Ө.БАТХҮҮ 
2012 оны УИХ-ын сонгууль дуусаагүй, парламент элэг бүтэн болоогүй өнөөг хүрч байна. Шүүх, цагдаа болон сунжирсаар жил тойрох шахсан Сонгинохайрхан дүүргийн дахин сонгууль өнгөрсөн ням гаригт болж МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар ялсан нь тодорхой болжээ. 26 дугаар тойргийн сонгуульд нэр дэвшигч Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр нарын аль нэгийг сонгох дахин санал хураалт яагаад ингэж “бантагнасан” тухай хэвлэлээр хангалттай бичиж байсан учир уншигчид аль хэдийнэ мэддэг болсон байх. Тэдний хэн нь ч 28 хувийн босгыг давж чадаагүй тул хуулийн дагуу дахин санал хураахаар болсон, үүнийг нь зөвшөөрөөгүй шүүхэд хэд хэдэн удаа гомдол гаргасан, Тойргийн хорооныхон хоёр өөр тогтоол гаргаж будлиулсан гэх мэт үйл явдлууд үргэлжилж байсан юм. Харин дуншиж, дуншиж саяхан нэг юм болсон дахин санал хураалтаар Д.Сумъяабазар санал өгсөн нийт хүмүүсийн 55.7 хувийн итгэлийг авч ялалт байгуулжээ.
Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр өвдөг шороодов. Ийнхүү УИХ-ын гишүүд 75-уулаа боллоо. Харин Өвөрхангайн нэг мандатын маргааныг хэзээ эцэслэхийг бурхан л мэдэх байх.
Үйл явдлын өрнөл, учир шалтгааныг дурдвал энэ бүхэн байдаг л нэг сонгуулийн маргаан мэт харагдана. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, шүүх цагдаагаар явах нь бараг л хэвийн үзэгдэл болсон тул олон нийт ч ийм зүйлийг онцгойлон хүлээн авч, ач холбогдол өгөхөө больжээ. Харин “Сонгины дахин сонгуулийг цаг хугацааны хувьд хойшлуулах, шийдвэрлэх цагийг нь урьдчилан бэлдсэн байх зэрэг нь тактик байжээ” гэх гаргалгааг зарим улстөрчид хийчихсэн сууна. Үүний учир юу вэ гэдгээс өмнө Сонгинохайрхан ямар онцлогтой дүүрэг болохыг эхлээд тодруулъя.
Үүнд, газарзүй болоод бусад талын онцлогийг дурдахгүй. Сонгуультай шууд утгаар холбогдох нөхцөл байдлыг нь өгүүлэх юм. Хамгийн чухал нь Сонгинохайрхан хүн амынхаа тоогоор Баянзүрхтэй дүйх том дүүрэг. Сүүлд гаргасан тооцоогоор бол хотын баруун захын энэ дүүрэгт уугуул, суугуултайгаа нийлээд 230 гаруй мянган хүн оршин сууж байна гэж бичжээ. Бас нэг онцлог нь Сонгино уулын ар хормойд хөдөө орон нутгаас шилжиж ирсэн, өнөөгийн Монголын ард түмний олонхийг бүрдүүлэгч нийгмийн дундаас доош давхаргынхан амьдардаг юм. Эдгээр хүмүүсийн санаа бодол Монголын нийт ард түмнийг төлөөлөхгүй ч гэсэн, ерөнхий ханыг нь дүрслэнэ гэсэн үг. Тэд хэнд санал өгч байгаа нь эрх баригч нам болоод сөрөг хүчний алинд нь талтай байгааг дүгнэх хамгийн зөв судалгаа болсон ажээ. Чухам иймээс л Сонгинохайрханы сонгуулийг их уралдааны өмнөх сунгаа болгон ажиглахаар анхнаасаа хойшлуулж байсныг мэдээлэлд ойр байдаг хүрээний зарим хүмүүс дахин санал хураалтын дараа ярьж орхисон нь бусдын чихэнд содон сонсогджээ.
Тэгэхээр удахгүй их уралдаанд орох гэж байгаа, ийм тактикаар ажилласан байж болох нөлөө бүхий хүн хэн бэ. Мэдээж, Ц.Элбэгдорж. Шуудхан хэлэхэд энэ удаагийн дахин санал хураалт гэдэг төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн өмнөх Ц.Элбэгдоржийн явуулсан тест байж. Өнгөрсөн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тус дүүрэгт 131 мянга 476 хүн санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бичигдэж байжээ. Эдгээрээс 98560 хүн саналаа өгсөн байна. Тухайн үед Ц.Элбэгдоржид 53800 хүн санал өгсөн бол Н.Энхбаярын нэрийг 43811 сонгогч дугуйлсан байдаг. Дээрх сонгуулиар Баянзүрх дүүргийн 56938 хүн АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид саналаа өгсөн нь хамгийн дээд үзүүлэлт гэхээр түүний хоёр дахь том масс нь Сонгинод байсан болж таарч байгаа юм. Энэ сонгуулиар хөдөө орон нутгийн тойргуудын ихэнхид нь Ц.Элбэгдорж ялагдсан дүнг СЕХ-ны цахим хуудаснаас харж болно. Харин нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн зөрүү 10 мянгад хүрч Ц.Элбэгдоржийн ялагдлыг нөхсөнөөр хожил түүнд ирсэн билээ. Энэ бүхнээс харвал Сонгинохайрхан яах аргагүй Ц.Элбэгдоржийн түшиц газар, сонгуулийн өмнөх дүр зургаа гаргаж авах обьект нь болж таарч байгаа ажээ.
Өнгөрсөн амралтын өдөр болсон дахин санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Д.Сумъяабазар нийт санал өгсөн хүмүүсийн 55,7 хувийн дэмжлэг авч тэргүүлсэн байна. 2012 оны зургадугаар сард гаргасан нэрсийн хавтгайгаар бол энэ дүүрэгт 179 мянга 824 сонгогч бүртгүүлжээ. Тэдний хэчнээн нь дахин санал хураалтад оролцсон талаарх нарийн тоо гараагүй ч олонхи нь МАН-нд санал өгсөн. Д.Сумьяабазар МАН-ыг бүрэн төлөөлөхгүй, хувь хүн гэдгээрээ ялсан байж болох тал бий боловч эцсийн дүндээ МАН-ын рейтинг гэж ойлгож болох. Чухам иймээс Ц.Элбэгдорж намынх нь бодит рейтинг ямар байгааг, иргэдийн энэ хазайлт юунаас болж буйг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нэг сайн тунгаах үүргийг өөртөө болон ажлын аппратынхандаа дуулгаж буй байх. Бас нэг сонирхолтой зүйл нь энэ сонгуульд Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр намаа төлөөлж өрсөлдсөн явдал билээ. Зарим хэвлэлд түүнийг зөвлөхөөрөө туг тахисан гэж бичсэн байна лээ. Тийм байж мэдэх л юм. Ямар боловч болоод өнгөрсөн дахин сонгууль Ц.Элбэгдоржийн их уралдааны өмнөх сунгаа байсан нь тодорхой боллоо. Аливаа зүйлсийг бүтэн жилийн өмнөөс төлөвлөж, зохиож, тактиктай ажиллана гэдэг улстөрч хүнд заавал байх чанарын нэг мөн байх. Тийм л учраас улс төрийг, улстөрчдийг ухаж ойлгох, учир зангилааг нь тайлахад амаргүй байдаг ажээ.