Уул уурхайн сайд Д.Ганхуяг та заавал хариулаарай

 

“Энтри гоулд”-ын гэрээ олон нийтэд бүрэн нууцлагдмал гэж болохоор байдалтай байна. Ингэж нууцалж буйн шалтгаан юу вэ?

 

Оюутолгой ордыг хувааж, хамгийн баялаг нөөцтэй хэсгийг нь “Энтри гоулд”-д эзэмшүүлсэн учраа тайлбарлана уу. Газрын баялаг ард түмний өмч гэсэн атал Оюутолгойн нэг хэсэг нь өөр компанийн нэрээр Хөрөнгө оруулалтын гэрээнээс гадна үлдээд байгаа нь ямар учиртай вэ?

 

Хөрөнгө оруу­лалтын гэрээгээр бол Оюутолгойн баялгийг төр өмчилдөг гэдэг хэрнээ “Рио тинто”, “Айвенхоу Майнз” энэ ордыг ашиглаж байна. Харин “Энтри гоулд” Оюутолгойн талбай болон талбайд байгаа нөөцийг эзэмшиж байна гэж байна. Энэ тодор­хойлолтууд хоорондоо ямар ялгаатай юм бэ. Энэ тодорхойлолтуудыг судлаачид ойлгохгүй байна лээ?

 

Ерөнхий сайд “Манай Монгол Улс чинь Оюутолгойнхоо 100 хувийнх нь 34 хувийг эзэмшдэггүй юм байна. “Энтри гоулд” бас 20-30 хувийг нь эзэмшдэг юм байна” гэж хэлсэн. Ингэхээр Оюутолгой төслийн хэдэн хувийг “Энтри гоулд” эзэмшиж байгааг шинэчлэлийн Засгийн газар мэдэхгүй байна. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ?

 

Та “Энтри гоулд”-ын асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэсэн. Гэвч ямар хариуцлага, шийдвэр яригдахыг одоо хэр нь та болон Засгийн газар бөөрөнхийлсөөр ирлээ. Чухам ямар арга хэмжээ авахаа тодорхой тайлбарлаач?

 

“Энтри гоулд”-ийн ордыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүчин төгөлдөр мэдээлэлгүй учраас орд гэж үзэхгүй гээд байна. Энэ тохиолдолд орд байхгүйтэй адил болж таарч байна. Орд гэж үзэхгүй байх ашиг сонирхол яваад байна гэж зарим хүн хардаж байна. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?