Н.МӨНХЖИН

Грекийн алдартай тэр­бумтан Аристотель Онас­сисийн арлыг Оросын тэрбумтан, бизнесмэн Дмитрий Рыболовлев худалдаж авлаа хэмээн “Forbes” сэтгүүл мэдээ­лэв. Арлыг ямар үнээр худалдсаныг нууцалж бай­­гаа ч хамгийн багадаа 100 сая доллар хүрсэн хэмээн таамаглаж байна. Тэрбумтан Рыболовлев өөрөө бус, харин түүний охин Екатеринагийн удирд­даг нэгэн компани Аристотель Онассисийн ач охин Афина Онассис Русселээс уг арлыг худал­дан авчээ.

Орос тэрбумтны өөрийн болгосон арал нь Ионийн тэнгист байр­ла­даг, Скорпиос, Спарти хэмээх хоёр арал аж. 1968 онд Аристотель Онассис, АНУ-ын тэргүүн хатагтай асан Жаклин Кеннеди нарын хурим тэнд болс­ноор Скорпиос арал дэл­хий нийтэд алдаршсан юм. Скорпиос арал дээр мөн Онассисийн гэр бүлийн бунхан байдаг бөгөөд 1975 онд онд нас барсан Арис­то­телийг энд оршуулсан байна. Афина Онассис уг арлын хажууд орших Спар­ти арлыг мөн худал­даанд тавьж байжээ. Арис­тотель энэ арлыг хүүдээ зориулан худалдан авч байв. Гэвч Грекийн эрх баригчид Афина Онас­сисийн бразил нөхөр Аль­варо Мирандад Грекийн иргэншил олгохоос тат­галз­саны дараа энэ арлыг худалдаанд тавьж, Роман Аб­рамович, Билл Гейтс, Ма­донна нар сонирхож бай­сан ч худалдаж аваагүй юм.

Дмитрий Рыболовлев “Forbes”-ийн тэрбумтны жагсаалтад 13-р байр эзэл­дэг. Түүний хөрөнгө 9.1 тэрбум доллараар үнэлэгд­дэг байна. Тэрээр “Урал­калий” компанийг эзэм­шиж байсан ч 2010 онд компанийнхаа хувцааны хяналтын багцыг Дагес­таны тэрбумтан Сулейман Керимов тэргүүтэй хө­рөнгө оруулагчдад худалд­сан аж.

Рыболовлев эдүгээ Bank of Cyprus болон хөлбөмбөгийн “Монако” клубын хувьцааг эзэм­шиж, үл хөдлөх хөрөнгийг идэвхтэй худалдан авсаар байна. 2011 онд тэрээр Нью-Йорк хотын Ман­хеттанд 88 сая доллараар охиндоо байр худалдан авч дэлхий нийтийг ангайл­гаж байв. Энэ нь Нью-Йорк хотын түүхэнд хам­гийн үнэтэй наймаа болон тэмдэглэгдэн үлджээ.