Н.МӨНХЖИН

Хойд Солонгосын за­луу­хан удирдагч Ким Чен Ун АНУ-тай дайтна, цө­мийн зэвсгээр довтолно хэмээн сүрдүүлж байх хооронд тус улс дахь эрх мэдлийн утсыг түүний авга нар болох Кеон Хуй, түүний нөхөр Ян Сон Таек нар хөдөлгөж байдаг хэ­мээн шуугих болов. Ким Чен Ир 2011 онд нас бара­хаасаа өмнө хүүгээ эрх мэдэлд бэхжихэд нь туслаарай гэж эгч Кеон Хуй болон түүний нөх­рийг сонгон томилсон гэдэг. Өнгөрсөн долоо хо­ногт Хөдөлмөрийн намын Төв хорооны хуралдааны үеэр цөмийн зэвсгээр дэл­хий нийтийг сүрдүүлсэн мэдэгдэл хийж байсан Ким Чен Уны хажууд авга эгч Кеон Хуй нь сууж байсан нь санамсаргүй хэрэг биш хэмээн шин­жээчид ярилцаж байна. Пхеньяны Коммунист на­мын дарга, генералуудын албан ёсны зурган дээр ганцхан эмэгтэй байсан нь Ким Чен Ирийн эгч Кеон ажээ. Ким Чен Ирийн хамгийн итгэлт хүмүүсийн нэг байсан Кеон Хуйгийн нөхөр нь Пхеньяны дэглэмийн хам­гийн хүчирхэг бай­гуул­лага болох Батлан хамгаалах Үндэсний хо­роо­ны дэд ерөнхийлөгч байснаас гадна эдийн зас­гийн амин чухал дэмжлэг үзүүлдэг Хятадтай харил­цах харилцааны гол хүн юм.

Хойд Солонгос улс 1948 онд байгуулагд­санаасаа хойш гэр бүлийн улс (династи) байсаар ирсэн. Ким Чен Ирийн авга нарын хамгийн чухал ажил нь үе залгамжилсан династийг хамгаалж, цэр­гийн их хүчтэй гүрэн бол­гон харагдуулах, Засгийн газрын аппарат доторх шүүмжлэл, урвалтыг хя­нах явдал юм. 1946 онд төрсөн Кеон Хуй дөрвөн аравны турш Хойд Солон­госын улс төрийн гол хүний нэг байжээ.

Ким Чен Ир нас ба­рахад Батлан хамгаалах Үндэсний хорооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Ян Сон Таек Хойд Солонгосын нэгдүгээр хүн болно хэ­мээн ярьж байв. Гэвч тэрээр үргэлж коммунист дэглэмийн элит шугаман дээр байсангүй. Ян Сон Таек 1968-1972 онд Москвад сургуульд сурч ирээд тэр үеийн Ерөн­хийлөгч Ким Ир Сений охинтой гэрлэжээ. Тэдний дундаас төрсөн нэг охин нь Парист сурч байсан ч франц найз залуутай болж, эх орон руугаа буцахаас татгалзсан аж. Ян Сон Таек Хөдөлмөрийн нам, үндэсний аюулгүй байд­лын албанд өндөр албан тушаал хашиж байсан ч 2004 онд томоохон урвагч түшмэдийн харгайгаар банга хүртэж байсан юм. Гэвч хоёр жилийн дараа Ким Чен Ир Хятадад айлчлахад бүрэлдэхүүнд нь багтаж, түүний зал­гамжлагч хэмээн үзэгдэх хүртэл итгэлийг нь олж авчээ. 2009 оны дөрөв­дүгээр сард Батлан хам­гаалах Үндэсний хорооны дэд ерөнхийлөгчөөр томи­логдож, “Хайрт удир­дагч”-ийн үхлийн дараа эрх мэдлийг шилжүүлэх ажилд тохоон томилогдсон байна.

2011 оноос эхлэн Кеон Хуй, Ян Сон Таек нар залуу удирдагч Кимийн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтан ка­мерийн дуранд байнга өртөх болжээ. Тэд лиде­рийн ойрын хүрээлэлд дархлагдаж буйгаа ийнхүү зарлан тунхагласан юм. Авга эгч нь улс орныг захирах үйл хэрэгт орол­цолгүй “чөлөөтэй байх” үеэрээ Пхеньянд цор ганц байдаг “Татсан мах, талх”-ны рестораны аж­лыг чиглүүлсэн шиг суудаг аж. АНУ-ыг дуу­райж байна гэж хэлүү­лэхгүйн тулд гамбур­герийн рестораныг ийнхүү өөрөөр нэрлэсэн байна. Харин энэ зоогийн газраар Пхеньяны элит ангийн­хан л үйлчлүүлдэг бо­лолтой.

Энэхүү эрх мэдлийн тойрогт Чо Рин Хае хэмээх бас нэг гишүүн бий. Хэд хэдэн ахмад генералыг хөөн зайлуулсны дараа түүнийг зэвсэгт хүчний тэр­гүүнээр томилсон юм. Кеон Хуй, Ян Сон Таек, Чо Рин Хае нар залуу Ким Чен Уныг хүчтэй, олон улсад нөлөөтэй лидер болгох зорилго тавин зүт­гэж байна.