М.ЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

-Та УИХ-ын хаврын чуул­ганы нээлтийг орхиж гарсан. Ерөнхийлөгчийн үгийг эсэр­гүүц­сэн гэж ойлгосон. Тэгэх шалтгаан байсан юм уу?

-Ерөнхийлөгчийн үгийг эсэргүүцсэн нь үнэн. Түүний  үгийг сонсохоор өнөөдөр л нийгэмд шударга ёс тогтож, хууль шүүхийнхэн  хуулиа хэрэгжүүлж, ардчилал жинхэнэ утгаараа хөгжиж байгаа  юм шиг ярьсан. Энэ нь бодит байдалд хэр нийцэж байгаа билээ. Түүний үг хөрсөнд буусан зүйл биш. Миний хувьд ардчилал нэрийн дор дарангуйлал бий болж  гэдгээ хэлж эсэргүүцсэн. Ми­ний хувьд шударгаар хэлэх үгээ хэлсэн. Төрт ёсоо хүндэт­гэсэнгүй гэсэн байх. Гэхдээ би чуулганы танхимд бусадтай адил хэрэлдээгүй, хэн нэгнийг хэл амаар доромжлоогүй, гар зөрүүлээгүй. Зарчмын хувьд байр сууриа илэрхийлж, худал ярих шаардлагагүй гэж эсэр­гүүцсэн юм.

-МАН-ын гишүүд бас эсэр­гүүцсэн. Угшил нэгтэй хоёр нам нэг, нэгийгээ дагасан, дагуул­сан гэх юм?

-Бид МАН-ыг дагаагүй, дагуулсан. МАН-ынхан зөвхөн лоозон бариад сууж байсан. Гэвч хэн нь хэнийгээ дагуулж гарах нь онц биш. Хэн, хэн нь алдаа дутагдалтай эвлэрэхгүй байгаа нь чухал шүү дээ.  Ерөн­хийлөгчийн үгийг таалсан хүн хэр олон бол. Шинэчлэлийн Засгийн газар гарч ирснээр нийгэмд бүх зүйл сайхан бол­сон мэт харагдаж байгаа байх. Тухайлбал, Хууль зүйн сайд шүүхийн шийдвэр гараагүй байхад эцсийн шийдвэр гар­сан, гэм буруутан тогтоогдсон мэтээр нийгэмд цацаж байна. Бидний хувьд энэ Засгийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан ч тухайн гэрээ хэлбэрийн төдий биш байгаасай гэж хүсч байна. Шударга ёсыг нийгэмд тогтоо­хын тулд  мөрийн хөтөлбөрт орсон таван хувьсгалын зарч­мыг хэрэгжүүлж, ард иргэ­дийн амьдралыг дээшлүүлэ­хийн тулд ажиллаж байгаагаас биш энэ Засгийн газрын алдаа дутагдалтай эвлэрэх гэж орж ирээгүй.

-Тэгээд л талбай дээр болж буй жагсаал дээр гүйгээд оччихсон юм уу?

-Талбай надад хүндэт­гэл­тэй эд. Жагсаал дээр очсон нь үнэн. Ард түмний төлөөлөл тэнд байсан болохоор очиж үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ нь МАХН-ын байр суурь биш.

-Төрийн ордны дотор, гаднах улс төр өөр байх ёстой гэж ярьдаг шүү дээ. Гишүүд ордны гадаах жагсаалд орол­цох нь зохимжгүй гэдэг?

-Бид ард түмний төлөөлөл болон сонгогдсон. Тийм боло­хоор нийтийн эрх ашгийн төлөө ярих, жагсах ёстой. Мэдээж төрт ёсоо хүндлэлгүй яах вэ. Гэхдээ худал хэлдэггүй, бусдыг хуурдаггүй, луйвар хийдэггүй байх учиртай. Ард түмний төлөөлөл болон сон­гогд­соныхоо хувьд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн юм.

-Юунд нь тэгж эгдүүцсэн юм бэ. Юу нь худал байсан гэж?

-Монголд хууль, шүүхийн байгууллага ажиллаж эхэлж байгаа, нийгэмд шударга ёс тогтсон, авлига хээл хахуулийг зогсоож байгаа гэсэн хийсвэр зүйлийг гурван жил ярилаа. Бүх зүйл болж бүтэж байна гэсэн Ерөнхийлөгчийн үгтэй би санал нийлээгүй учир эсэргүүцсэн. Амьдрал дээр өөр байна шүү дээ.

-МАХН-ын гишүүдийн үйлд­лийг намын даргатай нь холбодог. Та бүхнийг зөвхөн Н.Энхбаяр даргыгаа өмөөрч бусадтай арцалддаг гэж олонхи ойлгодог юм шиг?

-О.Баасанхүү, З.Баян­сэлэнгэ нарын хэдэн хүн үг хэлэхээр л намын даргатай шууд холбодог. Бид өөр намын угшилгүй, өөр намд хүчин зүтгэж, үзэл бодлоо худалдаж яваагүй, МАХН гэдгээрээ анх гарч ирсэн. Хүний үгээр үг хийж явсангүй, хүмүүст барь­цаа­лагдаагүй, хажуудаа янз бүрийн компанигүй, аж ахуйн нэгжгүй, бохир бизнесээ угаах гэж энд, тэндэхийн халаасанд багтаж явсангүй. Ийм боло­хоор МАХН-тай, тэр дундаа даргатай шууд холбодог байх. Нөгөө талаар Н.Энхбаярын төлөө хэдхэн хүн дуугардаггүй. Жирийн гишүүд, дэмжигчид гэж олон бий. Түүнийг хүлээн зөвшөөрсөн хүн гадаад, до­тоодгүй олон байдаг. Тиймээс намын даргыгаа улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос бо­лоод сууж байгаа учир, тэр шоронд өөрийгөө өмгөөлж чадахгүй, эрхгүй, тийм бо­ломж­гүй учир бид түүний тө­лөө дуугарах ёстой. Тэгээд АН-ынхан, МАН-ынхан дуугарах гэж үү. Тэгж ярьвал МАХН-ын даргыг Ерөнхийлөгч байх үед энэ хоёр намын цөөн хэ­дэн гишүүн дэмжлэг тусламж авч улс төрд орж ирсэн байдаг. Тэд ч дуугарахгүй байна. Дол­дугаар сарын 1-ний бохир сонгуулийг хэн зохион бай­гуулсан, хэн өдөөсөн, дэвэргэ­сэн бэ, түүний гэм буруутныг олж тогтоох ёстой гэдэгт хэн ч санаа зовохгүй байна шүү дээ.

-Долдугаар сарын 1 гэж ярилаа. Танай намын дарга энэ тухай баримт дэлгэсэн өдрөө л баривчлагдсан. Яг жилийн өмнө. Тэр өдөр та гишүүн биш, гудамжны тэмцэгч байсан шүү дээ. Нэг жилийн өмнөх, өнөөд­рийн нөхцөл байдал өөрчлөг­дөөгүй гэж үү?

-Би их гайхдаг. Долдугаар сарын 1-ний үйл явцыг хүн бүр мэдэж байгаа. Сонгууль бул­хай­тай болсон. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн нь тухайн үеийн МАНАН бүлэглэл байсан гэдгийг на­даар хэлүүлэлтгүй олон нийт болоод улс төрийн хүрээнийхэн хүлээн зөвшөөрөх байх. Жи­лийн өмнө Н.Энхбаяр дарга долдугаар сарын 1-ний үйл явцтай холбоотой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар ярьсан асуудлыг хэв­лэ­лээр гаргасныхаа тэр орой­доо баривчлагдсан. Ингэхдээ хүний ёсноос гажууд байдлаар баривчлагдаж явсан гашуун үйл явдлын нэг жилийн ой болж байна. Долдугаар сарын 1-ний хэргийг илрүүлэх сонир­хол хэнд ч алга. Илрэх болов уу гэж итгэж байсан. Гэтэл таван хүний амь настай хол­боо­той хэрэгт тушаал гүйцэт­гэсэн цагдаагийн дөрвөн ху­ран­даад ял оноосон. Ингэснээр хэргийг илрүүлчихлээ гэвэл худал гэдгийг хэн хүнгүй мэднэ.

-Танай намын дарга Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байгаа гэв үү. Түүний биеийн байдал ямар байгаа вэ?

-Монголын түүхэнд 11 хо­ног хуурай өлсгөлөн зарлаад, түүнээс болж биед нь ноцтой өөрчлөлт үүсч, эд эсийн хямрал явагдсан, хортой үр дагаврыг арилгах эмчилгээ, оношлогоо хийсэн практик байхгүй. Тий­мээс эмчилгээ, оношлогоо учир дутагдалтай байна. Ма­найд эмчлэх боломжгүй, зөв­хөн гал унтраах төдий байгаа. Биеийн эсэргүүцлийг нь сайж­руулах төдий эмчилгээ хийл­гэж байгаагаас цааш хэтрэх­гүй. Даргын биеийн байдал сайнгүй байгаа. Бие эрхтэнд нь өөрчлөлт ороод удаж байгаа учир сайжирхаасаа илүү дор­дох магадлалтай.

-УИХ-ын нэр бүхий гишүүд хэд хэдэн үндэслэлээр Х.Тэ­мүү­жин сайдыг огцруулах мэдээлэл бий. Огцруулах тухай бичиг албажаагүй гэсэн. Хэзээ өргөн барих вэ?

-Манай эвслийн бүлгийн хуралдаанаар энэ тухай ярих байсан ч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хойш­луулсан. Ерөнхий сайд цасанд боогдоод эзгүй байсан. Мөн УИХ-ын дарга гадаадад томи­лолтоор яваа учир тодорхой цаг хугацаагаар хойшлуулсан. Өргөн барих хэвээр байгаа.

-Танай эвсэлд багтдаг МҮАН-ын гишүүд дэмжихгүй байгаа гэсэн. Үнэн үү?

-Үгүй. МАХН-ын гишүүд тогтоолын төсөл санаачлаад МҮАН-ын гишүүдээсээ дэмж­лэг авахаар бүлгийн хуралдаа­наар ярилцсан. Бид олонхио­роо шийднэ. Зарчмын хувьд гишүүд дэмжсэн.

-Хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний хөдөлгөөн байгуулж, та тэргүүнээр нь ажиллаж байгаа гэсэн үү?

-Хууль хэрэгжүүлэгч бай­гууллага, төрийн албан хаагч­дын буруутай үйл ажилла­гаа­наас болж эрх нь зөрчигдсөн, хохирсон олон хүний санаа­чил­гаар, манай намын дэргэ­дэх төрийн бус байгууллагуу­дын дэмжлэгтэй­гээр хөдөл­гөөн байгуулсан. Бидэнд олон хүн хандаж байна. Цаашид ч хандах байх.