Н.МӨНХЖИН

Социалист Югослав улсын лидер Иосип Броз Титогийн хувийн эд зүйлстэй төмөр авдрыг нээснээр түүний түүх хууль ёсны дагуу үргэл­жилж байна. Титогийн өв хөрөнгө дотор 30 тн алт болон бусад үнэт эд зүйлс байж магадгүй хэмээн Сербийн Danas сонинд бичжээ. Тус сониныхон 1980 оны тавдугаар сарын 4-нд Иосип Титог нас барсны дараа албан өр­гөөнийх нь эд зүйлсийг дансалж цэгцэлсэн жаг­саал­тад дүн шинжилгээ хийсний дараа ийнхүү таамагласан байна. Экс удирдагчийн төмөр авдар­наас гарах үнэт зүйлсийн зарим хэсгийг дахин хэ­вэнд цутгаж Сербийн Үн­дэсний банкны алтан нөөцөд авна хэмээн ажиг­лагчид үзэж байна. Зарим хэсгийг нь дуудлагаар худалдах бололтой.

33 жилийн өмнө дан­салсан эд зүйлсийн жаг­саалт эдүгээ төмөр авдарт байгаа зүйлстэй бүрэн давхцахгүй байж болох ажээ. 1980 онд бүртгэж авсан дансаар, нийт 30 тн жин татах нунтаг болон цутгамал алт, 2600 ширхэг алтан зоос, алтан болон үнэт чулуун 149 эд зүйл, Каражоржевичийн хаант улсын үед хамаарах 13 одон, алт, бусад үнэт ме­таллаар хийсэн 251 шаг­нал, пайз, 1300 ширхэг зоос, 18 ширхэг мөнгөн аяга тавагны иж бүрдэл, бэлнээр 26 мянган америк доллар, 36 мянган герман марк, 2200 дани крон байсан аж.

И.Титогийн төмөр ав­дарнаас юу гарч ирэхийг Серб орон даяар чих тавин хүлээж байна. Титогийн хувийн эд зүйлсийг ил болгож, дахин хуваарилах ажлыг Белградын нэгдү­гээр үндсэн шүүх гүйцэт­гэж байгаа хэмээн Сер­бийн Ерөнхийлөгч Томис­лав Николичийн томил­сон тусгай комиссын ги­шүүн Оливер Антич мэ­дэгд­лээ. Төмөр авдарнаас гарах өв хөрөнгийн нэг хэсэг нь түүний төрөл тө­рөгсдөд, нөгөө хэсэг нь улсын сан хөмрөгт орох бололтой.

Социалист Югослав улсыг 1945 оноос хойш ээлж халаагүй 35 жил удирдсан Иосип Броз Тито 1980 онд 87 насандаа Любляна хотод өөд болсон юм. Титог нас барангуут Югославын парламентаас томилсон комисс Белград дахь түүний өргөөний эд зүйлсийг тоолж данслан Үндэсний банкинд хад­галуулсан билээ. Тэр ца­гаас хойш экс удирдаг­чийн төмөр авдарт хэн ч хүрсэнгүй. Сербийн өмнөх эрх баригчид экс социа­лист удирдагчийн өв хө­рөнгийг зүгээр л мартаж орхисон байж магадгүй. Эсвэл Титогийн төмөр авдар улсын чухал нууцтай холбоотой байсныг мэдээд энэ сэдвийг зориудаар босгож ирэхгүй “хав дарж” байсан хэмээн за­рим нь үзэж байгаа аж.