М.ЦЭЦЭГ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай, Дахин санал хураалтын зардал батлах тухай тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Төслүүдийн танилцуулгыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ сарын 22 гэхэд зарлах хуулийн хугацаатай юм байна. Мөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 26-нд явуулах саналтай байна гэдгээ Сонгуулийн ерөнхий хорооны дарга танилцууллаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү сонгууль явуулах өдрийг хэрхэн тогтоосныг асууж, мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа сонгуулийн зардлыг үндэслэлгүй өсгөсөнд шүүмжлэлтэй хандлаа.
СЕХ-ны дарга дээрх асуултад хариулахдаа сонгууль явуулах өдөр нь хуульд зааснаар энэ өдөр таарч байна. Үүнээс гадна саналын хуудас хэвлүүлэх, хүргэх хугацааг тооцсон гэж тайлбарлав. Үүнээс гадна сонгуулийн журам, заавар хэвлүүлэх, гадаадад байгаа иргэдээс санал авах хуудас хүргүүлэх, сонгуулиар ажиллах хүмүүсийн зардлаас гадна сонгогчийн тоо 258 мянгаар, сонгуулийн тойргийн хороо 200-гаар тус тус нэмэгдсэн байна.
Дахин санал хураалтын зардлыг 2013 оны Төсвийн тухай хуулиар батлагдсан сонгуулийн зардал болох 17,2 тэрбум төгрөгөөс гаргах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд үзлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөвт 15.8 тэрбум төгрөг суусан байна. Иймд нэгэнт төсөвт тусгасан Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг дахин хэлэлцэж батлах шаардлагагүй гэж гишүүд үзлээ. Харин УИХ-ын 26 дугаар тойрогт явуулах дахин санал хураалтын зардал 397.4 сая төгрөг, хэвлэл мэдээллийн сурталчилгаанд мониторинг хийхэд шаардлагатай 91 сая төгрөгийг дээрх 17.2 тэрбум төгрөгөөс гаргах юм байна.