Ц.БАТБОЛД
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг эрүүл мэндийн улмаас Нэгдсэн II эмнэлэгт шилжүүллээ. Түүнийг эмнэлэгт шилжүүлэхээс өмнө намынх нь гишүүд болон дэмжигчид Урьдчилан хорих 461 дүгээр ангийн гадаа ирчихсэн хүлээж байлаа. Тэд шийдвэр гүйцэтгэгч нар ажилдаа цуглахаас өмнө ирсэн гэх. Энэ үеэр Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан хуралдаад үйлчлүүлэгчийг маань эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай гэж үзлээ. Биеийнх нь байдал эрс муудаж тархиараа газар саваад ухаан алдсан юм билээ. Үүнээс болсон юм байлгүй толгой нь маш хүчтэй базалж өвдөөд байгаа талаар хэлж байна. Яаралтай мэргэжлийн эмнэлэгт шилжүүлэхгүй бол сэтгэцэд нь сөргөөр нөлөөлөх аюултай” хэмээн намын гишүүдэд нь цаг үеийн мэдээлэл дуулгаж байв.
Ингээд их үдийн алдад түүнийг эмнэлэг бас цагдаагийн ямар ч хамгаалалтгүйгээр эмнэлгийн зүг авч одсон юм. Түүний хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн гадаа иргэд, дэмжигчид цуглачихсан “Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэснийхээ төлөө шийтгэл хүртсэн хүний сэтгэл санаа эрүүл мэнд ямар олигтой байх билээ. Харин ч маш тэвчээртэй хүн юм. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг тэвчээр заан давж байна шүү дээ” гэцгээж байв. Энэ удаа эмнэлгийн гадаа цагдаагийн болоод шүүхийн шийдвэрийн ямар ч харуул хамгаалалт байхгүй байлаа. Үүнийг иргэд “Шинээр томилогдсон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хүний эрхийг маш сайн дээдэлдэг юм байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байсан бол өдийд цагдаа нарыг хэдэн арваар нь жагсаачихсан байхгүй юу. Хэнтэй ч битгий уулзуулаарай гээд цагдаа иргэдийн дунд үл ойлголцол “тарьчихсан” байх биз. Харин Х.Тэмүүжин мэргэжлийн хуульч гэсэндээ өөр юм” гэцгээж байлаа. Тус эмнэлгийн эмчээс Н.Энхбаярын биеийн байдлыг тодруулахад “Одоогоор түүний өвчний талаар нарийвчлан хэлэх боломжгүй. Бид өвчтнөө хүлээж аваад удаагүй байна” хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Энэ үеэр Н.Энхбаярыг дэмжиж ирсэн зарим иргэдийн байр суурийг сонирхлоо.
“НИЙСЛЭЛИЙН ШҮҮХ ХЭРГИЙГ ЦАГААТГАЖ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ”
Иргэн н.Тунгалагтуяа “Өнөөдөр Н.Энхбаяр даргын эрүүл мэндэд МАХН-ын гишүүд гэлтгүй ард түмэн бүгдээрээ санаа зовниж байгаа. 270 гаруй цагийн хугацааны өлсгөлөнгийн хор уршиг эдгээгүй байгаа энэ үед эмнэлгийн тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгээд ч түүнийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүллээ шүү дээ. Ард түмэн гурван хоног үргэлжилсэн шүүх хурлаас харсан байлгүй. Ямар ч хохирогчгүй хэрэгт улс төрийн захиалгаар буруутан болгосон гэдгийг. Хэргийг бүрдүүлэхийн туулд мөрдөгчид болон прокурор, шүүгчид Эрүүгийн хуулийг зориуд гуйвуулж мушгиж тайлбарласан бас төсөөтэй хэрэглэж Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. Үүнээс гадна манай улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хууль ёсны, үндэслэлтэй байх ёстой тухай заалт бий. Хууль ёсны гэдэг нь шүүн таслах ажиллагаа бүх хууль тогтоомжид нийцсэн байх ёстой. Гэтэл энэ шүүх ажиллагаа алхам тутамдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцийг ноцтой зөрчсөн. Харин үндэслэлтэй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсан байх ёстой. Нотлох баримтыг судлах нь битгий хэл зохиомол хэргээр шууд ялласан. Одоо Нийслэлийн шүүх энэ хэргийг нэн даруй цагаатгаж хэрэгсэхгүй болгох ёстой” гэв.
“ЯМАР Ч ХОХИРОГЧГҮЙ ХЭРЭГТ ГҮТГЭЖ ЯЛЛАСАН”
Иргэн О.Ганбаатар “Н.Энхбаяр даргын биеийн байдал хүнд байгаа. Нарийн мэргэжлийн эмч нарын зүгээс түүний эрүүл мэндийг аюултай нөхцөлд байна гэсэн дүгнэлт гаргасан. Түүний холбогдсон хэргийн шүүх хурлыг би зурагтаар гурван өдөр үзлээ. Ингэж байхад түүнийг улс төрийн захиалгаар зохиомол хэрэгт буруутгасан нь тодорхой харагдаж байна лээ. Ямар ч хохирогчгүй байхад шүү. Нийслэлийн шүүх анхан шатны энэ хууль бус шийдвэрийг даруй өөрчилж шударга үнэнийг тогтоох ёстой” гэв.