Н.МӨНХЖИН

Хойд Солонгосын тал Өмнөд Солонгосын “ба­шир заль мэх”-ийг ил­рүүлж, энхийн хэлэлцээг эхлүүлэх саналыг няцаа­лаа хэмээн Пхеньяны мэ­дээллийн төв агентлаг уламжлав. Өмнөд Солон­госын Ерөнхийлөгч Пак Гын Хе энхийн яриа хэ­лэл­цээг эхлүүлэх санал дэвшүүлсний дотор өнөө­гийн хямралыг хүртэл Өм­нөд, Хойд хоёр хамтран хөгжүүлж ирсэн Кэсоны чөлөөт үйлдвэрлэлийн бү­сийн ажлыг сэргээх асуу­дал байсан юм. Пхеньяны дэглэм Өмнөдтэй бүх ха­рил­цаагаа тасалсны дараа энэ бүсийн үйл ажил­лагааг зогсоосон билээ.

Яриа хэлэлцээг сэр­гээх Сөүлийн санал нь олон нийтийн санаа бод­лыг угаан сөргөлдөөнд хүргэсэн, Кэсоны үйлд­вэр­лэлийн бүсийг хям­ралд хүргэсэн гэмт хэргээ нуун дарагдуулах башир арга залиас өөр юу ч биш хэмээн Хойд Солонгосын эрх баригчид мэдэгдэж байна. Өмнөд Солонгос АНУ-тай цэргийн хээ­рийн хамтарсан сургуулиа үргэлжлүүлж, Хойд Со­лон­госын аюулгүй бай­далд шууд заналхийлсээр байгаа тул яриа хэлэлцээг сэргээх Сөүлийн санал нь хоосон үгнээс цаашгүй хэмээн Солонгосыг эн­хийн замаар нэгтгэх хорооны төлөөлөгч үзэж байгаа аж. Сөүл байр сууриа өөрчилж, сөргөл­дөөн, өдөөн хатгалгаас татгалзсаны дараа л яриа хэлэлцээний тухай ярьж болно, өдөөн хатгалга, яриа хэлэлцээ хоёр зохи­цохгүй хэмээн Хойд Со­лонгосын төлөөлөгч нэмж хэллээ.

Тэр хооронд, Бээжинд айлчилсан АНУ-ын Тө­рийн нарийн бичгийн дар­га Жон Керри Солон­госын хойгийн нөхцөл байдлыг Хятадын талтай нухацтай ярилцжээ. Солонгосын хойг цөмийн зэвсэггүй бүс нутаг байх ёстой гэдэг дээр Америк, Хятад хоёр санаа нийлж байгаа хэ­мээн Ж.Керри мэдэгдэв. Мөн АНУ энэ бүс нутаг дахь пуужингаас эсэргүү­цэн хамгаалах системээ хүчирхэгжүүлэхээс тат­гал­заж болно гэдгийг Тө­рийн департаментын тэр­гүүн хятадуудад амласан аж. Пентагон пуужингаас эсэргүүцэн хамгаалах сис­темийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага­тай хэмээн үзэж байгаа тул АНУ-ын Төрийн на­рийн бичгийн даргын энэ амлалт зөрчигдөж болно хэмээн “The New York Times” сонинд бичжээ. Америкууд Хойд Солон­госын заналхийллээс бус, харин Хятадын өсөн нэмэг­дэж цэргийн хүчин чадлын улмаас пуужин­гийн системээ хүчирхэг­жүүлэх бодолтой байгааг тус сонин онцолсон байна.