Америкийн сагсан бөмбөгч Деннис Родман ирэх наймдугаар сард Хойд Солонгост дахин очиж Ким Чен Унтай уулзахаар бэлтгэж байна. Хойд Солонгосын залуу лидер, НБА-гийн од хоёрын өмнөх уулзалт өнгөрсөн гуравдугаар сарын эхээр болж Ким Чен Ун түүнийг Пхеньяны удирдагчийн хувиар хүлээн авсан билээ.

Д.Родман “Айлчлал болтол зай ч байна. Бид цагийг зугаатай өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа” гэхээс өөр зүйл ярьсангүй. “Детройт Пистонс”, “Чикаго Буллз” багт тоглож байсан Родман Ким Чен Уныг хүндэлдэг, миний найз хэмээн ярьж байсан удаатай. “Ким Чен Ун АНУ-тай дайтахыг хүсдэггүй. Тэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа. Б.Обама өөр рүү нь утасдаасай гэж тэр хүсч байна. Энэ үгийг намайг боломжоороо АНУ-ын Ерөнхийлөгчид дамжуулж өгөөрэй гэж хүссэн” хэмээн Деннис Родман ярьжээ. Д.Родман плей-оффийн тоглолтод самбараас бөмбөг авалтаар НБА-гийн түүхэнд тэргүүлдэг билээ.