М.ГАН

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Ардын намын бүлгийн 25 гишүүн Засгийн газрын тэргүүнийг огцруулах бичиг өргөн барьсан юм. Байнгын хорооны хэлэлцүүлэгт тус бүлгийн гишүүд, бусад нам, эвслийн бүлгийн гишүүд, бие даагчид нийлсэн нэлээд өргөн бүрэлдэхүүн оролцлоо. Мөн Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын албаныхан, Ерөнхий­лөг­чийн Тамгын газрынхан хуралдааныг ажиглав. Тө­рийн байгуулалтын байн­гын хороо нийт 16 ги­шүүнтэй юм. Үүнд Ард­чилсан намаас байнгын хорооны дарга А.Бакей, гишүүн Ж.Батзандан, Г.Батхүү, М.Батчимэг, Д.Бат-Эрдэнэ, С.Баяр­цогт,  Р.Бурмаа, Р.Гон­чигдорж, Б.Наранхүү, Ч.Сай­­ханбилэг, Х.Тэмүүжин, Д.Эрдэнэ­бат, “Шударга ёс” эвслээс Н.Батцэрэг, Л.Цог, МАН-аас М.Энх­болд нар харъяалагддаг юм.

Хуралдааны эхэнд МАН-ын дарга Ө.Энхтүв­шин Ерөнхий сайдыг огц­руулах үндэслэлээ нэг­бүрчлэн уншиж танил­цуулав.  Сүүлийн хэдэн сар Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд үлэмж доошилж, гадаа­дын хөрөнгө оруулалт буурсан, Хятадын Төрийн тэргүүн Си Жинпинь ОХУ-д айлчилж, БНХАУ, ОХУ төмөр зам, уул уурхайн салбарт хамтран ажиллах чиглэлээр гэрээ байгуулж, нүүрсээ худал­дах, худал­дан авах яриа хэлэлцээ эрчимжүүлж байхад Ерөнхий сайд “Тэр хоёр хүн уулзаа л биз” гэсэн маш хариуцлагагүй, хайнга үг хэлсэн.  Мөн саяхан манай улсад айл­чилсан Туркийн Ерөнхий сайдтай хамт хэвлэлийн мэдээлэл хийх үеэр “Манай туркчууд өвөг дээдсийнхээ нутагт визгүй зорчихоор боллоо” хэмээн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн.

Ууланд авирч хиймо­рио сэргээхээр яваад цасанд боогдсон нэрээр олон хүнийг дагуулж эрс­дэлд оруулав. Ингэснээр олон арван сая төгрөгөөр эрэн хайж, ард түмнийг түгшээлээ. Иймд  ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Ерөнхий сайд Н.Алтан­хуяг удаа дараа Үндсэн хууль зөрчсөн. Монголын үндэсний сэт­гүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн өдөр нэр бүхий кабелийн есөн те­левиз, 16 вэбсайт,  теле­визүүдийг хаасан зэрэг огцруулах үндэслэлийг танилцуулс­ны дараа МАН-ын голдуу гишүүд Ерөнхий сайдад асуулт тавив.

М.Энхболд:

-Үндсэн хууль зөрчиж зарим аймгийн дарга нарыг үүрэг гүйцэтгэгчээр то­милс­ноо юу гэж тайлбар­лах вэ. Яагаад хууль зөрчсөн захирамжаа Цэ­цийн хуралдаан болохоос өмнө цуцалсан бэ. Гадаад харилцаанд хариуцлагагүй мэдэгдэл хийснээ юу гэж үзэж байна. Мөн Засгийн газрын бондын талаар тайлбар өгнө үү?

Н.Алтанхуяг:

-Цаас харж бодитой зүйл яриарай. Би Үндсэн хууль зөрчдөг хүн биш. 2004 онд Ардчилсан нам МАН-тай хамтарч ажиллаж байхад дөрвөн аймгийн Засаг даргыг үүрэг гүйцэтгэгчээр то­милж байжээ.Тэр жиш­гийг дагасан юм. Нэг агент­­лагийн даргыг ч өөр­чилж чаддаггүй Ерөнхий сайдтай байгаад яах юм. Хаврын чуулганы өмнө л Ерөнхий сайдыг хууль зөрчсөн болгож харагдуу­лах ганц цагаан цаас хэ­рэгтэй байсан болохоор би захирамжуудаа хүчингүй болгосон. Орос, Хятад хоёр орны харилцааны талаар би мэдэгдэл хий­гээгүй. Хоёр орны харил­цааны талаар мэдэгдэл хийдэг эргүү Ерөнхий сайд байх уу, байдаггүй юм. Ер нь Орос, Мон­голын харилцааны талаар хэн, юу яриад байгааг тодруул гэж Тагнуу­лын­ханд хэлсэн. Судалсан байна. Надад хоёр цаас өгсөн. Хэн нь юу яриад байгааг хэлчихэж чадна шүү. Гэхдээ энд хэлээд яах вэ. Хуралдаанаа хаалттай горимоор явуулбал ярьж болох л юм. Ер нь “Рос­нефть”-ийн талаар хэн, юу ярьсныг мэднэ шүү. “Ма­най Турк” гэсэн агуулгаар би яриагүй. Тэр бондыг Н.Батбаяр сайд хариул.

Ц.Нямдорж:

-Хамгийн олон удаа огцрох асуудалд орсон хүн би. Хуралдааны горимыг би сайн мэднэ. Миний өмнөөс хэн ч ярьдаггүй байсан. Сайд нар биш Ерөнхий сайд өөрөө хариулах ёстой.

Ч.Сайханбилэг:

-Би хариулаад явж болно. Битгий масктай жүжиг тавиад бай.

Сү.Батболд:

-2012 оны эцсээр эдийн засгийн өсөлт хоёр дахин буурчээ. Макро эдийн засгийн үзүүлэлт буурч буйг юу гэж үзэж байна вэ. Өмнөх Засгийн газар буруутай юм шиг ярьсан байна. Өмнөх Засгийн газрын үед байсан үзүүлэлт одоо буурсан биз дээ. Хэрэв буруу байсан бол бид хамтарч ажилласан шүү. Сүүлийн 4-5 сар л МАН-ын Засгийн газар байсан. Том бүтээн байгуулалтын суурийг бид хамтдаа тавьсан. Одоо хөдлөхгүй болохоор өмнөхийн буруу гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

Н.Алтанхуяг:

-Би найман сар тэвч­лээ. Одоо дуугарах цаг ирж. Би тэвчсэн, одоо алийн болгон баас цэвэр­лэдэг юм. Тавантолгойг хамтраад босгосон. Иргэ­дэд амалсан нэг сая төг­рөгөө өгөх гэж 350 сая ам.доллар зээлсэн. Тэрийг чинь нүүрсээр төлөөд хүч­рэхгүй байна. Хөгжлийн банк ч адилхан. Оюу­толгойгоос хамтраад 250 сая ам.долларын зээл авсан. Үүний өрийг бид одоо төлж байна.

Я.Содбаатар:

-Өнгөрсөн ням гаригт болсон Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтын үеэр та цахим ертөнцөөр сурталчилгаа хийснээ юу гэж тайл­барлах вэ?

Н.Алтанхуяг:

-Саналаа өгөөрэй л гэж уриалсан.