Ч.ҮЛ-ОЛДОХ
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяртай ярилцлаа.
-Нийгмийг айдас, хүйдэст автуулсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилах ажиллагаанаас хойш бүтэн нэг жил өнгөрлөө. Тэр үед цагдаа нар таны хоолойг боож унагааснаас үүдэж эмчлүүлж байгаа сураг дуулдсан. Одоо таны бие ямар байна?
-Тааруухан, ялангуяа хоолойны байдал дээрдсэн юм алга. Гадаадад эмчилгээ хийлгэхээр явах гэхээр элдэв хориг тавьчихсан. Энд үзүүлж, эмчлүүлж байгаа ч сайжрахгүй юм. Ийм л байна.
-Хориг гэдэг нь баривчилгааны үеэр салаавч үзүүлсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс ногдуулаад байгаа тэнсэн харгалзах ялын асуудал уу. Тэнсэнгийн хугацаа нь хэзээ дуусах вэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сард шүүх хурал болсон. Түүнээс хойш нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Одоо Дээд шүүхэд гомдол гаргасан байгаа.
-Хүмүүс үзэл бодол, сэтгэл хөдлөлөө янз бүрийн байдлаар илэрхийлж байдаг. Өөрт тань хэрэг үүсгээд байгаа үндэслэлийг та хэрхэн дүгнэж байна?
-Энэ бол Монголын төр хэрхэн ялзарч байгааг харуулсан бодит жишээ. Харин ч надтай ноцолдож байгаагаараа төр ялзарсанаа улам тод харуулж байгаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-наас хойш улс төрийн маш олон үйл явдал боллоо шүү дээ. Тухайлбал, сонгуулийг автомат машинаар явууллаа. Дүнг нь урьдчилаад тохирчихсон байсан. Зөвхөн хувь хүмүүсийг сонгуульд ялуулахгүй байхыг тохирсноос гадна сонгуульд ялуулж болохгүй намуудын нэрийг урьдчилж тохирсон. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан тохиргоог хийчихсэн шүү дээ. Тэр асуудлууд өнөөдөр тодорхой болсон. Дараагийн нэг зүйл нь орон нутгийн сонгууль байна. Мөн л өмнөх туршлагаа ашигласан. Зарим тойрогт ирц хүрэхгүйгээс болж дахин сонгууль явуулж байна. Үндсэндээ 50 хувьд хүрэхгүй ирцтэйгээр сонгууль явуулж хоосон нэр зүүгээд өнгөрлөө. Зарим тойрогт маш олон маргаан гарсан. Хамгийн шилдэг жишээ гэвэл, УИХ-д сонгогчид биш автомат машин ч бус шүүх шийдэж оруулдаг жишиг тогтлоо. Тухайлбал, Өвөрхангай аймагт болсон явдал үүнийг гэрчилнэ. Сүүлдээ ард түмнээс сонгогдсон гишүүд, автомат машинаар сонгогдсон гишүүд, шүүхийн шийдвэрээр орж ирдэг гишүүд гээд төрд олон янзын төлөөлөл бий боллоо. Тиймээс одоогийн УИХ-ыг чадамжтай гэхэд хэцүү.
-Та өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-наас хойш олон үйл явдал өрнөлөө гэж байна. Сүүлийн үеийн үйл явдлуудад ямар дүгнэлт хийж байна?
-Жижигхэн Монголыг байтугай дэлхий даяар шуугиулсан үйл явдал болж байхад чихээ бөглөөд суув гэж, сонсч, харж л байна. Сангийн сайд асан, УИХ-ын дэд дарга С.Баярцогт гадаадад нууц компанитай, нууц данстай, түүндээ нэг сая ам.доллар хадгалуулсан нь гадаадын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн мэдээллээс ил боллоо. С.Баярцогт 2008 оны тавдугаар сард тэр компаниа байгуулж нууц данс нээсэн юм билээ. Тэгэхээр 2008 оноос хойш зургаан удаа хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ тэр дансаа нуусан, хоёр удаа Их хурлын сонгуульд өрсөлдөхдөө мөн нуусан. Нийтдээ найман удаа алдаа гаргасан байна. Нөгөөтэйгүүр Татварын өршөөлийн тухай хуулийг баталсны дараа тэр нууц дансыг нээсэн байх юм. Тэгэхээр нэг үйл явдлын дараа нууц данс нээдэг юм байна гэдгээ үйлдлээрээ хэлээд байна шүү дээ. Мөн түүнийгээ Оюутолгойн гэрээтэй холбоогүй гэж хэлсэн байна лээ. Үүнээс үзэхэд Оюутолгойн гэрээтэй холбоотой данс өөрт нь байгаа юм байна. Тэр дансаа хэзээ ил болгох вэ, түүнд нь хэчнээн ам.доллар байгаа юм бэ. Зарцуулалт нь хаана байна вэ гэсэн асуулт гарна. Өөрөө “мэдэхгүй, мэдлэггүйн алдаа” гэж тайлбарласан байна лээ. Өөрөө мэдэхгүй данс нээгээд яваад байдаг юм бол хамтраад ярьж, зөвлөлдөж болно шүү дээ. Мөн Нью Йоркийн хөрөнгийн биржид Айвенхоу Майнзын рекламд тоглосон асуудал байна. Түүний данс хаана байгааг ил болгох хэрэгтэй. С.Баярцогт хуулийн сургууль төгссөн, парламентад удсан туршлагатай “би мэдэхгүй, мэдлэггүйгээс алдлаа” гэж ярьж байгаа бол яах гэж 23 жил суудал бөглөж суусан юм бэ. Татвараас нуугдаж нууц данс яах гэж нээв. Яагаад ингэж хулгай хийх болов гээд маш олон асуулт байгаа. Эх орноо худалдаж, Оюутолгойн гэрээг байгуулалцсан хүн ийм данстай байгаад тэр нь дэлхий дахины шившиг болж байгаа нөхцөлд нам нь тэр хүнд ямар хариуцлага хүлээлгэх гэж байгаа юм бэ. Намаасаа хөөх үү, хөөхгүй юм уу. Их хурлын гишүүн байх ёс зүй тэр хүнд байна уу. Ядахдаа У.Хүрэлсүхээс жишээ аваад “Би болъё” гэж хэлэх зориг, зүрх түүнд байхгүй гэж үү. Хүн шанаадсан У.Хүрэлсүх муу нөхөр. Гэтэл С.Баярцогт У.Хүрэлсүхээс дор муу хүн гэж үү. Ийм арчаагүй гэж үү. Тиймээс С.Баярцогт хариуцлагаа хүлээж УИХ-аас өөрөө нэрээ татах байлгүй. Татах ч ёстой. Тэгэхээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны үйл явдал бол ерөөс Монголын төр шударга бүхэнтэй тэмцдэг, шударга бусыг илүүтэй дэмждэг, хамгаалдаг байсны илрэл байсан бол сүүлийн үед энэ байдал бүр ч тодорхой болж байна. Ийм л нэг жил өнгөрч байна даа.
-Болохгүй, бүтэхгүй байгааг шүүмжилж, анхааруулах хүчтэй сөрөг хүчин алга гэсэн шүүмжлэл өрнөх боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Жижигхэн Монголын байтугай дэлхий нийтийн шившиг болсон, эх орноо худалдсан этгээдүүдийн тухай ярьж байхад МАН яагаад дуугарахгүй байгаа юм бэ. Тэд чинь сөрөг хүчин биз дээ. Эсвэл бүгдээрээ гадаадад нууц данстай болохоороо дуугүй байгаад байна уу. Дуугүй байдаггүй Ц.Нямдорж нь хаачив. “Цаг нь болохоор хэлнэ” гэж цээжээ дэлдээд байдаг юм билээ. Цаг нь ирчихээд байхад дуугарахгүй байгаагаас үзэхэд Ц.Нямдоржийн цаг нь зогсчихож л дээ. Иймэрхүү цаг нь зогссон улстөрч Монголын төрд хэрэггүй. Цаг нь зогссон хүн юу хийх юм бэ, тийм биз. Ардын нам амаа хамхиснаас гадна шударга Ерөнхийлөгч хаачив гэж асуумаар байна. “Шударга байя” гэсэн уриагаа сонгууль угтаад “Дуугүй байя” болгож өөрчилчихсөн үү.
-Улс төрч, эдийн засагчидтай уулзаж ярилцаж байхад шинэчлэлийн Засгийн газрын ажлыг үнэлж дүгнэх нь олонтаа. Та ч гэсэн өөрийн гэсэн дүгнэлттэй байгаа байх?
-Засгийн газар шинэчлэлийн гэж ярихаас хэтрэхгүй байна. Бодитой хийсэн юм алга. Өнөөдөр улс орны хэмжээнд эрчим хүчний талаар хүнд байдалд орлоо. ОХУ-аас 175 мегаватт эрчим хүч авч байна. Хятадаас 100 гаруйг татдаг. Одоо нийт хэрэглэж байгаа эрчим хүчнийхээ гуравны нэгээс илүүг нь гадаадаас авч хараат байдалд орчихоод байна. Энэ бол өнгөрсөн 23 жилд Монголын төрөөр тоглогчдын гор. Тэр горыг бид амсч байна. Ялангуяа эрчим хүчээр хараат байгаа нөхцөлд энэ улсын хөгжил дэвшил байхгүй. Зөвхөн Улаанбаатарт л гэхэд шинээр эрчим хүчний хэрэглэгч болъё гэсэн өргөдөл, техникийн нөхцлийг аваад үзэхэд 500 гаруй мегаватт байна. Одоо хэрэглэж байгаагаас илүүг гаднаас авах гэж байна шүү дээ. Энэ улс хаашаа яваад байна вэ. Төр, засаг суудлыг хойноос хөөцөлдөж, Ерөнхий сайд нь уул овоо тахина гээд зугаалж явдаг болчихсон. Уул овоонд мөргөх гэж байгаа бол юу гуйх гэж байгаагаа урьдчилж бичгээр хүсэлт гаргаад хувийнхаа машинаар явах ёстой. Төрийн төлөө гуйх гэж байгаа бол түүнийгээ мөн бичиж өгөөд явах ёстой. Гэтэл “С.Баярцогтыг битгий огцруулаач” гэж мөргөж ирчихээд ард түмнийхээ төлөө мөргөж яваад хацраа хөлдөөчихлөө гээд зогсч байгаа хүнийг Ерөнхий сайд гэх үү. Улс орны өмнө тулгамдсан ажил зөндөө байхад 60-70 аялдан дагалдагч дагуулчихсан улсын зардлаар албаны машин унаад алга болчихдог. Ийм ёс зүйгүй сайд, дарга манайхаас өөр ямар улс оронд байна вэ. Африкийн дарангуйлагч, авлигад идэгдсэн тэр орнуудад ч ингэдэггүй байх. Улс орноо ийм арчаагүй байдал руу оруулчихаад түүнийгээ шинэчлэл гээд байгаа юм уу. Цаашилбал, Ерөнхий сайд маань хөлдөөд үхчихсэн бол яах вэ. Шинэчилж байна гэж ойлгох уу. Хөлдөхийг шинэчлэл гэх үү. Ийм л юм болоод байна шүү дээ. Одоо ярьж байгаагаас үзэхэд ирэх жил Улаанбаатар хөлдөх нь тодорхой байна. Гэтэл Ерөнхий сайд нь хацраа хөлдөөдөг юм чинь Улаанбаатарын хөлдөхийг шинэчлэл гэх гээд байна аа даа, янз нь.
-Эцэст нь нэг асуулт байна. Монголд хүний эрх, эрх чөлөө байна уу, та юу гэж үзэж байна?
-Ерөөсөө Монголд хүний эрх алга. Монгол дарангуйллын засаглалтай орон болж хувирлаа. Одоо хэвлэл, мэдээллийн байгууллагууд, цахим хуудсуудад С.Баярцогтын тухай мэдээллийг хааж, айлган сүрдүүлж байна шүү дээ. Эх орноо худалдсан хүний тухай ярьж, бичиж болдоггүй. Гадаадын хэвлэлүүд бичээд байхад эх орондоо хориод сууж байна.