М.ГАН

Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт уржигдар болж Ардын намаас нэр дэвшигч Д.Сумъяабазар олонхийн санал авсан байна. Тойргийн хороо ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа Төрийн ордонд мэлээлэл хийх үеэрээ дахин санал хураалт хууль зөрчсөн байж болзошгүйг хэлэв.

Харин Тойргийн хо­рооны дарга М.Баасан­дорж сонгууль будилаангүй болж, дүнгээ эцэслэх гэж буйгаа мэдээлэв. Дахин санал хураалт өглөөний 07:00 цагт  эхэлж, оройн 20:00 цагт дууссан байна. УИХ-ын сонгуулийг явуулсан цагтай яг адил. Гэвч дахин санал хураалтыг үдшийн 22:00 цагт хаах ёстой байсан гэнэ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн дахин санал хураалтыг явуу­лахдаа орон нутгийн сонгуультай давхацсан тул санал таслах цагийг 22:00 болгон хуульд өөрчлөлт оруулсан гэнэ. Тухайн үед хоёр сонгуулийн цагийг нэгтгэх зайлшгүй шаард­лагатай хэмээн УИХ-аар ингэж шийдсэн юм. Тэгэхээр Сонгино­хайр­ханд болсон дахин санал хураалт хууль зөрчсөн тухай УИХ дахь Ард­чилсан намын бүлгийн гишүүд мэдээлэв. Харин Ардын намын бүлгийн дарга Н.Энхболд “Манай нэр дэвшигч ялсан. УИХ-ын сонгуулийн үргэлжлэл учир ямар хуулиар явуулсан нь ойлгомжтой. Тэгээд ч санал таслах цагийг тойргийн хороо тодорхой мэдэж зохи­цуулдаг” гэв. Ардчилсан намын бүлэг Тойргийн хорооны даргыг бу­руут­гаж, хариуцлага тооцож, дахин санал хураалтыг хүчингүйд тооцох ёстой гэж үзэж байгаа аж.

Харин УИХ-ын сон­гуу­лийн 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулах үндэс­лэлгүй гэдгийг тус тойр­гийн хорооны дарга М.Баа­сандорж хэллээ. Дахин санал хураалтыг анхнаасаа 07:00-20:00 ца­гийн хооронд явуулахаар зарласан гэдгийг тэрээр онцлов.

Сонгуулийн ерөнхий хороо Тойргийн хороонд мэргэжил арга зүйн тус­лал­цаа үзүүлж ажиллаж хуультай. Хэрэв хууль зөрч­сөн нь үнэн бол Тойр­гийн хороонд анхнаасаа сануулах ёстой байв. Тойр­гийн хороо хууль зөрчсөн бол СЕХ-ны удирдлагууд ч хариуцлага хүлээх учиртай. Санал авах цаг 07:00-20:00 гэсэн шторкыг телевизээр олон удаа цацсан. Үүнийг СЕХ ажиглаж, мэдэх ёстой байв.

Энэ бүхэнтэй холбоо­той улс төрийн хүрээнд ч яриа таржээ. Дээрх үйл явдал СЕХ-ны дарга Ч.Сод­номцэрэнг огцруу­лах нэг үндэслэл болж таарна. Энэ нь удах­гүй болох Ерөн­хий­лөгчийн сонгуультай хол­боотой гэнэ.  Ч.Содном­цэрэнгийн оронд Төрийн тэргүүний сонгуулийг зохион байгуу­лах хүн очих ёстой. Тэр нь СЕХ-ын нарийн бичгийн дарга Б.Алтанжаргал аж. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­­доржийн төлөө­ний хүн гэсэн мэдээлэл байна.