Ө.СОНОР
Монголчууд бид тав дахь төрийн тэргүүнээ ирэх зургадугаар сард сонгоно. Сонгуулийн тов зарлагдсан. Харин одоо парламентад суудалтай намууд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгт хэсэг хэсгээрээ лоббидсон, дунд нь олон төрлийн улс төрийн тоглолт орсон хаврын сүүл сарын өдрүүд үргэлжилж байна. Хэвлэлүүд ч хэн, хэн Ерөнхийлөгчийн сонгуульд санаархаж буй тухай тоймоо хэдийнэ нийтэлж эхэлжээ. АН-ын хувьд одоогийн төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийгоо дахин сойно гэдгээ нэгэнт зарласан гэдгээс өөр олон хувилбар ярилгүй нам гүм байгаа. Харин МАН-аас төрийн тэргүүний сонгуульд нэр дэвших сонирхолтой кандидатууд гарын таван хуруунаас даваад байгаагийн нэг нь Н.Энхболд юм.
Эх сурвалжийн мэдээлснээр мань хүнийг Ц.Элбэгдоржийн эсрэг марафонд гүйлгэхээр нэлээд хүчтэй лобби МАН дунд бий болсон гэнэ. Ингэхэд Н.Энхболд гэж хэн бэ, тэрээр Ерөнхийлөгчид өрсөлдөх хэмжээнд боловсорч гүйцсэн улстөрч мөн үү.
Эдийн засагч мэргэжилтэй, удирдахуйн ухааны магистр тэрээр Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагчаар ажлынхаа гарааг эхэлснээс хойш УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дэд даргын албыг хашиж байсан юм.
Хэдий тийм боловч нам дотроо эхний хэдэд эрэмблэгдэж бусдыг араасаа дагуулсан лидер гэвэл бас үгүй. Товчхондоо бол Н.Энхболд маш сайн гүйцэтгэгч болохоос байлдан дагуулагч улстөрч биш ажээ. Түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ гэхэд элдэв юмтай холбож, идэж уусан бохир үйлдлийг нь илчлээд байхааргүй томоотой хүн байж мэдэх юм. Гэвч намынх нь Бага хурлын гишүүдийн олонхи үг, дуугүй гар өргөж нэр дэвшүүлчихээр гавьяатай дүр ч бас биш. Н.Энхболдыг Төв аймгаас гурван удаа гишүүнээр сонгогдоод байгааг нь үнэлбэл нэлээд тогтвортой улстөрч гэж бодогдоно. Тэрээр тус аймгийн харьяат. Харин аав нь Говь-Алтайн Жаргалантынх, ээж нь Увсын зүүн сумаас гаралтай, өөрөө Завхан аймагт төрсөн намтартай юм билээ. Ингэхээр Н.Энхболд дөрвөн нутагтан ч юм шиг сонирхолтой баримт болж байгаа биз.
Ингэхэд Ө.Энхтүвшин ч биш, Б.Бат-Эрдэнэ ч биш, Ж.Оюунхорол ч биш яагаад Н.Энхболдыг МАН-ынхан Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр хүчтэй лобби хийх болов. Үүний цаана С.Баяр байгаа ажээ. Гадаад орныг олон сар гэрээ болгосон С.Баярын хүн нь Н.Энхболд юм. Сонгуулийн хуулийн дагуу сүүлийн зургаан сар эх орондоо амьдраагүй бол Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй. Иймээс хамгийн сүүлд Хөвсгөлд нэг үзэгдээд алга болсон С.Баярт ямар ч найраа байхгүй юм. Өөрөө нэгэнт боломжгүй тул тэрээр орныхоо хүнийг төрийн тэргүүнд сойх бодлого гаргаж, нам дотроо тактик боловсруулж эхэлсэн бололтой.
Гэтэл энэ бүх үйл явдлын гаргалгаа огт өөр тухай мэдээлэл чих дэлслээ. Энэ нь С.Баяр Н.Энхболдыг сайн гүйцэтгэгч гэдгээр нь бус Ц.Элбэгдоржид тавьж өгч буй “зөөлөн боорцог” гэдгээр нь харж буй явдал гэв. Энд өнөөх л долдугаар сарын 1-тэй холбоотой үүх түүх сөхөгдөж, уг хэрэг хариуцагчгүй хоцрох төлөвлөгөө байж мэдэх гэнэ.
Өөрөөр хэлбэл 2008 оны сонгуулийн дараа гарсан үймээн, таван хүнийг буудаж хөнөөсөн гэмт хэрэг, Оюутолгойн гэрээ гээд С.Баярыг Ерөнхий сайд байх үед болсон үйл явдлууд өөрийг нь буруутан болгоход хангалттай их баримт болж буй бололтой. Харин Н.Энхболдыгоо нэр дэвшүүлэх нь МАН-д болоод Монголын ард түмэнд биш Ц.Элбэгдоржид “бэлэг” болсон С.Баярт ашигтай хувилбар байх тухай улстөрчид сэдэв болгон ярьж байна.