Бостоны марафоны үеэр дэлбэрсэн хоёр бөмбөгийг битүү чанагчаар хийсэн болохыг тогтоолоо. Дэлбэрэлтийн хүчийг нэмэгдүүлэхийн тулд битүү чанагчийг металл эд зүйлсээр дүүргэсэн байжээ. 2010 онд Нью-Йоркийн Таймс-сквер талбайд ийм аргаар бөмбөг дэлбэлэх гэж байгаад бүтэлгүйтэж байсан юм. Мөн энэ онд Пакистанд, 2006 онд Мумбайд битүү чанагчаар хийсэн бөмбөг дэлбэрч 130 хүн амиа алдсан билээ. Бостонд болсон дэлбэрэлтийн хариуцлагыг одоогоор ямар нэг террорист бүлэг хүлээсэнгүй. Гадаадаас ирсэн террористууд энэ халдлагыг үйлдэв үү, эсвэл америк иргэд энэ дэлбэрэлтийг зохион байгуулав уу гэдгийг мөрдөгчид мэдэж амжаагүй байна. Бостоны дэлбэрэлтэд гурван хүн амиа алдаж, 183 хүн шархадсан юм.