М.ЦЭЦЭГ

УИХ-ын хаврын ээл­жит чуулганы анхны нэгдсэн хуралдаан өчигдөр боллоо. Чуулганаар  Монгол Улсын Эрдэ­нэсийн сангийн ор­лого, үндсэн болон гүйлгээ, сангийн зар­лагын 2013 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай гори­моор хэлэлцэв. Харин Ерөн­хийлөгчийн сон­гуулийн товыг зарлаж, зардлын хэмжээг ба­таллаа. Мөн УИХ-ын 26 дугаар тойрогт ирэх ням гаригт явуулах дахин санал хураалтын зардлын хэмжээг баталсан юм. Чуулганы нэгдсэн ху­ралдааны хэлэлцүүлгийг тоймлов.

 

ХАРААТ БУС АЖИЛЛАХЫГ ШҮҮГЧДЭД ЗАХИВ

 

Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүг­­чид нэр дэвшигчдийг танилцуулав. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ги­шүүдээс нууцаар санал хураахад шалгалтад хам­рагдсан 35 хүний 24 нь тэнцэж, сонгон шалга­руу­лалтад орсон байна. Иймээс М.Батсуурь, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Мөнхтуяа, Г.Цагаан­цоож, Б.Цогт, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын найман хүнийг Улсын Дээд шүүхийн шүүг­чээр томилуулах са­налаа УИХ-д танилцуу­лав.   Нэр дэв­шигчдийн танилцуулгатай холбог­дуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Шүү­хийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчдийг шинэ хуулийн дагуу оруулж ирж байна уу, хуучин хуулиар уу. Хэрэв шинэ хуулийн дагуу бол бусад шүүгчдийг хэзээ томилох вэ гэдгийг асуухад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг “Дээд шүүхийн найман шүүгч хуучин хуулийн дагуу орж ирж байгаа. УИХ-аар баталсан шинэ хууль энэ сарын 15-аас хэрэгжинэ. Тиймээс хуулийн дагуу бусад шүүгчийг арван­нэгдүгээр сарын 1-ний дотор сонгон шалгаруулж томилно” гэв. Гишүүн Д.Тэрбишдагва сүүлийн үед нэр дэв­шигчдийг чуул­ганаар бөөн­­дөж оруулж ирж то­милсон болдог ду­тагдал дав­тагдаж байгааг шүүмж­лээд цаашид шүүг­чид нэр дэвшигчдийг нэг удаад гурваас илүүгүйг оруулж ирж байх нь зүйтэй юм. Тэгвэл нэр дэв­шигчдээс асууж тодруулах боломж гарах байх гэсэн санаа хэллээ. Харин гишүүн З.Баянсэлэнгэ тодорхой хэргийн талаар нэр дэвшигчдээс асуулт асуусан нь хуулиар хориотой гэдгийг УИХ-ын дарга сануулсан юм. Шүүхийн ерөнхий зөв­лөлийн даргын танил­цуулгатай холбогдуулан гишүүн З.Баянсэлэнгэ, Д.Лүндээжанцан, Д.Тэр­бишдагва, О.Баасанхүү, Д.Ганбат, Х.Тэмүүжин, Ц.Оюун­баатар нар үг хэлж, хууль, шударга ёсыг дээдэлж, хараат бусаар ёс зүйтэй ажиллахыг нэр дэвшигчдэд захилаа.

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД 15,8 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА

 

Ерөнхийлөгчийн сон­гуулийг товлон зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүл­сэн саналд Ерөнхий­лөгчийн анхан шатны сон­­­гуулийн санал ху­раалтыг 2013 оны зурга­дугаар сарын 26-нд явуулах, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн са­налыг зургадугаар сарын 14, 15, 16-нд авахаар тусгажээ.  Байнгын хо­рооны хуралдаан дээр гишүүн М.Энхболд 14-16-нд санал авах нь хуга­цааны хувьд арай эрт байгаа, саналыг эрт авс­наар маргаан үүснэ гэсэн санал хэлж байсан юм. 

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг энэ сарын 22-ноос товлон зарлах, санал хураалтыг зургадугаар сарын 26-нд явуулах, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг зургадугаар сарын 14-16-нд авахаар ирүүлсэн Сонгуулийн ерөнхий хорооны саналыг гишүүд дэмжлээ.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэм­жээг батлав. Ерөн­хий­лөгчийн сонгуулийн зардлын хэмжээг 15.8 тэрбум төгрөг байхаар Сонгуулийн ерөнхий хо­рооноос санал ирүүлжээ. Гишүүн Р.Бурмаа Сон­гуулийн ерөнхий хороо үндэслэлгүйгээр өсгөсөн зардал оруулж ирж байна, иймээс төсвийн төлөв­лөлтөд аудит хийлгэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Гишүүн Ц.Нямдорж түүнтэй адил саналтай бай­гаагаа хэлэв. Ямар бо­ловч энэ удаагийн Ерөн­хийлөгчийн сон­гуульд 15.8 тэрбум төгрөг зарцуулахаар болов. Тог­тоол бат­лагдсантай холбог­дуулан УИХ-ын дарга З.Энхболд сонгуулийн зардлын төлөвлөлт, явц, гүйцэтгэлд нь аудит хийлгэх нь зүйтэй гэдгийг Сонгуулийн ерөнхий хо­рооны удирдлагад ан­хаарууллаа.

 

СОНГИНОХАЙРХАНЫ СОНГУУЛЬ НЯМ ГАРИГТ БОЛНО

 

Мөн чуулганы нэгд­сэн хуралдаанаар хэ­лэлцэж шийдвэрлэсэн асуудлын нэг нь “Дахин санал хураалтын зардал батлах тухай” тогтоолын төсөл байв.Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт явуулах дахин санал хураалтын зардлын хэмжээг 397.4 сая төгрөг байхаар санал ирүүлжээ. Уг зардлын саналыг Сонгуулийн ерөнхий хорооны 2013 оны төсөвт зардлаас санхүү­жүү­лэхийг байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх нь дэмжсэн байна.   Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлсэн гишүүн Р.Бурмаа хуулиараа сон­гуулийн тойрог, хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүст цалин биш урамшуулал олгох ёстой, гэхдээ энэ зардлын хэм­жээг их байна гэж үзэж буйгаа хэлсэн бол гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Эрдэнэ нар дахин санал ху­раалтын талаар иргэд мэдээлэл муутай байна, иймээс дахин санал хураалт явуулах өдөр, цаг, санал авах байруудын талаар иргэдэд мэдээлэл өгөх талаар анхаарах хэрэгтэйг онцлов. УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ирэх ням гаригт явуулах дахин санал хураалтын зардлын дээд хэмжээг 397.4 сая төгрөгөөр батлав.