1980 онд нас барсан социалист Югослав улсын лидер Иосип Броз Титогийн хувийн эд зүйлсийг хадгалж байсан сейфийг нээжээ. Титогийн эд зүйлс Сербийн Үндэсний банкинд 30 жилийн турш хөндөгдөлгүй хадгалагдаж иржээ. Эдүгээ Сербийн Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс төрийн тусгай комисс сейфийг нээж байгаа аж. Комиссын гишүүд сейфэнд байгаа зүйлсийг арав хоногийн турш судалсны дараа олон нийтэд танилцуулах юм.

Иосип Броз Тито 1980 оны тавдугаар сарын 4-нд Люблянад 88 насандаа өөд болжээ. Түүнийг нас барангуут хувийн эд зүйлсийг нь битүүмжилж Үндэсний банкинд шилжүүлсэн аж. Титогийн эд хөрөнгийг өв залгамжлагчдад нь хуваарилах үүрэг хүлээсэн Белградын шүүхийн шийдвэрээр Титогийн сейфийг нээж байгаа юм.