахгүй гэдгийг харуулж байна. Компанийг мэ­дүүлэхгүй байж болдог гэдэг ойлголт байж бо­лохгүй. Уг нь энэ асуудлыг ёс зүйн хороогоор оруулаад мөнгө хаанаас гарч ирсэн, дансны бүх хуулга энэ байна гээд гаргаж ирээд бидэнд ямар нэгэн байдлаар илтгэл үнэмшил төрүүлвэл гоё харагдана. Яг Оюутолгойг хамгаалдаг шигээ асуудлыг өөрөөсөө зайлуулаад худал яриад байна. Өөрийг чинь ийм байдалд орсонд харамсч байгаа. Өөрийгөө нэгд тавиад төрөө хоёрт тавиад байж болохгүй. Тэгээд ч энэ асуудалд холбогдсон нь сонгуулийн өмнө байгаа. Иймд тэр хамт мөнгө оруулсан гурван нөхөдтэйгээ бидэнд энэ асуудал ямар ч хамаагүй гэдгийг батлал даа. Хэрэв зүгээр гишүүн байсан бол яах вэ гэхээр хариулт байхгүй байна. Үнэхээр шинэчлэлт, шударга ёс тогтооё гэж байгаа бол дансны бүх гүйлгээг тодорхой болгол доо. Тэгвэл бид С.Баярцогт буруугүй юм байна лээ гэдгийг хэлнэ. Олон суудал авсан намын хувьд Монгол төр цэвэр байхыг баталж хариуцлагатай хандах хэрэгтэй. Энэ байгууллага АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүү­лээгүй гэдгээр хандаагүй. Бусад орны дандаа том хөрөнгөтнүүд илчлэгдсэн байна лээ.

С.Ганбаатар:

-Монголын тагнуул, хуулийн байгууллага хэв­лэлийнхнээс дор болчихоо юу. Нууц дансыг илрүүлчихлээ.

Л.Цог:

-С.Баярцогтыг 23 нас­тай УИХ-д орж ирж байс­ныг санаж байна. Таван удаа УИХ-д сонгогдсон гээд яривал их л төлөвшсөн байх ёстой. Гэтэл ямар их зоригтой худал ярьдаг болоо вэ. Ерөөсөө С.Баярцогт УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдчихье гэж бодож болоогүй юм уу. Оюутолгойн гэрээ чинь Монголын талд ашиггүй гэрээ. 68 хувийн татварыг авч хаясан, өөр олон юмыг авч хаяж хийсэн гэрээ.

С.Баярцогт:

-Оюутолгойн гэрээг зөвхөн би хийсэн юм биш. Олон Засгийн газар, олон УИХ дамжиж, Үндэсний аюулгүй байдлын зөвлө­лийн хуралдаанаар олон дахин хэлэлцэж батласны үндсэн дээр гэрээг бай­гуулсан. Гэрээг бай­гуулах­тай хол­боотойгоор хэлэлцээр хүнд нөхцөлд явагдсан. Гэхдээ олон хүн энэ асуудлаар өөр өөр байр суурьтай байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм.