-Таван сайдыг томилов-
Б.НЯМСҮРЭН
Шинэчлэлийн тодотголтой Засгийн газар өчигдөр таван сайдаа угтаж авлаа. МАХН-МҮАН-ын “Шударга” ёс эвсэл, ИЗНН-аас Засгийн газарт ажиллах таван сайдыг өчигдөр байнгын хороодоор хэлэлцэж, УИХ томилсон юм.
Ерөнхий сайдын баруун гар болж ажиллах Шадар сайдаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дэд дарга Д.Тэрбишдагвыг, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг, Эрүүл мэндийн сайдаар Н.Удвалыг, Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн М.Сономпил, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдаар ИЗНН-ын дарга С.Оюун нарыг томиллоо. Нэр дэвшсэн сайд нарыг байнгын хороодоор хэлэлцэж, дараа нь УИХ-ын чуулганаар баталсан юм.
Байнгын хорооны хурлын үеэр гишүүд асуулт хариулт, саналгүйгээр нэр дэвшигчдийг дэмжсэн бол чуулганы хуралдаанд оролцсон гишүүд зарим сайд нарын хийх ажлын талаар тодруулж байлаа. Ялангуяа гишүүдийн олонх нь Эрүүл мэндийн салбарыг онцгой анхаарах ёстойг сануулж, энэ салбарт хийх шинэчлэлийн талаар нэр дэвшигч Н.Удвалаас цөөнгүй асуулт асууж, санал хэлэв.
УИХ-ын гишүүн А.Бакей:
-Эрүүл мэндийн үйлчилгээ муу байгаа атлаа авлига, хээл хахууль байдаг талаар иргэд үргэлж ярьдаг. Үүнийг өөрчлөхийн тулд ямар шинэчлэл хийх вэ. АН-ын мөрийн хөтөлбөрт Монгол хүн-2020 гэсэн бүхэл бүтэн бүлэг багтсан. Эндээс авч хэрэгжүүлэх үү?
-Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Удвал:
-Эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Хүний эрүүл мэнд суурь эрх гэдгийг ойлгосон цагт шинэчлэл бүрэн хийгдэх учиртай. Гэхдээ эрүүл мэндийн салбарыг нэг асуудлын хүрээнд авч үзэх боломжгүй. Багаж, эмч, барилга байснаар асуудал шийдэгдэхгүй. Чанартай үйлчилгээ хийхэд бодлогын төвшинд өөрчлөлт хийнэ. Эвслийн Засгийн газарт гэрээ байгуулахдаа АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ хийсэн учраас шинэчлэлт хийнэ гэв.
Мөн УИХ-ын гишүүд хөдөө орон нутгийн эмч нарыг чадавхижуулах, эмчийн ёс зүйг чанд сахиулах, эрүүл мэндийн салбарт байгаа авлигын асуудлыг багасгах, эрүүл мэндийн даатгалаар бодитой тусламж үйлчилгээ авч чаддаг болох зэргийг шинэ сайд Н.Удвалд захилаа.
Түүнийг гишүүдийн 92,3 хувийн саналаар дэмжсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг Шадар сайдаар томилуулах тухай хуулийн төслийг гишүүдийн 92.7 хувийн саналаар, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн С.Оюуныг гишүүдийн 100 хувийн саналаар, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох тухай, Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн М.Сономпилийг томилох тухай саналыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж баталлаа.