Гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор  Л.Жамбал­жавтай цаг үеийн асуудлаар   ярилцлаа. Тэрээр сүүлийн хоёр жил экс Ерөнхийлөгч Н.Энх­баяртай ойр байж, түүнтэй олон удаа уулзаж байсан хүний хувьд  бие, эрүүл мэндийнх нь талаар тодорхой мэдээллийг олон нийтэд хүргэж байсныг уншигчид сайн мэднэ. Энэ удаа ч мөн тэр сэдвээр ярилцлаа.

 

-МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын  эрүүл мэнд тун хүнд байгаа, шоронгийн өрөөнд ухаан алдаж унасан гэсэн  мэдээлэл байна. Та сүүлийн хоёр жил түү­нтэй ойр байж, олон удаа уулзаж ярилцаж байсан  хүний хувьд юу гэж үзэж байна?

-Үүнийг хэлэхээс өмнө ерөөс тэр хүний биеийн байдал  сүүлийн үед ямар байв. Шоронд хоригдохын өмнөхөн  ямархуу байдалтай байсан бэ гэдгийг хэлэх хэрэгтэй байх.  Би  тэр хүнтэй сүүлийн хоёр жил орчим ойр байж уулзаж ярилцаж байгаа. Биеийнх нь байдал эхлээд ямар бай­сан, одоо ямархуу байгааг сайн мэднэ. Хүний биеийн байдлыг үнэлэх, дүгнэх талд   би насаараа эмч хийсэн хүний хувьд хэлж чадна. Тэр тусмаа  би  дандаа хүн эмчилдэг эм­чилгээний эмч, хүний байдал муудаж, эрхтэн системийн доройтолд орж, түүнийг нь огтолж хаяж мэсээр эмчилж, эсвэл үхлийн байдалд орсон  хүнийг сэхээн амьдруу­лах, эрчимт эмчилгээнд оруулахад хөлс хүчээ шав­хан  зүтгэж  ирсний хувьд тухайн хүний биеийн бай­дал ямар  байсан,  одоо ямар байгаа, цаашид хэр­хэх вэ гэдгийг сайн мэднэ. Тиймээс  Н.Энхбаяр дар­гын бие  өнөөдөр ямар төвшинд байна, ер нь ямар­­хуу биетэй хүн бай­сан бэ гэдгийг би хэлж чадах юм. Би үүнийг ямар нэгэн улс төрийн байр сууринаас биш эмч хү­нийхээ хувьд  ярьж хэлж байгаа.

 Өнөөдөр олон эмч, иргэн надад хандаж байна. Би өнгөрсөн дөрөв­дүгээр сарын 13-нд   Н.Энх­баярыг  баривчлаг­даж  шоронд орсноос хойш үгээ хэлж байсан.  Би эмч хүн учраас  тэр хүний бие эрүүл мэндэд санаа тавь­сан олон хүн надад хандаж байгаа. Н.Энхбаяр даргын хувьд биеийн тамираар хичээллэдэг, архи,тамхи хэрэглэх зэрэг хорт дадал байхгүй, уулын спорт, усанд сэлэлт, дугуйн спор­тоор хичээллэдэг. Эрүүл чийрэг, сэтгэл санааны хувьд ч тайван тогтуун хүн байсан. Ямар нэгэн урхаг гажиг байхгүй. Хууч гэхээс насны онцлог, ясны сийрэгжилтийн зүй­лүүд бол байсан. Өмнө нь цөсний чулууны хагалгаа хийлгэсэн. Сэтгэл санаа, тархи мэдрэл бүгд хэвийн байсан. Гэтэл өнгөрсөн дөрөвдүгээр сард баривч­лагдаж, шоронд хоригд­соны нөлөөгөөр хөдөлгөөн, хоол тэжээл  хязгаарлаг­даж, дээр нь сэтгэл зүйн дарамтанд орсон. Би тэ­гээгүй гээд байхад “Чи тэгсэн” гээд ял тулгаад байхаар тэр хүн “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу”  гэгчээр ямар бай­далд орох нь ойлгомжтой. Тийм хэцүү үед тэр хүн өөрийн шударга үйлсийн төлөө, үзэл бодлоо хам­гаалж, өөрийн амь насаар дэнчин тавьж   өлсгөлөн зарлаж тэмцсэн. Энэ бол дэлхийн нийтэд байдаг жишиг. Үзэл бодлоо хам­гаалахын төлөө зарим нь хүн алж, хүрээ талж дайр­даг бол Н.Энхбаяр тэ­гээгүй, тэр өөрийнхөө амь насаар дэнчин тавьж, “Та нар минь ойлгооч дээ, үнэн байдал ийм шүү дээ. Шударга биш байна шүү” гэдгээ тэгж илэрхийлсэн.  Амаараа хэлээд ойлгохгүй болохоор бие махбодиороо хэлье, анхаарч, ойлгож  үзээч гэж тайван замаар тэмцэж  өлссөн. Эцсийн эцэст хүн төрөлхтөнийг авч яваа зүйл бол хүнлэг үзэл. Үүгээр тэр хүн тэмцсэн. Энэ тэмц­лийн дүнд биеийнхээ жинг 15-16 кг алдсан, бүх бие нь усгүйдсэн. Бүх биеийн эд эсүүд үхэжсэн. Элэг, бөөрний үйл ажил­лагаа дордсон. Зүрхний үйл ажиллагаа муудсан. Цусан хангамж муудсан, тархины цусан хангамж багасч, эд эсүүд нь үхжиж эхэлсэн. Царай зүс нь хүртэл ямар болсныг та нар мэдэж байгаа шүү дээ, үхлийн байдалд хүрснийг.

-Одоо биеийн байдал нь ямар байгаа бол. Танд мэдээлэл байна уу?

-Би түрүүнд хэллээ,  хүний тархи цусан хан­гамжгүй болж  5-6 минут зогсох юм бол цааш тэ­сэхгүй. Зүрх, бусад эрхтэн хэчнээн ажиллаад нэ­мэргүй. Гэтэл, Н.Энхбаяр өлсгөлөнгийн үед ингэж зүрхний болоод тархины цусан хангамжийн дутаг­далд орсон. Тархи нь ха­ваг­наж, эд эсүүд үхэж, зарим хэсэгт судасны бөг­лөрөл өгсөн. Өлсгөлөн зогссоны дараа ч тэр үйл ажиллагаа үргэлжилсэн. Хоёр дахь удаагаа шоронд хоригдохын өмнө тархины цусан хангамж  тэр чи­гээрээ өөрчлөлттэй байсан. Чухам тэнд хаана нь юу болсон байна вэ гэдгийг өндөр хөгжилтэй оронд нарийн шинжил­гээ­гээр  гаргана уу гэхээс манай нөхцөлд бо­ломжгүй. Тэр байтугай өрөөсөн талын хөл, гар нь мэдээгүй шахам, саа­жилттай, бие нь тааруу  байсан. Өөрөөр хэлбэл, бие нь сэргэж чадаагүй байсан. Би хавар эрүүл мэндийнх нь талаар мэдээлэл хийхдээ  “Биед нь маш их өөрчлөлт бол­сон. Энэ өөрчлөлт наана­даж 1.6 жил, цаанадаж 2-2.5 жилийн дараа хэ­вэндээ орно” гэдгийг олон удаа  хэлсэн. Биеийн байдал хүнд байгаа ийм үед дахиад шоронгийн нөхцөлд хорих юм бол ямар байх вэ. Хөдөлгөөн, хоол тэжээл, сэтгэл санааны хүнд байдалд орчихлоо. Хоёр өдрийн өмнө шоронгийн өрөөнд ухаан алдаж унасан байна. Энэ бол тархины гэнэтийн саатал, үхэлд хүргэх үхжилт явагдаж байна гэсэн үг. Цаашид энэ бай­дал эмзэг явагдаж байна.

-Шоронгийн эмнэлэгт эмчилгээ хийж байгаа гэсэн. Тэр талаар та эмч хүний хувьд ямар дүгнэлт хийж байна, юу хэлэх вэ?

-Хүнд хамгийн гол нь эрүүл мэнлийн асуудал чухал. Эрүүл мэндийн тухай Хууль зүйн  сайдын тушаал бий. Түүнд тухайн хүн ялтай байлаа ч шоронд хорьж болохгүй,  тэр бүү хэл суллах тухай  өвчний жагсаалтууд хүртэл бий.

Тархи мэдрэлийн сис­темийн саажилт чинээн­дээ тулчихаад байхад шо­р­онгийн эмнэлэгт эмчилж байгаа  гээд байлгаад байж  болохгүй. Гэтэл тэнд очсон эмч “Тэнд өвчний түүх ч нээгээгүй байлаа” гэж хэлж байгаа шүү дээ. Өвчний түүх нээгээгүй юм чинь ямар ч эмчилгээ хийг­дээгүй  гэсэн үг. Эм­нэлэгт хэвтэхэд хамгийн түрүүнд тариа хийдэггүй, өвчний түүхийг  бичдэг  биз дээ. Ийм хариуц­лага­гүй, тэгээд тийм өвчтэй  шоронгийн хүнд нөхцөлд байлгаж байна гэдэг хүн­лэг бус, маш харгис үзэл. Тиймээс эмч нар тэр асууд­лаар мэдээлэл  хий­сэн. Эмч бид нэр алдар, ашиг хонжоо хайж явдаг­гүй, хүний төлөө зүтгэдэг хүмүүс. Мэргэжлийн хү­ний, эмч хүний хувьд хэ­лэхэд, Н.Энхбаярыг уна­хад нь яаралтай эмчилгээ хийх байлаа, унасны да­раагаар эмнэлэгт шил­жүүлж, онош тодруулах эмчилгээ хийх байлаа гэд­гийг хэлэх байна.  Гэтэл хүчилтөрөгчийн дутагдалд орлоо гээд өнгөрч байгаа нь зүй бус юм. Энэ  байд­лыг “Агаар дутагдлаа, ми­ний хүү цонхоо онгойл­гочих” гэж эмээ нарын ярьдаг үгээр тайлбарлаж болохгүй. Тэр хүчилтөрөг­чийн дутагдал биш, хүний биед байгаа маш том өөрчлөлтийн наад захын жижиг хэсэг. Өнөөдөр Монголын ард түмэнд биш гэхэд гэр бүлд нь энэ хүний эрүүл мэнд хэрэгтэй. Хариуцлагагүй байдалд хүний амь нас хохирох гэж байхад эмч бид өргө­сөн тангарагийн­хаа үүд­нээс  ярьж хэлэх үүрэгтэй. Олон эмч хэлж байгаа, хэрэв тэр хүний амь нас хохирвол, эсвэл тэр байд­лаас үүдэж, эрхтэн дутуу болчихвол, тэр асуудлыг хариуцаж бай­гаа хүмүү­сийн хариуц­лагагүй бай­дал гэдгийг. Хууль руу чихэх ямар ч үндэслэл байхгүй. Хуу­лийг хэрэг­жүүлж байгаа хүмүүс хариуц­лага хүлээх ёстой. Эмнэлгийнхэн, Эрүүл мэн­дийн яамны комисс шийдчихээд бай­хад яагаад тэр хүнийг гаргахгүй бай­на. Энэ бол гэмт хэрэг. Саатуулж байгаа тэр хүмүүс хүний амины төлөө хариуцлага хүлээх ёстой.  Хэрэв ийм тохиолдол гарвал эмч нар олон улсын шүүхэд хандана. Тийм ч ёстой юм. Тиймээс би олон нийтэд хандаж дахин  уриалж байгаа нь энэ юм.

-Таныг  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсан гэж сонссон?

-Миний бүх л амьд­ралын турш надтай ямар хүн харилцаж байсан гэ­вэл, өвдөж зовсон, шанал­сан, зовлон зүдгүүрт уна­сан, ядарсан зүдэрсэн хүмүүс л байсан. Шуудхан хэлэхэд өнөөдөр албан тушаал, эрх мэдэлтэй,  хөрөнгө, мөнгөтэй хүмүүс над дээр ирж байгаагүй. Тэдэнд тийм шаардлага ч байхгүй. Харин би хүн эмчилдэг, эмнэлгийн ажил­тан учраас хүмүүс  өвдөж, зовохоороо  над дээр ирж байсан. Би амьд­ралынхаа туршид тийм л хүмүүсийн төлөө явсан. Өнөөдөр эрх мэдлийн туйлд гарч ирсэн АН -тай ч  гэсэн би ядарч  зүдэрсэн, гудамжинд явахад  нь уулзаж, нөхөрлөж байсан. Тиймээс, энэ намын тол­гойд байж, Ерөнхийлөгч  болж Монгол Улсын тол­гойд гарч ирсэн Ц.Элбэг­доржид ч гэсэн энэ ярилц­лагаараа хэлэх үг байна. Өнөөдөр Ерөнхийлөгч болж, эрх мэдлийн толгойд гарсан тэр хүн дээр би очиж уулзаагүй, юу ч  гуйгаагүй. Харин ядарч, зүдэрч  албан тушаалгүй  явахдаа Хар хорины замд  осолд орж,  гэмтээд ирэхэд нь би түүн рүү очиж  бай­сан. Миний эмчийн  үүрэг ч тийм байсан. Бум бужиг­наж, түм түжинэсэн  ул­сын баяр наадмын   талбай дээрээс  гэр бүл, ач зээгээ хүний машинд дайж явуул­чихаад өөрөө  Гэмт­лийн эмнэлэг  рүү  гүйж очоод, Ц.Элбэгдоржийг сахиад сууж байлаа. Биеийн байдлын тухай журмын нөхөд, гэр бүл нь “Тархинд нь цус харва­чихсан уу, үгүй юу”  гээд ирэхэд   одоо төрийн сайд байгаа энэ эрхмүүдэд би биеийнх нь байдлын тухай мэдээлэл хийгээд зогсч байсан. Тэгээд би дэргэд нь байж, биеийг нь эм­чилж, хамгийн гол нь сэтгэлийг нь засч байсан. Тэр үед сэтгэл санаа нь хүнд байсан. Хажууд нь явсан жолооч  нас барчих­сан, өөрөө гэмтсэн. Тэр хүний сэтгэл таатай бай­гаа­гүй. Тэр үед би сэтгэ­лийг нь засч “Сэтгэлээ барь, бие чинь гайгүй. Энэ зун манай Гэмтлийн эм­нэ­лэг сайн эмчлээд  эдгээ­нэ. Харин дараа нь  та өндөр хөгжилтэй орон руу явж шинжилгээ хийлгэ. Гэмтлээс урхаг тогтдог. Тархины гэмтлээс шалт­гаалж унаж тусдаг болно. Тэгвэл хайран байна, та Монголд хэрэгтэй хүн шүү. Та улс орны төлөө, ардчиллын төлөө  тэмцэж яваа хүн шүү “ гэж хэлж байсан. Хүн сэтгэл санаа дор байх хэцүү. Харин мэсний  шарх бол эдгэр­чих­нэ шүү дээ. Тэр эмчил­гээний дараа Ц.Элбэг­дорж Солонгос руу эмчил­гээнд явсныг та бүхэн мэднэ. Тэр хүртэл би Гэмт­лийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт сахиж, хамгийн сүүлд онгоцонд суулгахаар явахад жижүү­рийн эмч,  хэдэн сувилаг­чийн хамт гаргаж өгч  “Сай­хан эмчлүүлээд хурдан ирээрэй. Ирэх жил сонгууль болно. Та биеэ сайжруулаад ирэхэд бүх юм болно доо” гээд урам хайрлаад  үдэж байсан. Одоо өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч бол­чих­сон, эрх мэдлийн толгойд байна. Энэ хүн зовлон зүдгүүр, ялалт, ялагдал,  хамгийн гол нь эрүүл мэнд хохирно гэд­гийн гамшгийг сайн мэд­дэг, ойлгодог байх ёстой. Тиймээс би хэвлэл, мэ­дээл­лийн хэрэгслээр эмч хүний хувьд түүнд хандаж,  уриалж  нигүүлсэнгүй сэт­гэл гаргаачээ гэж гуйж, хүсч байгаа юм.

-Та эмч нарын хамт мэдээлэл хийсэн. Тэр талаар тодруулахгүй юу?

-Би мэргэжил нэгт нөхөд, эмч, эрдэмтдийн   хамт эмнэлгийн цагаан халадаа өмсөөд телеви­зээр ярилцлага хийсэн, үнэн. Тэнд би тодорхой хэлсэн. Бид  тэнд яагаад  цагаан халадаа өмсч ирээд суув гэвэл,   эмч хүн гэдэг ямар нэгэн үзэл бодол  хамаагүй хүний амь насны төлөө тэмцдэг хүмүүс юм. Дай­ны талбарт ч тэр дайснаа эмчилдэг хүмүүс бол эмч нар. Цагаан халадаа өмсч, улаан хэрээс тэмдэгтэй тугаа барьж явахад  дайс­ны тал байлаа ч хэн нь ч эмч хүнийг бууддаггүй. Харамсалтай нь дайн бол дайн учраас бөмбөг дэлбэ­рэх, тэнэсэн суманд оног­дох тохиолдол гарч байсан. Гэхдээ дэлхий даяараа эмч хүний үгийг авдаг, сонсдог. Яагаад гэвэл, эмч хүн тухайн хүн манай тал байна уу, дайсан байна уу амь насыг нь аврахын төлөө   л тэмцэж явдаг. Тийм учраас дэлхий дээрх  эмч нарын нийгэмлэгүүд хил хязгааргүй юм. Энэ бүхнийг би телевизээр дурдаж эмч хүн өвчтө­ний­хөө төлөө үг хэлж, шаар­даж байна гэдгээ хэлсэн. Эмч хүний биеийг үзэж, зөвхөн тариа хийж, эм уулгаад эдгээчихдэг юм биш. Тэр хүний биед нө­лөөлж, өвчлүүлж байгаа, эмгэг байдалд хүргэж бай­гаа гаднын шалтгаа­нуу­дыг арилгахын төлөө тэмц­дэг. Өөрөөр хэлбэл, хүн  хүрээлэн байгаа орч­ноо­соо шууд шалтгаалж байдаг. Үүнийг өөрчилж байж хүнийг эрүүл­жүүлнэ. Эм уулгачихаад утаан дотор байлгаад байвал яаж эдгэх билээ. Түүнээс гадна эмч тухайн хүнд сэтгэлзүйгээр нь нөлөөл­нө. Хүмүүс ганц хурууд­чих­лаа гэж байдаг.  Гэтэл тэр ганц хурууны өвчин биш, бүх биеийн өвчин. Тиймээс өвчтөний толгой­той ажиллах шаардлага­тай. Хүний эрүүлжилтэнд сэтгэл санаа, тархи тол­гой, сэтгэлзүй хамгийн чухал. Хүний биед нө­лөөлж байгаа гаднын нө­лөөллийг тайван байлгаж зохи­цуулах ёстой юм. Сэтгэл­зүйд нөлөөлөх нь хүнийг хангалттай үхүүлж болно. Тиймээс ч манай ард тү­мэн “Үгийн шарх эдгэ­дэггүй, мэсийн шарх эдгэ­дэг” гэлцдэг­ийн учир тэр. Эмч хүн эрүүл мэн­дийн төлөө тэмцэхдээ энэ бүхний төлөө тэмцдэг. Миний танд ярицлага өгөөд сууж байгаагийн учир ч энэ.