“ЗМ”-ний хэлэлцүүлэг
Зарлигаар хамгаалагдсан Бурхан Халдун ууланд дур зоргоор авирлагчид чөлөөтэй зорчиж, чонотой нийлсэн хоточ нохой шиг зарим нь судалгаа, шинжилгээ хийх нэрээр мөнгө угааж байгааг “Зууны мэдээ” сонин “Сэтгүүлчийн эрэн сурвалжлага” булангаар хэд хэдэн удаа хүргэсэн билээ. Тухайлбал, өөрийгөө дорно зүгт өвөг дээдсийнхээ шарилыг хайж байгаа хэмээн мэдэгдсэн Альберт Лин гэгч хятад гаралтай америк залуутай манай нэрт эрдэмтэн, академич Ш.Бира, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ц.Ишдорж нар хамтран “Хаадын хөндий” гэх төсөл хэрэгжүүлж, кино хийсэн нь дэлхий нийтэд цацагдаад байгаа. Гэтэл тэрхүү судалгааг холбогдох байгууллагуудаас нь зөвшөөрөл авалгүй хийж, сүүлд нь зөвшөөрлийн бичгийг нөхөж авсан гэх мэдээлэл дуулддаг. Тэр талаарх “Бурхан Халдунд халдагсдын мөрөөр...” сурвалжлагыг уншигч та аль хэдийнэ уншсан гэдэгт найдна. Энэ удаа бид нүүдэлчин монголчуудын түүх, соёлын үнэлж баршгүй, дахин давтагдашгүй өв, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх ёстой үнэт дурсгалаа дархалсан юм шиг дархлах хэрэгтэйг гэсэн асуудлыг дэвшүүлж “Бурхан Халдуныг онцгой бүс болгоё” хэлэлцүүлэг явуулав. Салбарын сайд, УИХ-ын нэр бүхий гишүүд зэрэг шийдвэр гаргах төвшнийхөн, судалгаа, шинжилгээний байгууллагуудын төлөөлөл, түүхч, археологичдийг хэлэлцүүлэгт урьж оролцууллаа. “Бурхан Халдун уулыг онцгой бүс болгож хамгаалъя, хамгаалалтын асуудал өнөөдөр ямар байна вэ, цаашид яах вэ”, “Онцгой бүс тогтоовол судалгаа, шинжилгээний ажлыг яаж явуулах вэ”, “Аялал жуулчлалтай хэрхэн холбох вэ” сэдвээр талууд байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэж байна.
Ц.Оюунгэрэл: ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БУРХАН ХАЛДУНЫГ ДЭЛХИЙ ӨВД БҮРТГҮҮЛЭХЭД ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА
-Юуны өмнө “Зууны мэдээ” сонины хамт олонд талархал илэрхийлье. Яагаад гэвэл Монголын төр, засгаас ЮНЕСКО-гийн дэлхийн өвд Бурхан Халдун уулыг бүртгүүлэхээр хандаж, тэр талаар бичсэн хүсэлт, өргөдлүүдийг илгээсэн. Хуулийн хугацаанд нь материалуудаа явуулсан байгаа. Үүнд энэхүү хэлэлцүүлэг үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Бурхан Халдун ууланд хамгаалалтын дэглэм үнэхээр хангалтгүй. Зөвхөн байгаль орчны хамгаалалт гэдэг талаас ажиллаж байна. Манай улсад соёлын өвийн хамгаалалтын дэглэм огт байхгүй. Тиймээс бид хадны оршуулгаа ч, сүг зургаа ч, булш бунхан, хирэгсүүрээ ч хамгаалж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, соёлын өвийн харуул огт байхгүй. Бид Соёлын өвийн тухай цоо шинэ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын яамдаас санал авч байна. УИХ-ын хаврын чуулганы эхний 14 хоногт оруулах төлөвлөгөөтэй. Энэ хуульд соёлын өвийн харуул, хамгаалалтын асуудлыг оруулж ирсэн. Иргэний харуул хамгаалалт ямар байх вэ, байгууллагууд гэрээгээр харилцан хамгаалвал ямар байх вэ, соёлын өвийн улсын байцаагч хамгаалаад явахад тогтолцоо нь ямар байх талаар шинэ хуульд өргөн утгаараа орсон. Бурхан Халдун уулын тухайд зөвхөн соёлын өвийн байцаагч, иргэний харуул хангалтгүй. Тусгай орчин шаардах обьект гэж үзэж буй учраас хуулийн төсөлд дахин шинэ зүйлүүдийг оруулж ирсэн. Тэр нь соёлын өв болон байгалийн цогцолборыг яаж хамгаалах вэ. Цогцолборыг соёлын биет бус өвтэй нь хамт хэрхэн хамгаалахад анхаарсан. Тухайлбал, Улаан тайгыг цаатангуудтай нь, эрхэлдэг аж ахуй буюу цаа буга, байгальтай нь хамтад хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал бий. Бурхан Халдун уулыг Их хоригийн бүх ёс заншил, тахилгын ёс, тэр хавийнхныг аж ахуй, амьдралтай нь яаж хамгаалах вэ гэдэг асуудал орж ирнэ. Орхоны хөндийд ч гэсэн нүүдлийн соёл иргэншил, шашин шүтлэг, зан заншил, түүхэн дурсгалт газруудтай нь хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, бид өмнө нь соёлын нэгэн обьектийг юм уу, музейн аль нэг үзмэрийг ярьдаг байсан бол одоо соёлын цогцолбор, соёл иргэншлийг бүхэлд хамгаалах хамгаалалтын өргөн тогтолцооны асуудлыг хуульчлах гэж байна. Нөгөөтэйгүүр, энэ нь аялал, жуулчлалын орчин юм. Бурхан Халдун уул дэлхий нийтийн анхааралд орсныг олон хүн хэлж байна. Тэгэхээр дэлхийн өнцөг булан бүрээс сонирхож ирэх хүмүүсийг аль хүргээд зогсоох вэ. Аль хүртэл нь үзүүлэх вэ. Хаана нь очоод аман тайлбараар явуулах вэ. Машинаар, мориор, явганаар аль хүртэл нь явуулах вэ, тухайн цэгт хүний тоог хэдээр тогтоох вэ, тэр нь нэг ээлжинд ямар байх вэ, олон хүн байх бүсийг хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг тус тусад нь тогтоох ёстой. Мөн хаана нь зураг авч болох, хаана нь болохгүй вэ гээд бүх л маршрутын туршид очих цэг буюу аялах цэгийн менежментийг хийх шаардлагатай. Үүнийг тогтоохын тулд бид Бурхан Халдунаа нэлээд сайн мэддэг, сайтар судалсан, юуг нь хүнд хэлж, юуг болохгүйг ялгаж салгаж ойлгосон ийм тогтолцоонд орох учиртай. Үүний тулд бид туршлага судалж байна. Зөвхөн Бурхан Халдун уулын талаар бодлого боловсруулж Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх зорилготой манай яамнаас ажлын хэсэг түүхч, археологич Ж.Урантөгсийн удирдлагад ажиллаж байгаа. Бурхан Халдун уул болон бусад онцгой газруудад зориулж орчны бүсийн дүрэм зохиход манай яамны Аялал, жуулчлалын газар хамтран ажиллаж байна. Мөн Аялал, жуулчлалын газраас аялал, жуулчлалын орчны бүсийн тухай хууль эрхзүйн орчныг бий болгоход анхаарсан. Энэ хуулиар тухайн аялал, жуулчлалын бүсийг хэн тогтоох вэ, тэрхүү тогтоосон хил хязгаар дотор нь хамгаалалтын болон хөгжлийн төлөвлөгөөг хэн батлах вэ. Баталсан төлөвлөгөөний дагуу хуулийг хэн хэрэгжүүлэх вэ гэдгийг гол нь гаргаж өгөх юм. Жишээ нь хотын аль нэгэн тодорхой бүс, тухайлбал Гандангийн бүсийг аялал, жуулчлалын бүс болгоё. Ингэхдээ зөвхөн хүрээ маягийн хороолол болгоё гэсэн шийдвэрийг орон нутгийн иргэд, засаг захиргаа нь гаргалаа гэхэд тэнд өөр барилга, шилэн байшин бариулахгүй байх эрх мэдлийг орчны бүсийг зохицуулах эрх бүхий хүмүүст нь олгох юм. Ерөнхий төлөвлөлтийн хуулиасаа гадна яг тухайн орчин, бүсэд нь зориулсан дэг журмыг тогтоох хуулийн төслийг мөн боловсруулж байгаа. Үүнд энэ хэлэлцүүлгээс гарч байгаа саналууд маш үнэтэй хувь нэмэр оруулж байна. Хамгаалалтын тухайд хэнээр хамгаалуулах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Олон талын шийдвэрээр хамтарсан шийдэл гарах ёстой. Орон нутгийн иргэдийн оролцоо маш чухал. Мөн байгаль орчин, соёлын өв, аюулгүй байдал гээд тал бүрийн сонирхлыг төлөөлж чадах хүмүүс оролцож шийдвэр гаргах учиртай. Хамтарч гаргасан шийдвэрийг удаан хугцаанд мөрдөж хэрэгжүүлж болохуйц орчинд оруулах хэрэгтэй. Түүнээс биш нэг, хоёр удаагийн зөвшөөрлөөр асуудлыг шийдэмгүй. Өөрийн гэсэн хууль дүрэм, журамтай байх тогтолцоог бид хүсч байна. Бурхан Халдун уулын тухайд онцгой дэглэм гарна гэдэгт манай яамныхан бүрэн итгэлтэй байгаа. Учир нь тэнд соёлын маш үнэт өвүүд байгаа, мөн аялал жуулчлалыг зөв удирдахгүй бол захирагдахгүй орчин бий болох магадлалтай. Ийм учраас орчин нь нэлээн том байхаас гадна маш нарийн дэглэмтэй, мөн орон нутгийн иргэд нь маш нарийн мэдээлэлтэйгээр оролцож тэр дэглэмийг хамтран бий болгох ёстой. Манай яамны зүгээс Бурхан Халдун уул, Орхоны хөндий, Богд ууланд зориулж эхний ээлжинд орчны бүсийн дүрмүүдийг яаж хийхийг судалж байгаа.
Бурхан Халдуныг тойрсон асуудлаар “Зууны мэдээ” сонинд гарсан бүх шүүмжлэлийг би үнэн, худал гэдэг талаас ярих шаардлагагүй гэж бодож байна. Харин энэ бол хамгийн зөв шүүмжлэл юм. Бид зөв ч бай, буруу ч бай энэ асуудалд санаа тавьж, өргөн хэлэлцүүлэг хийж байгаа нь Бурхан Халдун уулаа дэлхийн өвд бүртгүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулна. Ямар олон хүн санаа тавьдаг вэ, ямар олон талын судалгаа байдаг юм бэ, мөн олон талын байр суурь, маргаан өрнөдөг, тэгсэн атлаа эцсийн дүнд бүгд Бурхан Халдун уулаа хамгаалъя гэсэн үзэл санаанд хэрхэн нэгддэгийг “Зууны мэдээ” сонины удаа дараагийн хэлэлцүүлгүүд нотолж өгч байгаа. Ийм ч учраас манай яамны зүгээс цаашид Бурхан Халдун уулын хамгаалалтыг сайжруулъя гэсэн асуудлыг төр, засгийн болоод олон улсын хэмжээнд тавихад энэхүү хэлэлцүүлгийн шүүмжүүд маш их тус болно гэж үзэж байна.
Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/:
АЛТНЫ ЭРЭЛЧДИЙГ ЯАРАЛТАЙ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ
-Өнөөгийн нийгэм ашиг, мөнгө харвал нүдээ цухаж өгөхөд бэлэн болчихсон. Тиймээс түүхийн дурсгалт уулаа хадгалж, хамгаалахад бэрхшээлтэй байдаг. Тэр тусмаа монголчууд өөрсдөө түүх дурсгалаа сүйдэлчих гээд байдаг. Хамгаалалтын ажил хийгдэж байгаа ч хүссэн үр дүнд хүрэхгүй байгаа. Тайлга, тахилгын асуудалд ч төрийн бодлого сул байна. Бурхан Халдуныг төрийн тахилгатай бусад уулаас онцгойлон авч үзэх учиртай. Анх Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Энхтайван нар хамтран анхны тахилгыг хийсэн. Түүнээс хойш гурван жил дараалан тахиж ирсэн ч сулрах хандлага байгаа. Бурхан Халдун бол Чингис хааны түүхт өлгий, зүүн бүсийн цэвэр усны хагалбар газар, Хэнтий аймгийн нутагт манай Өмнөдэлгэр сумын нутагт байдаг уул учраас бид хамгаалалтын асуудлыг байнга ярьж, анхааруулж ирсэн. Тиймээс энэ талаар ярьж байгаа Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн саналыг дэмжиж байна. Эрдэмтэн, судлаачдын ярьж байгаа судалгаа, шинжилгээний асуудалд нэг талаас төрийн бодлого чухал юм. Тэр нь дотооддоо болоод гадаадын судлаачдын төвшинд ямар байх нь цаашид яригдах байх. Түүнээс өмнө хамгаалалтын асуудлаар шийдвэр гаргах нь чухал. Бидний зүгээс төрийн онцгой обьектийн хамгаалалтад аваач, хамгаалалтын хэлбэр нь дотоодын цэрэг, эсвэл хилийн цэргийн анги, салбар байх уу. Энэ талаар тодорхой ажил хийгээч гэсэн ч өнөө хүртэл шийдвэр гараагүй. Бурхан Халдуныг тэр хэмжээнд хамгаалах ёстой гэсэн бидний байр суурь хэвээр байгаа. Халдун хайрхан хамаг монголчуудын шүтээн гэж эрт үеэс үзэж 1000 урианхай хамгаалж ирсэн түүх эх сурвалжид бий. Тэр нь түүхийн урт хугацаанд суларсаар зах зээл эхлэх үед алга болсон. Сүүлийн үед Багануур орчмоос алтны эрэлчид том машин хөлөглөж очдог. Цаад талаас Оросын хилээс алтны уурхайнууд шаламаа цутгадаг мэдээлэл бий. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Байгаль орчны байнгын хорооны дарга, УИХ, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, түүхч, судлаач, археологчид оролцож байгаагийнх асуудлыг сайтар ярьж, тодорхой шийдэл гаргана гэдэгт найдаж байна. Бид мөн цааш нь бусад нөхөддөө хэлье. Төрийн зүгээс шийдвэр гаргахад бид дэмжиж ажиллана. Одоо харин тийш нь том машинтай хүмүүс явуулахыг яаралтай хориглох хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр, аялал жуулчлалын том обьект болох талаас ирэх жилийн төсөв, төлөвлөгөөнд оруулж одооноос ярих ёстой болов уу. Багануураас цааш 80 орчим км засмал зам тавих хэрэгтэй. Хүн болгон Бурхан Халдуны орой руу давхиж очдогоо больж Босго тэнгэрийн даваа орчим талбай засч уулаа бүтнээр нь харах орчинг бүрдүүлвэл оновчтой шийдэл болно.
Г.Баярсайхан /УИХ-ын байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга/:
ОНЦГОЙ БҮС БОЛГОХ ХУУЛЬ САНААЧИЛЪЯ
-Нүүдэлчин монголчуудын дээд шүтээн бол Бурхан Халдун уул. Энэ уулыг олон зууны тэртээгээс Монголын төр хамгаалж ирсэн. Бид энэ уламжлалыг үргэлжүүлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Байгаль орчин талаас авч үзвэл өнөөдөр нөхцөл байдал яагаад ийм боловч гэдэгт улстөрчид өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Сонгууль болохоор бүлэг, фракц, намаараа очоод зулай дээр нь нисдэг тэргээр буудаг. Энэ хамгийн муу жишээ, Монголын ард түмэнд. Түүгээр зогсохгүй түүх рүүгээ нулимж байгаа хэрэг. Би 1990-ээд оноос эхэлсэн төрийн тахилгыг буруутгахгүй. Гэхдээ сая Отгонтэнгэр уулыг тахисаны дараа 30 машин хог гарсан байна. Тэгвэл саяхан хоёр нөхөр Бурхан Халдун руу яваад зургаан шуудай архины шил түүсэн гэж байна. Тэгэхээр бид эхний ээлжинд яах ёстой вэ гэвэл төрийн тахилгат уулуудыг тахих журмыг өөрчлөх ёстой. Хүн болгон өөрийн биеэр хүрэлцэн очиж тахисанаар сайн болчихгүй. Сэтгэлээрээ шүтэж, хайрлаж, дээдэлж явахыг би тахина гэж ойлгож байгаа. Иймд очъё гэсэн болгоныг явуулаад байж болохгүй. Улс түмнүүдийг харж байхад уул усаа тахиж шүтдэг нь цөөн. Монголчууд Бурхан Халдунаа, японууд Фүжи уулаа, балбууд Жомолунгма уулаа шүтдэг байх. Цөөхөн ард түмэн ийм шүтлэгтэй. Өнөөдөр Бурхан Халдун уулыг төрийн тусгай хамгаалалттай уулын журмаар зохицуулдаг, мөн дархан цаазтай болгосон. Гэтэл энэ хүрээнд онцгой хамгаалагдаж чадахгүй байна. Өмнөх түүхээс үзэхэд овог, аймгаар нь, нутгийнард иргэдээр нь хамгаалуулж ирсэн. Энэ санааг үндсэндээ Ц.Оюунгэрэл сайд хэлж байна. Гэтэл түүнээс хойш цаг үе нь хэдэн зуунаар улирсан учраас өнөөгийн нөхцөлд тэр хэлбэрээр хамгаалах боломжгүй. Тиймээс Бурхан Халдун уулд зориулсан хууль гаргах ёстой. Эсвэл төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд онцгой бүс байж болох өөрчлөлт оруулж болно. Бид Бурхан Халдун уулаа үнэхээр хамгаалах хэрэгтэй гэж үзэж байгаа бол хууль хэрэгтэй. Энэ талаар Ц.Оюунгэрэл сайдтай санал солилцоход “Бурхан Халдун уулыг онцгой бүс болгох хуулийг та санаачилбал манай яам дэмжъе” гэж байна, Б.Бат-Эрдэнэ гишүүн мөн дэмжихээ илэрхийллээ. Бид онцгой бүс гэж зарладаг, төрийн хамгаалалтын цэрэгжсэн байгууллагаар хамгаалуулдаг. Тэгвэл улс эх орны эх нь Бурхан Халдун уулаас эхэлсэн байна шүү дээ. Тэгэхээр тэр уулыг хамгаалах учиртай.
Байгаль орчны байнгын хорооноос энэ асуудлыг онцгой анхаарч байгаа. Монголын төрөөс байгаль орчныг хамгаалахад онцгой анхаарч, ажиллаж ирсэн. Усан сан, ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хуулийг Б.Бат-Эрдэнэ гишүүн санаачилсан нь үр дүнгээ өгч байгаа. Гэхдээ хэрэгжилтэд саад бэрхшээл тулгарч байгааг хэлэх хэрэгтэй. Байгаль орчны 10 багц хуулийг УИХ баталж гаргасан. Амьдралд ойр хууль болсон. Тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд 70-80 журмыг баталж байна. ТББ, эрдэмтэн, судлаачид хамтран Бурхан Халдунаа ямар хэлбээр, ямар хэмжээнд хамгаалах вэ гэдэг асуудал бий. Ор тас хориглож болно, гэхдээ энэ бол 800 жилийн өмнөх цаг үе биш. Та бүхний ярьж байгаагаас аялал жуулчлал, эрдэм шинжилгээ, судалгаа, нутгийн иргэд нийлсэн бодитой зүйлд хамтраад дүгнэлт хийх хэрэгтэй юм.
Д.Ганбат /УИХ-ын гишүүн/:
ТҮҮХЭЭ БАТАЛГААЖУУЛАХАД АНХААРНА
-УИХ-ын хаврын чуулганы өмнөхөн Г.Баярсайхан болон бидний хэдэн гишүүн хуулийн төсөл өргөн барьсан. Чингис хаан, их хааны билэг тэмдэгтэй хэрхэн харьцах, хүндэтгэлтэй хандах талаар төсөлд тодорхой заасан. Монгол Улс 200 жил Манжийн дарлалд байсан бол Ардын хувьсгалаас хойшхи 70 жил Оросын нөлөөнд байсан. Үүнээс үзэхэд бараг 300 жил гадныхны үгээр явж ирснийг та бид мэднэ. Ардчилсан хувьсгалаас хойш түүхээ тодруулж, үнэт зүйлээ хамгаалахад анхаарч ирсэн. Өнөөдөр хэлэлцүүлэгт хийж байгаа нь ч үүний нэг илрэл юм. Бидний хувьд эрж хайгаад байх зүйл үгүй. Бусад улс орныг харахад түүхээ хайж байна. Сологосын кинонууд манай хүүхэд, залуусыг яаж төөрөлдүүлж байна вэ. Гэтэл бид эрж хайгаад байхааргүй агуу түүхтэй, түүнийг нотолсон, баталсан зүйлүүд нь байна. Тухайлбал, Бурхан Халдун уул гэхэд л “Монголын нууц товчоо”-нд тодорхой дурьдсан, тэмдэглэж үлдээсэн байдаг. Чингис хаан хүүхэд байхаас эхлээд тэнд очиж эрч хүчээ авдаг байсан гээд түүх бичигт байна. Би түрүүнд хэлсэн 300 жил бид гаднынхны үгээр явж ирсэн. Одоо харин Чингис хааныхаа шарилыг олох нь зөв юм уу, буруу юм уу. Дэлхийн II дайны түүхээс үзэхэд Доголон Төмөр хааны булш Дундад Азид байдаг. Түүнийг нээвэл дайн үүсч олон хүн хохирно гэсэн домог нотлогдсон. Нөгөө талаас бид Бурхан Халдуныг орчин үетэй холбоё гэж байна. Олон жил өнгөрч байхад яагаад “Монголын нууц товчоо”-ны мөрөөр гэсэн аялал зохиож болоогүй юм. Дэлхийн түүхтэй газруудад очиход сүртэй үүх, түүх байдаггүй. Тэгсэн атлаа түүнээс мөнгө босгож чадаж байна. Гэтэл манайх бол өөр. Түүх нь бэлэн байж байна шүү дээ. Монгол Улсын одоогийн байгаа геополитик Чингис хааны үеийнх гэдгийг сурталчилж таниулах ёстой.
Энэ талаар түүхч, судлаачид дуугарах хэрэгтэй. Аливаа зүйл эхлээд оч, дараа нь дөл, эцэстээ түүдэг гал болдог. “Зууны мэдээ” сониноос санаачилга гаргаж, та биднийг цуглуулаад асуудал өрнүүлж байгаа нь улс орныг нэтгэсэн, үнэт зүйлийг хамгаалсан ач холбогдолтой шийдвэрт хүрнэ гэдэгт итгэж байна.
С.Чулуун /ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал/:
ЦОГЦ СУДАЛГАА ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
-Энэ асуудалд хэр их ач холбогдол өгч анхаарах нь Г.Баярсайхан гишүүний хэлээд байгаа бидний түүхийг үгүйсгэж байгаа асуудалд хариу болно. Түүгээрээ бид Чингис хаанаа, үүх түүхээ өмчилж чадна. Гэтэл хэлэлцүүлгийн явцад сонсоод байхад нэг зүйл тодорхой байгаа нь бидэнд судалгаа бага байна. Тиймээс уул тойроод яриад байна. 1920-иод оноос эхлэн Монголын эрдэмтэд судалсан. Гэхдээ зөвхөн нэртэй нь ноцолдсоор байгаад ирсэн. Нөгөөтэйгүүр нэрийн цаана бас утга байсан. Нэрийг зөв тайлбарлаж чадвал тэр уулын утга учрыг олно гэж бодож байсан. Жамъян гуай, Х.Пэрлээ гуай, хамгийн сүүлд судалсан Бадамхатан нарын судалгаа тийм байсан. Би Г.Бадамсамбуугийн хэлж байгаатай санал нэг байна. 1870-аад оны үеэс дэлхий Бурхан Халдуны зүг анхаарч эхэлсэн. Тэр дотор англичууд, францууд, оросууд байсан. Ганц жишээ хэлэхэд 1913 онд Английн Бээжинд сууж байсан төлөөлөгч нууцаар Сэцэн ханд ирж ажилласан байдаг. Түүний 280 хуудас материал одоогоос хэдхэн сарын өмнө Эзэн хааны академиас олдсон. Тэнд Хайлаар, Сэцэн ханаар дамжин Бурхан Халдуныг тойроод хүрээнд ирсэн баримт, тухайн үед авсан маш олон гэрэл зураг байна. 1924 онд Оросын эрдэмтэн Владимирцов бас ирсэн. Англи, Орос, Франц нэлээд гол зүйлүүдээр Бурхан Халдун руу анхаарал хандуулж байсан. Өнөөдөр бид тэдний судалгааны материалуудыг дэлгэж хараагүй учраас хэлэхэд хэцүү. Гэтэл Оросын Санктпетрбургийн шинжлэх ухааны академийн архивт Бурхан Халдун болоод Сэцэн ханы нутагт хийсэн тэр судлаачдын гар бичмэлүүд, газрын зургаас эхлээд бүх юм нь байна. Судлаачид өөрсдөө ярьж, тэр материал дээр ажиллаад түүний дараа хамгаалалт хийх, аялал жуулчлал хөгжүүлэх асуудлаа хэлэлцэх нь зүйтэй санагдана. Бурхан Халдуныг судлах юм бол цогц судалгаа хийх хэрэгтэй. Тэр бол ганц археологийн судалгаа биш юм. Түүх, палентологи, соёлын судалгааг цогцоор нь хийх хэрэгтэй. Тэгж байж судлах ёстой болохоос хайгуул малтлага хийх биш юм. Үндэсний болоод гадаадын судлаач оролцсон нэгдсэн судалгаа хийх юм бол үүнийг хийх хэрэгтэй. Тухайлбал, эргэн тойрныг нь хамгаалж ирсэн аман түүхийн судалгаа байна. Мөн бичгийн сурвалжийн судалгаа байна. Манай архивт маш их юм байгаа шүү дээ. Түүнээс гадна гадаадын архивуудад байгаа материалууд бий. Тэр бүс нутагт нууцаар ажилласан хүмүүсийн судалгаа хадгалагдаж үлдсэн байна. Ялангуяа японууд нэлээд анзаарсан байдаг, 1910-аад оноос. Чингис хааны голомт хаана байна гэж эрж сурсан нь бий. Тэгэхээр энэ бүхнийг цогц болгоод дахин ярилцах юм бол арай илүү бодитой зүйл ярих болов уу. Тэр эх сурвалжуудыг ч авчирч байгаад яръя. Тэр хүмүүсийг зүгээр явуулаагүй байх шүү. Мөнгө гаргасан газрыг нь судалж үзэхэд дандаа хааны нийгэмлэг юм уу, геополитикийн чанартай гаргасан зардал байдаг. Тэгэхээр асар их бодлоготой хандаж байсан байгаа биз. Хэлэлцүүлгийн дүнд ийм цогц судалгааг салбарын яамнаас юм уу, төр, засгаас дэмжиж хийвэл манайд боловсон хүчин байгаа. Түүний дараа асуудлаа ярих хэрэгтэй.
Г.Бадамсамбуу /сэтгүүлч, судлаач/:
ЭРДЭМТДИЙН САНАЛЫГ СОНСОХ ЁСТОЙ
-Ж.Чулуун докторын саналыг дэмжиж байна. Хэлэлцүүлгийн явцад өмнө нь сонсч байгаагүй шинэ мэдээллүүд гарч ирж байгааг хүмүүс анхаарсан байх. Тухайлбал, 1910-аад онд тийм том экспедиц ирж тайлан гаргасныг манайхан өнөө хүртэл мэддэггүй. Тухайн үед ирж байсан экспедицүүдийн тайлан байхгүй. Тэдгээрийг нэтгэвэл хэдэн боть ном болж мэдэхээр байна. Би түрүүнд хэлсэн танин мэдэх хэрэгтэй гэж. Тэгэхээр төр эхлээд энэ ажлыг явуулж эрдэмтдийг ажиллуулах хэрэгтэй. Аялал, жуулчлалын нөөц бүтээгдэхүүний гол нь энэ сурвалж дээр төвлөрдөг учраас эрдэмтдийн саналыг сонсох хэрэгтэй юм.
Ц.Цэрэндорж /ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрхлэгч/:
ТҮҮХЧ, АРХЕОЛОГИЧДЫН БАГ ТОМИЛЖ СУДЛУУЛЪЯ
-Гадаад дотоодынхон Бурхан халдуныг сонирхож байгаа хоёр шалтгаан бий. Эхнийх нь монголчуудын анх үүсч гарсан Бөртэ чоно, Гоо марал тэнгис далайг гаталж ирээд Бурхан Халдун ууланд нутаглав гэж байдаг. Иймээс монголчууд бид шүтэж байгаа юм. Харин гадаадынхны хувьд тэнд Чингисийн шарил, бунхан байгаа гээд олох үүднээс илүү сонирхдог. Бидний хувьд Чингис хааны шарил байсан ч, байгаагүй ч Бурхан Халдун уул монголчуудын шүтээн, ариун дагшин газар байх нь ойлгомжтой. Тиймээс хамгаалах асуудал одоо ярьж байна. Бүүр ч их хоцроогүй асуудал учир яаралтай хамгаалалтад авах ёстой байх. Түүний дараа ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх болон бусад асуудлыг нэлээд нухацтай хийх хэрэгтэй. Одоо Бурхан Халдуны судалгаа хийгээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг ярьж байна. Сурвалжийн судалгаа, түүхийн судалгаа, угсаатны судалгаа, тахилгын судалгаа, тэр дотроо тахилга гэхэд хэдэн янз байсан юм, уулыг тахиад байгаа юм уу, өвгөдийнхөө сүмийг тахиад байгаа юм уу энэ бүх асуудлын учрыг олсны дараа бусдыг нь ярих хэрэгтэй. Монголын түүх ялангуяа Дундад зууны, Эзэнт гүрний үеийн түүх үндсэндээ дэлхийн түүх. Тиймээс дэлхийн маш олон орны эрдэмтэн хэдэн зуун жил судалж ирсэн. Судалгаа, сурвалжийг бид үзээд барахгүй. Манай эрдэмтэд энэ талд нэг их дээгүүр давхиж чадахгүй байна. Судлаачдаа нэмж, дэмжих хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд Бурхан Халдуныг нарийн мэдэх хүн байхгүй шүү. Тэгэхээр энэ талын тусгай баг гаргаж археологийн судалгаа хийх хэрэгтэй. Ажилтай хүмүүсээр ийм зүйл хийлгэвэл үр дүнгээ өгөхгүй. Тиймээс тусгай баг гаргаж 2-3 жилийн ул суурьтай судалгаа, бүх зүйлийг хийсний дараагийн асуудал ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэх талаар ярих ёстой болов уу. Энэ талаар олон хүн судалдаг гэж боддог байх. Үнэндээ Түүхийн хүрээлэнд 30 гаруй хүн ажилладаг. Гэтэл Монголчууд хэдэн жилийн түүхтэй билээ. Тэр дундаа Эзэнт гүрний түүхийг зургаан хүн судалж байна. Дэлхийн 200 жилийн түүхийг зургаан хүн судалж чадах уу. Аманд ч үгүй, хамарт ч үгүй юм болж байна. Тиймээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй.
Ч.Энхтайван /Цагаан шонхор компанийн захирал/:
ОНЦГОЙ БҮС БОЛГОЖ, ДОТООДЫН ЦЭРГЭЭР ХАМГААЛУУЛЪЯ
-Би 1990-ээд онд Бурхан Халдуныг анх төрийн тахилгатай болгосон үеэс эхлэн дэмжиж оролцож ирсэн. Анх Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай, Ерөнхийлөгч асан П.Очирбат нар санаачлан тахисан. Тэр үед төр хувийн компанийн дэмжлэг авдаг байсан юм. Эхний хэдэн тахилгыг манай “Цагаан шонхор” компани ивээн тэтгэсэн. Д.Бямбасүрэн гуайн захиалгаар Бурхан Халдун хайрханы шүншгийг тахисан. Өөрөөр хэлбэл, хуучин шүншгийг большвекуудын захиалгаар ухаж авсан гэх мэдээлэл байдаг. Иймээс дахин шүншиглэсэн. Бурхан Халдун Монголын түүхтэй салшгүй холбоотой.
Тэнд Чингис хааны шарил байгаа гэдгийг гадаад, дотоодын олон зуун жилийн судлаачдын гаргасан асуудал учраас бидэнд итгэл үнэмшил байна. Зарим нь сэтгэлийн хөөрлөөр Чингис хааны булш тэнд бий гэж хэдэн жилийн өмнө зарласнаас болж сэтгэл зовниж байсан. Тэр үнээхэр үнэн бол гаднаас зэвсэглэсэн этгээдүүд орж ирээд ухчихвал яах вэ. Хэн хамгаалж чадах юм. Манай ганц нэг нисдэг тэрэг мэдээ аваад очно. Тэднийг устгачихвал хэн мэдэх вэ. Энэ хамгийн бодитой аюул. Бурхан Халдунд ихэсийн газар байх магадлал маш өндөр. Тиймээс сүүлийн үеийн гадаадын болон дотоодын булш ухагчид олз омог хайгчдаас хамгаалж төрийн онцгой хамгаалалтад байлгах хэрэгтэй. Хоёр гуравхан байгаль хамгаалагч биш, дотоодын зэвсэглэсэн хамгаалалт байх ёстой гэж бодож байна. Мөн Босго тэнгэрийн даваанаас цааш хүмүүсийг очуулахгүй байх талаар хуульчлах хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнө тахилга хийхээр явахад тэнд циркийн баавгай тавьчихаж. Тэр нь хүн рүү хамаагүй дайрдаг гэхээр нь болгоомжлоод хуучин тахиж байсан газар дээрээс нь тахьсан. 14 км-ийн зайтай хажуу талын даваанаас дээрээс тахьсан. Хуучин уламжлал тийм байсан юм билээ. Тахилга хийхэд байгалийн маш их бэрхшээлтэй газар учир их тахилгаар хэдэн зуун машин, хүн очоод ойр орчныг нь сүйдэлчихдэг. Тиймээс Босго тэнгэрийн даваанаас цааш машин явахыг бүрэн хориглох хэрэгтэй. Онцгой шаардлагатай үед нисдэг тэргээр юмуу, мориор очдог байх хэрэгтэй. Мал байхгүй, ан амьтан хүртэл ховор ширэнг ойтой бэрх газар. Байгалийн тэр тогтолцоо нь их өвийг хамгаалахад эргэлт болж байсан. Мөн гадаадын судлаач, байгууллага, хаанахын ямар ч байгууллага байсан хоривол яасан юм. Шаардлагатай гэж үзвэл, төр засгийн захиалгаар мэргэжлийн байгууллага, судлаачид хамтарч судалгаагаа сайн хийж авъя. Би залуу байхдаа олчих юмсан, олчихвол түүхэн сурвалжууд гарч ирнэ. Чингис хаан Монголынх гэсэн баталгаа болно, хааны булшийг байрлуулаад аялал жуулчлалыг зохион байгуулж их мөнгө олъё гэж боддог байсан үе бий. Гэхдээ олон хүн эсэргүүцэж байсан юм. Яаж хамгаалах юм бэ, танай улс хамгаалж чадах уу гэж асуудаг байсан. Үнэхээр бид динозаврынхаа олдворуудыг хамгаалж чадахгүй байна шүү дээ. Музейгээсээ эрхлэгч нь хамаг юмыг нууцаар гаргаж байна. Тэгэхээр бид хамгаалж чадна гэсэн ямар баталгаа байгаа юм. Цаг нь болсон юм уу. Ер нь гадныхан шиг булшийг нь ухаж гаргаж их хааныхаа ясыг өндөлзүүлэх хэрэг байна уу. Манай ёс заншил ондоо шүү дээ. Суурин улсын соёл иргэншлээс өөр. Шаардлага байгаа юм уу. Тэгэхээр хэрэггүй байх гэж бодож байна. Шаардлагатай гэж үзвэл Монголын мэргэжлийн байгууллага нь гадаадын судлаачидтай хамтарч үндэсний аюулгүй байдлаас зөвшөөрөл авч байж судлах ёстой. Тэгээд ч гадаадынханд манайхаас илүү гарч мэдэх зүйл байхгүй, ганцхан техник технологийг ашиглаж болох юм.
С.Дашдаваа/ БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн/:
БУРХАН ХАЛДУНЫГ ЗОРЬЖ ОЛОН ЖУУЛЧИН ИРДЭГ
-Бурхан Халдуныг хамгаалах тусгайлсан журам, баримт бичиг гаргах хэрэгтэй. Хууль гаргасан ч буруугүй. Тахилгатай уулаа хамгаалах дотоодын цэргийн нэг салаа байхад яагаад болохгүй гэж. Байгаль, дурсгал, соёлынх нь талаас яаж хамгаалах вэ, хэрхэн зохицуулах талаар хуульчилж болмоор санагдана. Нөгөө талаар хамгаалалтын дараа судалгаа шинжилгээний ажлыг яаж явуулах талаар ярилцах нь зүйтэй. Энэ талаар “Цагаан шонхор” компанийн захирал Ч.Энхтайван гуайн саналыг дэмжиж байна. Гадаадынхнаар судалгаа, шинжилгээ хийлгэхийг дэмжиж болохгүй. Монголын түүх, археологийн судалгаа хийдэг эрдэмтэд чадалтай, тэр ажлаа хийж чадна. Техник хэрэгслийн асуудал байдаг байх. Бурхан Халдун уулаа тал талаас судлаад шийдэлд хүрэх төсөл боловруулах юм уу, баг гаргаж зохион байгуулж болох байх. Мөн ялал жуулчлалын асуудал байна. Манай Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, салбарын яамнаас хийж байгаа ажил бий. Хэнтий, Төв аймгийн Засаг дарга нар ийм хэлэлцүүлэг хийж байсан юм. Тэгэхээр орон нутгийн удирлагууд энэ талаар санаачилгатай, дэмжих сонирхолтой байгаа. Тахилга хийдэг газар руу явахыг хориглохыг журамдаа тусгах ёстой. Алсаас хардаг, ажиглах байгууламжуудыг бий болгодог байх хэрэгтэй. Аялал жуулчлалын компаниуд гадаадаас хэдэн арваар нь жуулчид аваад ирдэг. Бурхан Халдун ууланд гаргана гээд манай яаманд ирж байгаа юм. Бид зөвшөөрдөггүй. Тэд янз бүрээр үзнэ. Тэгж ярих юм бол эмэгтэй хүн очиж байсан зэргээр ярьж байгаа юм. Манай аялал жуучлалын компаниуд ашгаа бодоод ийм л байдалтай байна. Тиймээс хууль журамаа өвөг дээдсийн захиас, Монголын ёс зан заншил аль алиныг бодолцож хийх нь зүйтэй.
Б.Хашмаргад /Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга/:
ХОЁРХОН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ХҮЧИН МӨХӨСДӨНӨ
- Бурхан Халдун уулын хамгаалалтыг хийхэд хүмүүсийн ярьж байгаа саналууд үнэтэй юм. Учир нь энэ бүс нутаг дэлхий нийтээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч, гаднын судлаачдын болон шунагчдын хараанд өртөж байдаг. Хамгаалалтын захиргаа байгаль орчин талаасаа хамгаалж байгаа. Нөөц боломжоороо хоёр байгаль хамгаалагч ажилладаг. Ийм хүчээр удаан хугацаанд хамгаалж, гаднын халдлагад өртүүлэхгүй гэдэг нь хүнд. Бурхан Халдун уулын тахилга, тайлгатай холбоотой Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлиг бий. Түүнд төрийн тусгай хамгаалалттай уулуудаас Бурхан Халдун уулыг онцолж хар сүлдний тахилгатайгаар тусгасан. Отгонтэнгэр, Богд, Алтан-Овоо зэрэг ууланд ийм зүйл байхгүй. Ганцхан Бурхан Халдун ууланд бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх шийдвэр гаргасан. Тэгэхээр Батлах хамгаалах яам, дотоодын цэргүүдтэйгээ хамтраад хар сүлдний тахилгатай уулыг хамгаалах гарц байж болох юм. Мөн БОНХЯ-нд боловсруулагдаад бэлэн болж байгаа Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээ хийх журам батлагдах төвшиндөө хүрч байгаа. Энэ журамд манай Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газраас оруулж байгаа асуудал нь сүүлийн үед сонинд тавигдсан асуудалтай холбогдуулан тусгай хамгаалалттай газарт шинжлэх ухааны хүрээлэнгийн эрх бүхий хүмүүсийн шийдвэрээр батлагдсан төлөвлөгөө удирдамжтайгаар баталгаажсан хүмүүс салбарын яаманд төлөвлөгөөгөө танилцуулж, зөвшөөрөл аван хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулж ажиллана гэсэн саналыг тусгасан. Харин аялал жуулчлалын маршрутын хувьд тусгай хамгаалалтай газар нутагт зорчих асуудлыг үндсэндээ зогсооё гэсэн бодолтой байна. Хүмүүсийн санал ч нийлж байна. Гэхдээ бидний дээр үеэс уламжлаад ирсэн ёс заншлаа хүндэтгэх үүднээс Босго тэнгэрийн давааг давуулахгүйгээр наад талаас Бурхан Халдун уулыг хардаг байх нь зүйтэй. 16 км орчим агаарын зайнаас дурангаар харуулаад буцаадаг байж болно. Машинаар явуулж байгаль сүйтгэхгүй. Бид нар зам талбай гээд байгаагаас биш газар доор нь түүхийн ямар их үнэ цэнэтэй юм байгааг мэдэхгүй. Тиймээс энэ газар нутгийг хамгаалах үүднээс мориор явдаг маршрутыг нэгдүгээрт бий болгоё гэсэн саналыг дэвшүүлж байна. Хэлэлцүүлэгт шийдвэр гаргах төвшний хүмүүс оролцож байгаад олзуурхаж байна. 2014 онд Бурхан Халдун уулын их тахилга болох ёстой. Тахилыг үйлдэх хамгаалалтын захиргааны зүгээс нэг саналыг уламжилмаар байна. Тодруулбал, тахилга, тайлга гэх хоёр үйлийг ялгаж оруулмаар байна. Түүхэн уламжлалаараа бодсон ч Бурхан Халдунд цөөн тооны хүмүүс очиж тахилгыг хийдэг. Тайлгын наадмыг 1918 оноос арван засгийн наадам гэж нэрлээд Хан Хэнтий уулын тайлгын наадмыг наад талд нь хийдэг байсан. Энэ талаар журамдаа оруулах юм уу зохион байгуулалттайгаар хийх юм бол хүмүүс тусгай хамгаалалттай газар руу явахаа болино. Тэр олон морь мал уяачид, гуанз, бараа таваар ачиж явдаг байдлыг журамлах боломжтой. Хуучин арван засгийн наадмыг Хэрлэнгийн гүүр орчим хийдэг байсан гэдэг. Тэгэхээр бид уламжлал тал руу нь хандуулж, хүмүүсийн тахилга шүтээн сэтгэхүйд хандуулбал илүү үр дүнтэй болох байх. Энэ талаар тахилгыг зохион байгуулах үеэр ажлын хэсэг хуралддаг. Энэ үеэр та бүхэн санаа оноогоо нэмэрлээч гэж хүсэх байна.
Г.Бадамсамбуу /сэтгүүлч, судлаач/:
ОРОЙД НЬ ГАРДАГ ХҮНИЙ ТООГ ЦӨӨЛЬЕ
-Хэрэв холоос хардаг аялал жуулчлалын маршрут гаргавал дэлхийд хүрч чадахгүй ганцхан үзмэр бий болох байх. Дэлхийн өвд бүртгэгдсэн бүх ариун уулс, тахил сүмүүдэд дандаа хүмүүс очдог. Тэнд нь зохицуулчихсан аялал жуулчлалын хэлбэр байгаа юм. Тэгэхээр манайх дэлхий дээр алсаас харуулдаг ганцхан үзмэртэй болох нь.Угаасаа нууц байсан үзмэр нууцаараа байх, хүмүүсийн сонирхлыг улам их татах өвөрмөц зүйл бий болох юм байна. Тиймээс үүнийг илүү амттай, сонирхолтой, давтагдашгүй байлгах мэдрэмжийг өгдөг хэмжээнд энэ бүтээгдэхүүнийг боловсруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дэлхийн ганц ариун нууц үзмэр болох юм. 20 жилийн өмнө энэ талаар хэн ч мэддэггүй байлаа шүү дээ. Чингис хаан түүхэнд бичсэнээр ганцаараа тэр ууланд явдаг, арми нь наана уулын бэлд голын хөндийгөөр байдаг уламжлалтай. Тиймээс төрийн тэргүүн болон цөөн хэдхэн хүн очдог, бусад нь уулын бэл юм уу тэр хавиар байрлаж тайлгын наадмаа хийдэг уламжлалтай байвал сайхан байх болно.
Б.Хашмаргад /Хан Хэнтийн хамгаалалтын захиргааны дарга/:
ХОЁРХОН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ АЖИЛЛАЖ БАЙНА
-Эрт үеэс олон эх сурвалжид Бурхан Халдун уулыг онцгойлон хамгаалж ирснийг дурьдсан байдаг. Халх журам, бусад хууль цаазын бичгүүдэд Бурхан Халдуныг хамгаалах талаар дурьдсан байдаг. Сүүлийн үед Бурхан Халдун уулыг хамгаалах асуудал төрийн анхааралд орсон байгаа. Дархан цаазат газрын ангиллаар хамгаалж байна. Тусгай хамгаалалттай газрын сүлжээнд оруулах дөрвөн нөхцөл байдаг юм. Тэр нөхцлөөр дэглэм, горимын өндөр шаардлагаар хамгаалж байна. Дархан цаазат газар нь дотроо онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж гурван бүстэй. Бурхан Халдун бол хязгаарлалтын бүсд байдаг. Хязгаарлалтын бүсийн дэглэмийг хуулиараа тогтоочихсон байгаа. Бидний хувьд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд холбогдох дүрэм журмын дагуу Бурхан Халдун уулыг хамгаалж байгаа гэж ойлгож болно. Зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг холбогдох яамдууд хэрэгжүүлдэг. 1992 оны Ардын Их Хурлын тогтоолоор анх тусгай хамгаалалтад авч байсан юм билээ. Одоогоор Бурхан Халдун уулыг онцгойлон хамгаалдаг байгаль хамгаалагч нэг байсан. Сая дөрөвдүгээр сарын 1-нээс хоёр болгож нэмсэн. Бурхан Халдун уулын орчимд хяналт шалгалтын постуудыг шинээр нэмж, аялал жуулчлалыг зохицуулах ажлуудыг хийж эхлээд байна. Дотоодын цэргийн хамгаалалтаар хамгаалах уу, эсвэл өөр шийдэл хайх уу гэж ярилцаж байна. Бурхан Халдун уулыг онцгой бүс гэж тогтоохоос илүү одоо байгаа тусгай хамгаалалттай газрын хуулийн хэрэгжилтэд илүү анхаарах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Аялал жуулчлалын хувьд зөвшөөрөгдсөн бүсд тодорхой маршрутын дагуу үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байдаг. Бурхан Халдун руу явдаг зам, маршрут нь зөвхөн сүсэг бишрэл, эргэл мөргөлийн хэлбэртэй болохоос баталгаажсан зам, харгуй байхгүй байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас аялал жуулчлалын зам, маршрутыг тодорхой болгох ажлуудыг хийж байна. Үүнд хамгаалалтын захиргаа болон нутгийн иргэдийн дэвшүүлж байгаа саналын хувьд босго тэнгэрийн давааг давахыг дэмжихгүй байгаа. Босго тэнгэрийн давааны наад талаас өндөр уулан дээрээс Бурхан Халдун уулыг дурангаар хардаг газруудыг байгуулах маягаар аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий гэж харж байна. Хэрэв ингэвэл аялал жуулчлал зөв хөгжинө. Мөн зохицуулалттай болно. Сонирхсон байгууллага нь хариуцлагатай болох нөхцөл бүрдэнэ гэж бодож байна.
Н.Уртнасан
/ Бурхан Халдуныг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлын хэсгийн ахлагч/:
ТАХИЛГЫН БҮХ ТӨРЛИЙГ АГУУЛСАН ИЙМ УУЛ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ
-Бурхан Халдун уулыг дэлхийн өвд бүртгүүлэх урьдчилсан жагсаалтыг 1997 онд оруулсан байдаг. Түүнээс хойш энэ талаар хөөцөлдөх боломж байсангүй. Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дагуу хоёр яам шийдвэр гаргаж, ажлын хэсэг гаран өнгөрсөн зун ажиллалаа. Дэлхийн өвд бүртгүүлэх уул бол гарцаагүй мөн л дөө. Дэлхийн өвд шүтлэг, тахилгатай 20-иод уул байдаг. Манай нүүдэлчин соёлыг илтгэсэн ганцхан уул дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. Тэр уул Бурхан Халдунтай харьцуулахад тийм ч алдар хүндтэй уул биш л дээ. Тиймээс Бурхан Халдун уулыг дэлхийн өвд гарцаагүй бүртгүүлэх ёстой гэж бид өнгөрсөн жилээс ажилласан. Ямар утгаар гэхээр гурав, дөрвөн үнэт зүйл байгаа юм. Нэгдүгээрт, энэ уул эртнээс тахиж ирсэн, шүтлэгийн зан үйл нь дэлхий дахинд үнэ цэнэтэй. Шүтлэгийн бүхий л хэлбэрийг өөртөө агуулж байдаг. Ийм тахилгын бүх төрлийг хамарсан уул дэлхийд бараг байхгүй. Энэ бол дэлхийн түүхийн гарцаагүй гэрч, нотолгоо. Яагаад гэхээр Чингис хааны амьдралтай салшгүй холбоотой. Их Монгол улсын үүсэлтэй салшгүй холбоотой уул мөн. Судалгаагаар Бурхан Халдун уулын тухай “Монголын нууц товчоо”- д яг энэ нэрээр нь 27 удаа дурьдсан байна. Тэгэхээр энэ бол гарцаагүй Азийнх ч биш дэлхийн түүхтэй холбоотой уул юм. Энэ бол дэлхийн өвд бүртгэгдэх нэг том шалтгаан юм. Шалгуур нь угаасаа хүн төрөлхтний түүхийг нотолсон байна гэж байдаг юм. Нөгөө талаар зөвхөн Чингис хааны дурсгалаар гайхалтай биш. Биет бус соёлын өвийн жинхэнэ илэрхийлэл юм. Нүүдлийн соёл иргэншил, язгуурын монгол соёл эргэн тойронд нь жинхэнэ утгаараа хөгжсөн байна. Археологийн болоод түүхийн олдвороороо асар их үнэ цэнэтэй. Мөн байгалийн асар их үнэ цэнэ бий. Дэлхийн том хагалбар газар тэнд байна. Олон гол мөрөн тэндээс урсаж дэлхийд цутгаж байна. Ерөөс Азийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад Бурхан Халдун уул, түүний эргэн тойрон дахь байгаль онцгой ач холбогдолтой. Тиймээс дэлхийн өвд бүртгүүлж болно. Иймээс хамгаалах зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр хууль журмын дагуу хамгаалалтад авсан боловч огтхон ч хангалтгүй байна. Агуу их шүтлэгтэй, түүхтэй нутаг азаар тэр хэвээрээ явсаар байгаад ирсэн юм биш үү. Одоо л болохоо байж эхэллээ шүү дээ. Дуртай хүн нь авирдаг, дуртай хүн нь ухдаг. Тэрүүгээр явж байхад энд тэнд ухчихсан байдаг шүү дээ.
З.Батсайхан /МУИС-ийн архелоги-антропологийн тэнхимийн багш, археологич/ :
ТЭНД ЮУ БАЙГААГ ТОГТООХОД ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
-Яаж хамгаалах вэ гэдэг асуултад миний хувьд ингэж бодож байна. Тэр орчимд хэдэн зам харгуй байна, машинаар яаж очих вэ, мориор хэрхэн очих вэ. Нутаг орныхны явдаг орон нутгийн зам харгуйг судлаад хаана харуул хамгаалалт тавих вэ гэж яривал илүү үр дүнтэй болох болов уу гэж бодож байна. Зарим үед Бурхан Халдун дээр 100-гаад машин цугладаг. Нэг машинд таван хүн гээд бодохоор хэдэн хүн очиж байна. Нэг машинд хэдэн шил архи байх вэ. Уг нь их сайхан зүйл бодож очдог байх. Гэтэл тэнд очоод хог хаяхаас эхлээд үнэхээр хариуцлагагүй. Тэнд хэдэн том хогийн цэг байгааг зарим нь мэдэхгүй байх шиг байна. Үүнийг Бадамсамбуу бид хоёр харж байсан. Тэр байтугай тэндээс боломжийнхоо хэрээр зургаан шуудай архины шил түүж хаяж байсан. Самар жимсний үеэр 2-3 мянган хүн тэнд өвөлждөг юм байна. Нөгөө талаар бид ерөнхийдөө тийм уул, тийм түүхтэй гэдгийг нь гадарлаж байгаа. Гэхдээ яг юу байгаа вэ гэдгийг нь бид мэдэхгүй байгаа шүү дээ. Зүгээр л яриад байгаа. Ихэсийн газар байгаа, Чингис хааны булш байгаа. Гэтэл түүнийг өнөөдөр археологийн нарийвчилсан судалгаа хийгээд тогтоочихсон юм байхгүй шүү дээ. Юуны өмнө тэнд юу байгааг олж тогтоохын тулд хамтарч ажиллах хэрэгтэй юм биш үү. Бурхан Халдун зөвхөн биш их, бага Хэнтийн нуруудаар цөөнгүй тооны чулуун байгууламжууд байдаг. Үүнийг мэдэх нэг нь мэднэ. Ямар улсууд мэддэг вэ гэхээр янз бүрийн юм хайж явдаг хүмүүс мэддэг юм билээ. Тэр байтугай байгаль хамгаалагч нь хэлж өгдөггүй. Зарим нэг эх орноо гэдэг хүмүүсийн үгээр зарим нэг булшийг зургийг нь авсан /үзүүлэв/. Гэтэл дотор нь метр орчим гуалин бэлдээд тавьчихсан байгаа юм. Миний ойлгосноор бэхэлгээ хийх гэж тавьж гэж бодож байна. Яг энэ булшны хажууд хэмжээгээр нь ухчихсан нүх байж байна. Бид зуны судалгаанд гарахын өмнө заавал зөвшөөрөл авдаг. Тэр үед надад Ерөнхийлөгчийн зарлиг гарсан учраас өгөх боломжгүй гэсэн хариу өгч байсан. Гэтэл тэр зун нь ямар ч зөвшөөрөлгүйгээр баахан хүмүүс ажиллаж байна гэсэн сураг гарсан. Тэр нь нөгөө Алберт Лин байж таарсан л даа. Хэдэн монголчуудтай, баахан унаа машинтай оччихсон. Гэтэл үндэснийхээ судлаачийг болохоор хийлгэдэггүй. Тэр залуу бол кинон дээрээ хүртэл ярьж байна лээ. Ерөөсөө вагонд явж байхдаа л Монголд мөнгө олж болох юм байна гэж бодсон гэж. Тэгэхэд золбин маягийн хужаа ирээд дуртай газраа явж байна. Үүнд өөрийн саналаа хэлэхэд манайд судалгаа хийчих газрууд байна шүү дээ. Хамгийн гол нь бие биенийгээ хүндлээд, ойлгоод, хүчээ нэгтгэх бүрэн боломж байна. Альберт Лингийн судалгаанаас дутахааргүй ажиллах боломж бидэнд байна. Үндэсний судлаачид байна. Өргөн хүрээтэй хайгуул хийгээд хаана том булшууд байгааг ядаж кординатыг нь тогтоомоор байна. Дараа нь хамгаалалтын асуудлыг яривал илүү үр өгөөжтэй болов уу. Одоогоор бол бид яг юу байгааг нь мэдэхгүй. Зүгээр сургаар яриад байгаа шүү дээ. Энэ бол ганц булшны зураг. Өөр зөндөө байгаа.
Д.Цогтбаатар /ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч /:
ӨНӨӨГ ХҮРТЭЛ ТОДОРХОЙ ЗОРИЛГОТОЙ СУДАЛГАА ХИЙГЭЭГҮЙ
-Бурхан Халдунд археологийн судалгаа тодорхой хэмжээгээр хийгдсэн. Хожим нутаг орны малчид нүүдэллэж, хуучин уламжлалаа хадгалж үлдсэн нь бага болсон шиг санагддаг. Тиймээс нэг хэсэг аман уламжлалыг мартсан үе бий. Гэвч бичгийн болон тодорхой хэмжээний судалгааны ачаар ийм Хоригийн бүс байна. Үүнээс дотогш ийм зан үйл бий гэх зэргээр тодорхой болгосон. Тийм ч учраас Хоригийн бүс нутагт археологийн олдворууд ховор. Сая хэлээд байгаа “Гурван гол” -ийн судалгааны ангиуд уул бүхнийг биш, ерөнхийд нь судалсан байдаг. Хоригийн бүс гэдэг нь хааш хаашаагаа уулаа тойронд 50-60 км байхгүй юу. Тэр газрыг одоогийн төвшинд археологийн нарийвчилсан хайгуул үнэндээ хийгдээгүй. Саяын хийсэн судалгаа бол эргэн тойронд хийгдсэн судалгаа. Үндэсний судлаачид зайлшгүй судлах шаардлагатай. 2010 онд Ерөнхийлөгчийн зарлигаар тахилгатай ууланд эрдэм, шинжилгээний судалгаа хийхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэнэ гэсэн чиглэл гарсан. Тэрнээс хойш бид ямар нэгэн байдлаар Гурван голын эх орчим, их хаадын онгоны судалгааны саналд татгалзсан хариу өгч байна. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн тодорхой зорилготой судалгааг хийгээгүй. Харин орчны бүтэц, явах далимдаа үзэж харсан зүйл бий. Ерөнхийлөгчийн зарлигт бас нэг агуулга бий. Үндэсний судлаачдын хүчээр малтлагын бус аргаар судалж тогтоох нь зүйтэй гэж. Энэ талаар тодорхой төсөл хэрэгжүүлээд, ажил хэрэг болгоё гэж ярилцсан. Сонины материал харж байхад тэнд сүүлд ухсан эсэхийг мэдэхгүй байгаа юм. Яваад үзэхэд бол ухсан зүйл байхгүй байгаа юм. Ургаа мод бол үргэлж унадаг. Тэрний ёроолоос янз бүрийн материал гардаг. Тэдгээрийг харж л судлаачид таамаг дэвшүүлдэг. Малтаагүй ч гэсэн цэвэр археологийн зорилготой судалгаа байхгүй юу. Тэгэхээр заавал дүрэм журмын дагуу зөвшөөрөл авах ёстой. Тайлангаа үзүүлэх ёстой. Бид нэг дор л ажиллаж байсан хүмүүс. Одоогоор иймэрхүү дүгнэлтүүд байна, ийм тайлан байна гээд хоорондоо ярилцах боломжтой байсан. Заавал өнөөдөр энд суугаад би, чи гэх шаардлагагүй байсан. Эрдэм шинжилгээний ажилд нууц зүйл байхгүй. Тайлан бол ил тод байх ёстой.
Ц.Ишдорж /Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн:
УУЛЫГ ТЭР ЧИГЭЭР НЬ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ
-Бурхан Халдун гээд нэрнээсээ эхлээд сонин шүү дээ. Хүмүүс байгаль, газар зүйн талаас нь ярьж байна. Би их хаадын оршуулгын өлгий гэдэг талаас нь ярья гэж бодож байна. Цөөнгүй жил олон орны эрдэмтэд энэ газрыг ингэж ойлгосоор ирсэн. Чингис хаан татаруудаас зугтаагаад явж байхдаа энэ ууланд байгаа эцэг өвгөдийнх нь сүнс өөрийг нь аварлаа гэж ойлгосон байдаг. Тэгэхээр бөөгийн ёсоороо бол эцэг өвгөдийн оршуулга байдаг газар гэж ойлгож байгаа юм. 1295 онд их ширээний төлөө тэмцэл болоод Хубилай хааны ач хүү Дамала, Төмөр өрсөлдөөд Төмөр нь ялсан юм. Дамалаг энэ эцэг өвгөдийн сүнсийг хамгаалуулахаар Чин ван цол өгөөд явуулсан байдаг. Тэр хүн ирээд сүм байгуулсан мэдээ байгаа юм. Яг Бурхан Халдунд биш л дээ. Хэрлэн голын эхэнд Богдын голын зүүн эрэг Бурхан Халдуны баруун хормойд байгаа сүм шүү дээ. Чингис хааны онгон байгаа газрыг тэр сүм болов уу гэж францууд үзсэн байдаг. Дараа нь германууд бас тэгж дүгнэсэн байсан. Манай эрдэмтэд ч мөн байх гэж таамаглаж ирсэн. Бурхан Халдуныг хамгаална гэвэл тэр Дамала гээд сүмтэй нь, уулыг тэр чигээр нь хамгаалах ёстой. Хамгаалалтын газраа Богдын голын баруун эрэг дээр байгуулах боломжтой. Өөр талаасаа хүн гарах газар байдаггүй юм шүү дээ.
Альберт Лингийн судалгааны тухай мэтгэлцээнийг дараагийн дугаараас уншаарай
Хэлэлцүүлгийн дүнд Бурхан Халдун уулыг төрийн болон олон нийтийн анхааралд оруулж чадсан хэмээн бид үзэж байна. Онцгой бүс болгох тухай хуулийн төслийг УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан санаачлан боловсруулах бодолтой байгаагаа хэлсэн. Мөн түүний саналыг ССАЖЯ болон УИХ-ын нэр бүхий гишүүд дэмжихээ илэрхийлсэн юм.
“Зууны мэдээ” сонины нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж дэвшүүлсэн гол асуудал болох “Бурхан Халдуныг онцгой бүс болгоё” гэсэн санал хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Түүнийг дагаад харуул, хамгаалалтын асуудал ч ямар нэгэн хэлбэрээр хуульчлагдах биз.
Хэлэлцүүлгийн дотор өрнөсөн бас нэгэн хэлэлцүүлэг бол бидний эрэн сурвалжилсан “Бурхан Халдунд халдах эрхийг Альберт Линд хэн өгөв”, “Бурхан Халдунд халдагсдын мөрөөр...” сурвалжлага, нийтлэл байсан юм. Альберт Линд Монголын Засгийн газар, салбарын яамнаас судалгааны тайлангаа монгол хэл дээр ирүүлэхийг шаардсан байна. Тэгвэл Монголын талаас түүнтэй хамт судалгааны ажил хийсэн шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ц.Ишдорж манай хэлэлцүүлэгт оролцож бидний олсон баримтуудыг няцааж байсан ч тэр нь Ж.Гэрэлбадрах, Д.Цогтбаатар, Г.Бадамсамбуу нарын судлаач, эрдэмтдийн дунд өрнөсөн мэтгэлцээнээр хэрхэн нотлогдож байгааг дараагийн дугаарт хүргэх болно.
Хэлэлцүүлгийн хөтөлсөн Ч.Үл-Олдох
Бэлтгэсэн Б.Солонго, Б.Энхзаяа