
Л.ЭНХТУЯА
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалт өчигдөр боллоо. Дахин санал хураалт өглөөний 07:00 цагаас эхэлж оройн 20:00 цаг хүртэл үргэлжлэв. УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хороо 32 хэсгийн хороотой бөгөөд сонгогчдын нэрсийн жагсаалтад 179 мянга 824 иргэн бүртгүүлжээ. Тус тойрог гурван мандаттай, хоёр нь УИХ-д сонгогдсон юм. Гурав дахь мандатын төлөө Ардчилсан намаас Л.Эрхэмбаяр, Ардын намаас Д.Сумьяабазар нар өрсөлдөж байна. Тэд өнгөрсөн оны долдугаар сард болсон УИХ-ын сонгуулиар 28-аас дээш хувийн санал авч чадаагүй учир дахин санал хураалтыг явуулж байгаа нь энэ. Дахин санал хураалтад улсын төсвөөс 397,4 сая төгрөг зарцуулж байгаа юм. Гэвч энэ мөнгийг дахин санал хураалтад хүрэлцэхгүй гэж Тойргийн хорооны дарга өнгөрсөн баасан гаригт мэдээлж байв.
26 дугаар тойргийн хорооны 45 дугаар хэсгийн хороонд очиход голдуу ахмадууд, дундаас дээш насныхан саналаа өгч байлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 12:00 цагт тус хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Тойргийн хорооноос 16:00 цагт мэдээлэл хийсэн бөгөөд нийт сонгогчдын 25 хувь нь саналаа өгчээ. Гэхдээ дахин санал хураалтад ирц хамаардаггүй. Зөвхөн сонгуульд оролцон санал өгсөн иргэдийн олонхийн саналыг авч чадсан нэр дэвшигч ялах юм. Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын 75 дахь гишүүн сонгогдох учиртай. Саналын хуудсыг автомат машинаар уншиж, тоолох учир сонгуулийн дүн өнөөдөр тодорхой болчихно.
Тус тойргоос МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Д.Тэрбишдагва, Ардчилсан намаас Л.Эрдэнэчимэг нар УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа юм. Сонгинохайрханчуудын гурав дахь төлөөлөл өнөөдөр тодорч, Л.Эрхэмбаяр, Д.Сумъяабазар хоёрын нэг нь УИХ-ын танхимд суух эрхтэй болно.