М.ГАНЦЭЦЭГ

Алга болсон Ерөнхий сайд минь аз болоход олдчихлоо. Тэр өөрөө төөр­сөн, эсвэл төөрүүлсэн, албаар алга болсон, болоогүй гэсэн таавар улс төр болоод олон нийтийн хүрээнд тарав. Фэйс­бүүкээр хэсэгчдийн, жир­гээчдийн өчигдрийн сэдэв төөрсөн Н.Алтанхуяг ба түүний нөхөд байв. Ерөн­хий сайд Н.Алтан­хуяг бямба гаригт Засгийн газ­рын хуралдаанаа удирд­­чихаад Бурхан Хал­дун ууланд гарахаар хэсэг нөх­дийн хамт замд гарчээ. Хэсэг гэдэг нь 60 гаруй хүн. Ерөнхий сайдын ха­руул, хамгаа­лалт, жолооч, туслахууд, зөвлөхүүд, на­мын зарим гишүүн нийл­сэн баг явжээ. Өнгөрсөн ням га­ригт Ардчиллын баяр болсон. Иймд Ерөн­хий сайд бямба гаригт ууланд гарчихаад оройдоо Улаан­баатарт буцаж ирээд на­мынхаа баярт оролцо­хоор төлөвлөсөн байжээ.

Гэтэл намынх нь нөхөд дар­гагүйгээр баяраа тэм­дэг­­лэсэн байна. Н.Алтан­хуяг “Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө үзэл бодлоо уралдуулж, үгээ хурцалж, зорьсон үйл­сийн­хээ төлөө хоёргүй сэтгэлээр тууштай тэмцэж ирсэн үйлс нэгт нөхөд тэдний ард байгаа Мон­голын нийт ард түмэндээ Ардчиллын баярын өд­рийн мэнд дэвшүүлье” гэж хэвлэлийн хуудсаар мэндчилсэн байв. Харин баярын өдөр мэнд­чил­гээний эзэн яагаад ч юм ууланд төөр­сөн байжээ.

 

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАНЫХАН БУРУУТАЙ ЮУ?

Бурхан Халдунд өмнө нь төрийн өндөрлөгүүд олон удаа гарч хийморь лундаагаа сэргээдэг байв. Гэхдээ тэд төөрөөгүй ч чих, хацраа хөлдөөчихөөд уулнаас буусан удаа бий. Өдийд Бурхан Халдунд цас ханзраад шар усны үер болдог аюултай үе гэж нутгийн иргэд анддаггүй юм билээ. Харин Ерөнхий сайдын багийн энэ удаа­гийн аялал амжилтгүй болсонд олон шалтгаан тоочиж болох гэнэ. Тэд­нийг ууланд авирч байтал гэнэт цасан шуурга тавьж, аял­лын багийнхан бүгд төөрч, хотоос холбоо тасар­чээ. Сансарт нисээгүй л бол орчин үед хаана ч хол­боо тасармааргүй юм. Ерөн­хий сайдын бие хам­гаа­лагчид, мөн Төрийн тус­гайгийнхан хамт явсан байж таарна. Хамгаалаг­чид тус бүртээ станцтай явдаг. Хаана ч явсан хол­боо үл тасалддаг станц шүү дээ. Тэгэхээр Төрийн тус­гайгийнхан ажилдаа алдаа гаргасан байх. Уг нь Төрийн онцгой объект хамгаалж яваагаа тэд сайн мэдэх учиртай. Эсвэл цаана нь нэг нууц байв уу гэсэн асуулт үлдлээ.

Тэгээд Ерөнхий сай­дыг алга болсон тухай мэ­дээ авсан Шадар сайд Д.Тэрбишдагва шөнөдөө түргэн авч эрлийн багаа удирдан араас нь явсан юм байх. Гэхдээ эрлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүхэлд нь удирдаж, Шадар сайд  гар­­дан гүйцэтгэсэн гэнэ.

Хэдэн жилийн өмнө  Л.Гүндалай гишүүн Хөвс­гөл далайд завьтай төөрч, тухайн үеийн Онцгой байд­­­лын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүх эрлийн багтай очиж байв. Эрхэм гишүүнийг эсэн мэнд Хөвс­­­гөл далайн нэгэн ар­лаас олсон. Яг тийм юм өчиг­дөр болжээ. Л.Гүн­далай тойргийнхоо сонгог­чидтой уулзахаар нэг су­маас нөгөө рүү далайгаар явсан бол Ерөнхий сайд Бурхан Халдунд гарч хий­морио сэргээж, алжаа­лаа тайлахаар автомашинаар аялсан байв. Гэхдээ ууланд яв­ган авирсан байж таарна.

Харамсалтай нь Ерөн­хий сайд гэмтэл авчээ. Түүнийг нисдэг тэргээр хотод авчирч Улсын хоёр­дугаар төв эмнэлэгт хэв­түүлэн эмчилж эхэлсэн байна. Тэрээр ямар гэмтэл авсан нь одоогоор тодор­хойгүй байгаа бөгөөд хамт явсан зарим хүний хацар, чих, хөл, гар хөлдсөн мэ­дээ байна.

ЦАГ АГААР БУРУУТАЙ ЮУ?

Ерөнхий сайдыг Бур­хан Халдунд гарах үед цаг агаар таагүй байсан. Түү­нийг төөрөхөд цаг агаар бас буруутай юм байх. Байгалийн давагдашгүй хүчин зүйл хэзээ ч болж магадгүй. Давахад дэндүү хэцүү даваа гэвэл энэ мөн. Гэхдээ цаг агаар ойрд муудна, цасан шуургатай, хол замд гарахыг хориг­лосон тухай сэрэмжлүүл­гийг холбогдох газраас өгсөөр байтал Ерөнхий сайд Бурхан Халдуныг яагаад зүглэв.

Цаг агаарын мэдээ Ерөн­хий сайдын чихний хажуугаар өнгөрсөн гэж бодъё. Адаглаад албатууд нь сонсдоггүй, мэддэггүй, мэдрэмжгүй гэж үү. Ажил амьдралынхаа хэмнэлийг зохицуулахад цаг агаарын мэдээ шиг чухал юм үгүй. Гэхдээ аяллын багт буруу мэдээ очсон гэсэн мэдээ­лэл ч өчигдөр гарлаа.

Уг нь өнгөрсөн долоо хоногт үе, үе цас орж манан татаад л тэнгэр нэг ёозгүй байсан даа. Хүн бүр л мэдэж байгаа. Зарим орой хөдөө байтугай хотод төөрчихөөр битүү манан татсан.

Тэгвэл цаг агаарын мэдээг тоодоггүй том тол­гойтнууд Засгийн газарт ажилладаг гэж бодъё. Тэн­гэрийн өнгө хаана юу болохыг бэлхэн хэлээд өгч байхад Бурхан Халдун руу дураараа явсан зөрүүд Ерөнхий сайдыг хотоос гарахад хориглож бас болно. Тэгвэл онцгой байдлынхан бас буруудах нь. Ерөнхий сайдыг замд гарахад хориг тавьж саа­туулаагүй, ууланд гарс­ных нь дараа эрж хайх ажил удсаныхаа төлөө онцгойгийнхон буруутны тоонд орох бололтой.

 

ЕРӨНХИЙ САЙД ӨӨРӨӨ БУРУУТАЙ ЮУ?

Ойрын хэдэн өдөр орон нутгийн зарим нислэг саат­сан. Зарим аймгийн нислэгийг Улаанбаатарт газардахыг зөвшөөрөөгүй гэж байгаа юм. Эрдэнэт, Дарханаас л лав орон нут­гийн замд машин гаргаа­гүй хориглосон байна лээ. Холбогдох газрууд чад­лын­хаа хэрээр эртнээс арга хэмжээ авсан ч хэд хоногийн таагүй өд­рийг ажралгүй давчихав.

“Өнөөх нялх үрээ тэв­рээд усанд урссан ээжийг нисдэг тэргээр эрж хай­гаа­гүй байж ууланд төөр­сөн Ерөнхий сайдын араас юун их юм болж, нисдэг тэрэг хөлөглөж очдог юм” гэж зүйрлэх хүмүүс олон байлаа.  Зүйр­лүүлж болох ч нөхцөл байдал арай өөр байсан болов уу.

Хаврын хавсарга өв­лөөс хүнд байдгийг мон­гол­чууд бид сайн мэддэг ч заримдаа азгүйтэх, хэнэг­гүй, тоомжиргүй зангаасаа болж алддаг энэ мэт жи­шээ олон. Болохгүй гэсээр байхад болно гэж зүтгэдэг монгол хүний муйхар зан энд гарав уу. Ерөнхий сайд минь хийморь лун­даагаа сэргээх гэж яарал­гүй хэд хоног тэвчсэн бол тэнгэр тогтуун сайхан бо­лох мэдээ байсан. Ажил, амралтаа зөв зохи­цуулсан бол олон хүн төөрч будилж, цас шуур­ганд туугдаж, хөл гараа хөлдөөх байсан уу. Ерөн­хий сайд нэгийг бодож, хоёрыг тунгааж, бурууг өрөөл бус­даас биш өөрөө­сөө хайхад гэмгүй биз.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС ДӨРВӨН УДАА

ШУУРХАЙ МЭДЭЭ ДАМЖУУЛАВ

Шуурхай мэдээ 1.

Еөнхий сайд Н.Алтанхуяг дөрөвдүгээр сарын 6-ны бямба гаригт Бурхан Халдун ууланд авиралт хийхээр явж, ням гаригийн өглөө авиралтаа эхлэн үдээс хойш бууж ирэх төлөвлөгөөтэй  байсан боловч цаг агаар гэнэт муудсанаас уулнаас бууж ирээгүй  байна. Ерөнхий сайдтай 70 хүн хамт яваа юм. Ерөнхий сайд, түүний багийг хайх шуурхай эрлийн баг томилогдон ажиллаж байгаа бөгөөд саяхан хоёр хэсэг хүмүүсийг олж байршлыг нь тогтоосон байна. Энэ нь ойролцоогоор 70-аад хүн байна гэж эрлийн баг мэдээллээ. Ерөнхий сайд, түүний багийг эрж хайх ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж байна.

 

Шуурхай мэдээ 2.

Бурхан Халдун ууланд авираад буцах замдаа цасан шуурганд боогдсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнтэй хамт яваа 70 хүний байршлыг тогтоон олж, яг одоо 23 хүнийг нисдэг тэргээр үндсэн отог руу хүргэж байна. Дараагийн хүмүүсийг уулнаас татаж авах бэлтгэлийг хангаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдлээ.

 

Шуурхай мэдээ 3.

Цаг агаарын хүндрэлээс болж Бурхан Халдун ууланд саатаад байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүнтэй хамт явсан 60 гаруй хүнийг бүгдийг  үндсэн отогт хүргэжээ. Одоо эхний ээлжийн хүмүүс нисдэг тэргээр Улаанбаатарт ирж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдэж байна. 

 

Шуурхай мэдээ 4.

Бурхан Халдун уулыг зорьсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүнтэй хамт явсан 60 гаруй хүн цаг агаарын хүндрэлээс болж төлөвлөсөн цагтаа уулнаас бууж чадаагүй ч бүгд эсэн мэнд үндсэн отогтоо ирсэн байна.Тун саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын 10 гаруй хүн нисдэг тэргээр Улаанбаатарт ирлээ. Үлдсэн хүмүүс нь машинаар нийслэл хотыг зорьсон байна.