М.ГАНЦЭЦЭГ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн суудал ганхаад хэд хонов. Бурхан Халдунд авирснаас хойш нэг л биш боллоо. Түүний суудал өнцөгдсөн бололтой. Ерөнхий сайдыг огцруулах хэд хэдэн үндэслэл буйг Ардын намынхан гаргаж ирсэн. Гэвч огцруулах үндэслэл нь түүнийг унаасай гэж буй хүмүүст сонин биш. Харин дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ, шинэ Засгийн газрын бүтэц ямар байх, эсвэл хэн нэгний хүсэл сонирхол энд илүү чухал. Учир нь Ерөнхий сайд байх дуртай, сайд болох сонирхолтой хүмүүс Ардчилсан намд олон бий.
Ерөнхий сайдыг огцруулах бичигт МАН-ын 25 гишүүн бүгд гарын үсэг зурсан ч гол автор нь МАН доторх хотын фракц гэнэ. Илүү тодруулбал, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, экс дарга Сү.Батболд, М.Энхболд гээд цааш явна. Гэхдээ хотын фракцын гишүүд УИХ дахь бүлэг дотор олуулаа биш. Тэд сүүлийн үед Ерөнхийлөгчтэй нэлээд “найзалдаг” болсон сурагтай. Ерөнхий сайдыг огцруулах тэдний саналыг Ерөнхийлөгч дэмжиж буй гэх.
МАН-Д АШИГТАЙ, АШИГГҮЙ
МАН Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргаснаараа улс төрийн тавцанд нэр хүндээ буцаан олж авахад ашигтай байв. Н.Алтанхуягт хариуцлага тооцож, огцруулж чадвал хүчтэй сөрөг хүчин гэж ард түмэнд таалагдана. Тэд энэ санаачилгаа Ерөнхийлөгчтэй тохирсон шалтгаан нь ирэх Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэсэн таамаг улс төрийн хүрээнд байгаа нь нууц биш. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намаас нэр дэвшвэл түүний өрсөлдөгч хэн байх вэ гэдэг нь Ардын намд ч, олон нийтийн дунд ч таамаг дагуулсаар. МАН-аас хүчтэй өрсөлдөгч гаргахгүйн тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд тал засч буй гэнэ. Н.Алтанхуягийг суудлаас нь буулгаж чадвал МАН-ынханд унасан рейтингээ өсгөх сайхан боломж. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлалаа алдана. Гэхдээ МАН-ынханд өөр хувилбар үлдсэн байж магадгүй.
ЕРӨНХИЙЛӨГЧИД АШИГТАЙ, АШИГГҮЙ
“Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардын намын хүчтэй кандидатыг дарахын тулд тэдэнтэй сүлбэлдэж, Ерөнхий сайдыг огцруулах санаачилгыг нь дэмжсэн бололтой” гэж хардах хүмүүс байна. Түүний хүчтэй өрсөлдөгчийн нэг нь Ардын намаас гарч таарна. Иймд тус намын хотын фракцтай Ерөнхийлөгч албан бусаар нийлэхэд болохгүй гэх газаргүй. Ерөнхий сайдыг огцруулж чадвал Ц.Элбэгдоржид туйлын ашигтай ч байж болох юм. Нэг намын угшилтай Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж шударга үнэнч болж харагдана. Гэхдээ нам дотроо нэр хүндээ алдаж магад. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой хүн Ардчилсан намд мэр сэр байдаг. Ардын намыг дарж авсан ч гэлээ цаана нь бусад намын хүчтэй өрсөлдөгч бас байгааг тэр мартах учиртай. Хэдий тийм боловч Н.Алтанхуяг байрандаа үлдсэн ч Ц.Элбэгдоржийн нэр хүнд нэг их муудахгүй байх.
АРДЧИЛСАН НАМД АШИГТАЙ, АШИГГҮЙ
Ардчилсан нам Ерөнхий сайддаа хариуцлага тооцож чадвал мөн л шударга гэсэн үнэлгээ авна. Тус нам дотор МАН-ын хотын фракц болон Ерөнхийлөгчтэй нийлэх хүмүүс бий. Төрийн тэргүүнийг дэмждэг Х.Баттулга тэргүүтэй МоАХ фракцынхан байдаг. Хоёрдугаар ээлжинд дугаарлачихсан, сайдын сандалд санаатай хүн ч олон бий. Дараагийн ээлжинд сайд болох сонирхолтой хэдэн хүн нийлээд МАН-ын 25-ыг дэмжиж, бие даагч гурав, ИЗНН, “Шударга ёс” эвслийг шинэ Засгийн бүрэлдэхүүнд багтаах тохироо хийсэн байж магадгүй.
Энэ удаад МАН зөвхөн Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан. Хэрэв Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдхүүнээрээ огцордог хуультай. Гэхдээ шинэ Ерөнхий сайд нь танхимаа бүрэлдэхүүнээр нь улирааж болдог жишиг өмнө нь С.Баяраас Сү.Батболдод Засгийн эрх шилжих үед тогтсон юм. Ийм жишгээр “Шударга ёс” болон ИЗНН, бие даагчдын багийг Засагт үлдээж, Ардчилсан намаас шинэ Ерөнхий сайд, сайд нар төрөх магадлал байж болох юм. Энэ магадлалын онол үнэн болж дуусвал богино зайнд нэлээд хэдэн хүнд ашигтай боловч алсдаа Ардчилсан намын рейтинг суларна.
МАХН-Д АШИГТАЙ, АШИГГҮЙ
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн дээрх асуудлаар байр сууриа нэгтгээгүй байна. Шийдвэр гаргах эрхийг эвслийн Удирдах зөвлөлд өгсөн байна. Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухайд эвсэл доторх хоёр нам өөр, өөр байр суурьтай гэх. МАХН дэмжиж, МҮАН татгалзаж буй тухай мэдээлэл л бий. Шадар сайд Д.Тэрбишдагва огцруулах үндэслэлийг олж хараагүй гэдгээ хэвлэлд ярьжээ. Тэрээр Засгийн газрын бүрэлдэхүүнд буй МАХН-ын төлөөлөл. Тэр ингэж ярих ёстой, бас үүрэгтэй. Үүнээс өөрөөр ярьж ч чадахгүй биз. Гэвч кноп дарахдаа өөр сонголт хийж болзошгүй. Засгийн бөөрөнд наалдсан жижиг намууд улс төрийн тоглолт хийхдээ гаргууд, тэд сайдын суудал наймаалцахдаа сийхгүй. Угаас Ардчилсан нам олонхи болж чадаагүй учир “Шударга ёс” эвсэлгүйгээр ажлаа үргэлжлүүлэх боломжгүй гэдэг.
Тус эвслийнхэн шинэчлэлийн Засгийн газрын ажлыг дүгнэж, цэгнэж үр дүнг хэлэлцэх шаардлага байгааг өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байдаг. Бүлгийн энэ шийдвэр нэгийг хэлсэн биз. Ерөнхий сайд огцорсон ч, суудалдаа үлдсэн ч МАХН-д алдах юм болоод ашиг хонжоо төдийлөн харагдахгүй байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх тухайд УИХ дахь нам, эвслийн бүлгийн дүр зураг ийм. Энэ долоо хоногт хэлэлцэх гол асуудал энэ. УИХ-ын дарга ч хэлэлцүүлгийг шуурхай зарласан байна лээ. Өнөөдөр энэ тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ. МАН-ын байр суурь тодорхой, харин “Шударга ёс” эвслийнх өнөөдөр ил болох бололтой. Эрх баригч Ардчилсан намынхан энэ тухай ам нээгээгүй байна. “Огцруулах шаардлагагүй” гэж хэн нь ч зоригтой хэлж чадахгүй байгаа юм. “Бүлгийн хуралдаанаар хэлэлцээгүй учир тайлбар хийх боломжгүй” гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд хэлж байлаа. Эндээс харахад тус намын гишүүдийн байр суурь нэгдээгүйг илтгэнэ.