Х.ХУЛАН

Эрүүгийн цагдаагийн газраас “Монгол Ус” тө­рийн өмчит аж ахуйн тоо­цоот үйлдвэрийн газрын захирал Ц.Сосорбарамд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар АТГ-т хол­богдох материалыг шил­жүүлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн би­лээ. Ц.Сосорбарам 2011 онд Усны газрын орлогч даргаар ажиллаж байхдаа Сэлбэ голын урсацыг бай­галийн аясаар нөхөн сэр­гээх, урсацыг нэмэгдүү­лэх төслийн барилгын гүй­цэтгэгчийг шалгаруу­лах тендерт оролцжээ. Тэ­рээр энэ үед Усны газрын тендерийн үнэлгээний хорооны даргаар оролцох­доо өөрийн үүсгэн бай­гуулсан “Монхидро конс­тракшн” компанийг гүй­цэт­гэгчээр шалгаруулсан байна. Энэ нь албан ту­шаалаа урвуулан ашигла­сан байж болзошгүй гэж Эрүүгийн цагдаагийн газ­раас үзсэн байна. Мон­голын байгаль орчны тө­лөөх хуульчдын холбоо­ноос Эрүүгийн цагдаагийн газарт хандаж, Ц.Сосор­барамыг шалгуулах хүсэлт илгээснээр энэ асуудал босчээ. 

Түүний үүсгэн бай­гуул­сан “Монхидро конст­ракшн” компани Сэлбэ голын гадаргын урсацыг гүний усаар тэ­жээх зорил­гоор 2011 оны арав­дугаар са­раас эх­лэн “Сэл­­бэ го­лын урсацыг бай­га­лийн аясаар нөхөн сэргээх, урсацыг нэ­мэг­дүүлэх, хам­гаа­лах ажил” тө­сөл хэрэг­жүү­­лэхээр Сүхбаа­тар дүүр­­гийн Бага баянгийн аманд 30 мет­рийн гүнтэй дөрвөн худаг ухжээ. Усан халиа, мөсөн уул үүсгэ­хээс өөр “ид шид” үзүү­лээгүй энэ аж­лыг Монгол Улсын Цэвэр агаар сан­гаас нэг тэрбум төгрөгөөр сан­хүүжүүлсэн байна.

Түүнчлэн “Монгол Ус” төрийн өмчит улсын үйлдвэрийн газар өнгөр­сөн оны арваннэгдүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Босгын гүүр­ний орчимд “Туул голын эхийн цэвдгийг сэргээх” төслийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэл­гээ­ний тайлангүйгээр хэ­рэг­жүүлж байна. Өөрөөр хэлбэл, БОНХЯ, сал­барын сайдын зөвшөө­рөл­гүйгээр энэ ажлыг гүйцэт­гэж байгаа аж. Үүнд мөн л Цэвэр агаар сангаас нэг тэрбум төгрөг зарцуулжээ. Энэхүү төслийн хэрэг­жилт, үйл ажиллагаанд Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо болон хэд хэдэн ТББ-аас мониторинг хийсэн байна. Түүнчлэн Туул голын сав газрын захиргаа, орон нутгийн засаг захиргааны болон иргэдийн төлөөлөл, мэргэжилтнүүд, байгаль орчны улсын байцаагч нарын хамтарсан үзлэг шалгалт хийжээ.  Бодит байдал дээр 30 метрийн гүнтэй гэх дөрвөн ширхэг худаг, газар дээрх хөрөнгө оруулалтын барилгын ма­териалын зарцуулалт, ажилт­нуудын өгсөн мэ­дээ­лэл зэргээс үзэхэд Цэ­вэр агаар сангаас зарцуул­сан хөрөнгө оруулалт сан­хүүжилтээсээ асар ихээр зөрж байгаа аж.

Энэхүү төслийг сай­дын зөвлөлийн хурлаар дэмжээгүй байхад тодор­хой албан тушаалтнууд, тухайлбал БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд нарын Ардчилсан намын “Алтан гадас” фракцын хэсэг нөхөр дур мэдэн, хууль зөрчиж хэрэгжүүлсэн гэх мэдээлэл ч байна. Сал­барын яамных нь нэгэн газрын дарга “Ж.Батболд нарын хэсэг албан ту­шаал­тан намайг ална, тал­на гэж дарамталж байгаад гарын үсэг зуруулсан. Гэсэн ч би энэ төслийг дэмжиж гарын үсэг зурс­ныхаа хариуцлагыг хүлээ­хэд бэлэн” гэж байжээ.