Д.БОЛОРМАА
МАХН-ын дарга, Монголын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын шийтгэх тогтоолыг Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн мягмар гаригт өмгөөлөгчид нь гардуулан өгчээ. Шийтгэх тогтоол нь яллах дүгнэлтийг хуулан бичсэнээс ялгаагүй байна гэдгийг өмгөөлөгчид нь хэлж байна. Энэ талаар Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэлтэй ярилцлаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаярт ял оноосноос хойш 14 хоногийн хугацаа өнгөрч байна. Шийтгэх тогтоолыг хүлээн авсны дараа давж заалдах гомдлоо өгөх ёстой. Тэгэхээр удахгүй Нийслэлийн шүүхэд хандах байх?
-Шүүх хуралдаан дууссанаас хойш 14 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд шийтгэх тогтоолын албан ёсны эх бичмэлийг хүлээж суулаа. Гэхдээ хий хоосон хүлээсэнгүй.
Хэргийн материалыг улам нарийвчлан судалж давж заалдах гомдлоо бичихээс эхлээд уг хэргийн талаар ном бичиж байна. Ер нь шүүх хурлыг “TV9” телевиз олон нийтэд шууд дамжуулснаар гэмт хэрэг биш гэдэг нь олон нийтэд тодорхой болсон шүү дээ. Телевиз үзэгчид маань сайн санаж байгаа байх. Мөрдөгч болон прокурорууд Н.Энхбаяр даргыг таван хэрэгт буруутган яллах дүгнэлт бэлдсэн байдаг. Ингэхдээ шүүх хуралдааны явцад таван хэргийн нэгийг нь хэрэгсэхгүй болгосон. Энэ нь Н.Энхбаяр даргыг 2007 онд өөрийнхөө хувийн бүтээл болох найман боть номыг БНСУ-д хэвлүүлээд МИАТ-ын онгоцоор хоёр удаа үнэ төлбөргүй зөөлгүүлж, МИАТ компанид 30 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн ял төлөвлөсөн явдал. Үүнийг 2007 онд МИАТ-ын төлөөлөгчөөр БНСУ-ын Сөүлд хэн ажиллаж байсныг нэр усаар нь тодорхой хэлсэн. Дээрээс нь уг үйлдэлд АТГ-ынхан өөрсдөө санаачлан эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас цагаатгасан.
Гэтэл нөгөөх дөрвөн хэрэг нь үүнтэй адилхан шүү дээ. Тодруулбал, үүний нэг нь “TV9” телевизтэй холбоотой асуудал байна. Японы Буддын Агон Шү байгууллагаас “Монголын ард түмэн, сүсэгтэн олонд буддын шашин, соёл, түүх, уламжлалыг сурталчлах телевиз байгуул” гээд Гандантэгчинлэн хийдэд өгсөн 119 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр хувьдаа завшсан гэж ялласан хэрэг юм. Агон Шү гэдэг байгууллага нисэх онгоцоор тус төхөөрөмжийг тээвэрлүүлэхдээ хандивын барааны жагсаалтыг япон болон англи хэлээр бичээд хавсаргасан байдаг. Тэр бичигт “УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга, МАХН-ын дарга Н.Энхбаяр танд эдгээр төхөөрөмжийг хандивлалаа. Япон улсын буддын Агон Шү байгууллагын тэргүүн” гээд албан ёсныхоо бланк дээр тамгалаад явуулсан байдаг. Тэр бичгээс юу ойлгогддог вэ гэхээр хандивласан юм байна. Ингэхдээ манай улсын бурхан шашинтны төв Гандантэгчэлин хийдийн хамба Д.Чойжамц гуай, Н.Энхбаяр дарга хоёрт Монголд буддын шашныг сурталчлах үйлсэд зориулж хандивласан гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Нөгөө талаас хандивласан тэр цаг хугацаанд “Иигл” телевиз байгуулагдаж Монголд христийг хүчтэй сурталчилж байсан үе. Энэ утгаараа уламжлалт шашнаа сурталчлах мэдээллийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай учраас үүнийгээ Японы талд удаа дараа мэдэгдэж байсан юм билээ.Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаяр даргыг бүхэл бүтэн телевизийг хувьдаа авсан мэтээр ярьж бичиж байна. Тэгвэл Японы хандивласан барааны нэр төрөл жагсаалтыг үзэхэд нэг камер, камерийн тулгуур, батерей цэнэглэгч, бичлэгийн төхөөрөмж зэрэг хэдхэн тоног төхөөрөмж бий. Телевиз байгуулахад байр, тусгай зөвшөөрөл, боловсон хүчин, хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, телевиз гэдэг чинь урлагийн бүтээл байхгүй юу. АТГ-ын мөрдөгчид Буянт-Ухаа дахь нисэх онгоцны төв архиваас Япон талаас явуулсан бичгийг авсан байдаг ч орчуулаагүй орхисон. Хэсэг хугацааны дараа нөгөөхөө орчуулаад үзэхэд хэрэг биш болохоор байсан тул зохиомол хэрэг болгохоор шийдсэн бололтой. Үүний тулд АТГ-ын дарга Н.Ганболд Японы Агон Шү байгууллагад “Танайх телевизийн тоног төхөөрөмжийг Н.Энхбаярт бэлэглэсэн үү, Хамба лам Д.Чойжамцад бэлэглэсэн үү” гээд асуулт тавьж явуулаад телевизийн иж бүрэн тоног төхөөрөмж гэж бичүүлсэн байдаг. Тус бичигтээ захын хэн ч хэрэглэж болох байгууллагын дардас дарчихсан. Энэ хуурамч баримт бичгийг бүрдүүлэхдээ АТГ-ынхан нэг ноцтой алдаа гаргасан. Юу вэ гэхээр анхны бичиг бол 2000 оны хоёрдугаар сарын 21 байсан. Гэтэл 2000 он гэх гэж байгаад 2012 он гээд бичээд явуулчихаж. Түүндээ тамга даруулаад ирчихсэн байх жишээтэй. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хууль бус замаар олж авсан нотлох баримтыг нотолгооноос хасна гэж бий. Дээрх бичиг бол хууль бус замаар олж авсан баримт. Тэгээд ч Д.Чойжамц хамба “Бид хоёрт бэлэглэсэн. Шашныг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлсэн” гэж удаа дараа мэдүүлэхэд хуулийнхан үүнийг нь яллах талын нотлох баримт гэж үзэж байх жишээтэй. Ер нь хамбыг маш олон удаа ажлын байр болон гэр гэр орных нь шугамаар дарамталж өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахыг оролдсон шүү дээ. Энэ талаар хамба надад “Нараа багш аа, би зовж тарчилж байна” гээд уйлаад ярьж байсныг би тод санаж байна.
-Бас “Өргөө” зочид буудал болоод “Улаанбаатар сонин”-ы хувьчлалын асуудал байна?
-Хоёр дахь хэрэг бол “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудалтай холбоотой асуудал. Яагаад холбогдуулсан гэхээр үүний ард Н.Энхбаяр байж магадгүй гэж хов живэнд итгэсэн явдал. Дээрээс нь “Улаанбаатар таймс” сонин Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг хувьдаа завшсан гэж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн өмч хувьчлах комиссын даргаар ажиллаж байсан Т.Билэгт, иргэн Д.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” менежментийн баг нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2004 оны тавдугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах гэрээ”-ний дагуу сонгон шалгаруулалтад шалгарсан багийн бизнес төлөвлөгөө бүрэн хэрэгжээгүй, аудит хийгдээгүй, алдагдалтай ажиллаж, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байхад 2008 оны есдүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 75 дугаар тогтоол гаргуулж, хоёр тэрбум төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сонин Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг хууль бусаар өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” ХХК, Д.Чулуунбаатар нарын нэрээр хувьчлан, худалдан авч улмаар уг компанийг өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн завшиж Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн. Эцэст нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал Д.Ганбат, “Хенлон” компанийн захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн БНХАУ-ын Засаг захиргааны тусгай муж Хонконгод бүртгэлтэй “Хенлон”, “Грийт глобал интернэйшнл” компанийн захирал Ж.Мягмаржаргалыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай өмнө нь байгуулсан гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлээгүй байхад түүнд давуу байдал олгон, ган бөмбөлөг, бараа материал нийлүүлэх гэрээг удаа дараа байгуулах үүрэг, чиглэлийг тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагуудад өгч, гэрээний төлбөрийн урьдчилгаанд олгосон гурван тэрбум төгрөгийг завших боломжийг Ж.Мягмаржаргалд олгож, Төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэж. Гэхдээ энэ хэргийн тухайд ямар ч нотлох баримт байхгүй учраас ганцхан Х.Наранхүүгийн мэдүүлгээр шийтгэсэн. Тэрээр юу гэж мэдүүлсэн гэхээр “Нэг удаа Ерөнхийлөгч ярьсан. Энэ нөхөр гайгүй нөхөр байгаа юм. Түүнийг дэмжихийг бодоорой” гэж хэлсэн гэж. Ерөөсөө Х.Наранхүүгийн энэ мэдүүлгээр шийтгэсэн. Гэтэл Х.Наранхүүг гэрчээр байцаасан. Яллах дүгнэлтэд Х.Наранхүүг бүлэглэж үйлдсэн гээд орсон байх жишээтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар гэрч гэж хэнийг хэлэх вэ гэхээр тэр болсон үйл явдлыг нүдээр харсан, тэр хэрэгт хамааралгүй хүн байна. Нэдэр дээрээ Х.Наранхүү өөрөө хамтран оролцсон гэх хамааралтай шүү дээ. Түүнийг гэрч гэж үзээд Н.Энхбаяр даргыг шийтгэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг маш ноцтой зөрчсөн үйлдэл. Энэ утгаараа энэ бол хэрэг биш.
Өмгөөлөгчид шүүгч нарт олон удаа хүсэлт тавьсан. Хэрэг зохиомол гэдгийг батлаад юм. Зайлшгүй дуудагдах ёстой 16 гэрч байсан. “Эсрэг талын яллах гэрч, өмгөөллийн 16 гэрч, таван хохирогч гээд бүгдийг биечлэн байлгаж асууж тодруулъя” гэхэд гол гэрч гэгдээд байгаа тэргүүн хамба Д.Чойжамц, Х.Наранхүү нарыг авчраагүй. Үгүй ядаж, мэтгэлцье гэсэн ч хүлээж аваагүй. Би шүүх хуралдааны үеэр улсын яллагч Ё.Сагсай болон ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнээс татгалзсан. Яагаад гэхээр тэдэнд шууд болон шууд бусаар өөр сонирхол байсан. Н.Энхбаярыг заавал шоронд хийнэ” гээд урьдчилаад тогтоолоо бэлтгээд ороод ирсэн байхгүй юу. Тиймээс татгалзсан хэрэг.
Ер нь олон улсын стандартад шүүгч, прокурор хэргийн талаар урьдчилан бодол агуулаад тэрийгээ хэрэгжүүлэх гэж байгаа бол хэзээ ч шударга шийдвэр гаргаж чаддаггүй юм. Үүнийг Н.Энхбаяр даргатай холбогдсон хэргийн процесс олон нийтэд тодорхой харуулсан гэж бодож байна. Би анх долдугаар сарын 18-ны өдөр болсон шүүх хурал дээр мэдэгдэл хийсэн. Тэр мэдэгдэлд “Би энэ хэрэг дээр зөвхөн Н.Энхбаяр даргыг өмгөөлж хамгаалах гэж орж байгаа юм биш. Би бол шүүхэд бодит үнэн, шударга ёсыг тогтооход мэргэжлийн тус дөхөм үзүүлэх гэсэн юм” гэдгээ хэлсэн. Би та нарт туслах гэж байгаа шүү гэж. Харамсалтай нь энэ үг шүүгч, прокурорт хүрээгүй. Хэрвээ өмгөөлөгчийн саналыг харгалзан үзсэн бол Монголын ард түмний өмнө ингэж шившгээ дэлгэж Монголын шүүх залхаан цээрлүүлэх харгислалыг гардан хэрэгжүүлдэг байгууллага гэдгээ дотооддоо төдийгүй гадаадад харуулахгүй байсан юм.
-Сүхбаатар дүүргийн шүүхээс шийтгэх тогтоолыг танд гардуулсан. Гэхдээ шийтгэх тогтоол нь яллах дүгнэлтийг хуулаад тавьсан гэсэн шүүмжлэл байна. Тодруулахгүй юу?
-Би одоо шийтгэх тогтоолтой танилцаж байна. Ерөөс яллах дүгнэлтийг буцаагаад хуулсан байна лээ. Өөр зүйл байхгүй. Яагаад гэхээр шүүгчид нотлох баримтыг шинэчлэн судлаагүй. Дээрээс нь Эрүүгийн хуулийг зориуд гуйвуулж төсөөтэй хэрэглэсэн. Монгол Улсын Эрүүгийн хуульд төсөөтэй хэрэглэхийг хориглосон байдаг юм, уг чанартаа. 1937 оны 20 мянган хүний амь насыг хэлмэгдүүлсэн тэр үед Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн байдаг. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлчлэлийн субьект бол аж ахуй нэгж байгууллагын эд хөрөнгийг эрхлэн хариуцсан этгээд байх ёстой. Монгол улсын Ерөнхийлөгч юуных нь эд хөрөнгө хариуцах билээ. Мөн 263 дугаар зүйлчлэл нь албан тушаалын хэрэг. Тухайн албан тушаалтан өөрийнхөө эрх, үүргийг хуулиар юм уу, журмаар зохицуулсан. Тэр олгогдсон эрх мэдлээ хортойгоор хувийн сонирхлын үүднээс ашигласан бол хариуцлага тооцох учиртай. Гэтэл Ерөнхийлөгчийн эрх үүрэг нь Ерөнхийлөгчийн тухай хууль болоод Үндсэн хуульд тодорхой заасан байгаа шүү дээ. Хэрвээ Н.Энхбаяр дарга дээрх хоёр хуулийг зөрчсөн бол яахын аргагүй “дээлээ нөмрөөд” явах байсан юм. Гэтэл хэргийг бүрдүүлэхийн тулд мөрдөгчид болон прокурор, шүүгчид Эрүүгийн хуулийг зориуд гуйвуулж мушгиж тайлбарласан, бас төсөөтэй хэрэглэж Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. Үүнээс гадна манай улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хууль ёсны, үндэслэлтэй байх ёстой тухай заалт бий. Хууль ёсны гэдэг нь шүүн таслах ажиллагаа бүх хууль тогтоомжид нийцсэн байх ёстой. Гэтэл энэ шүүх ажиллагаа алхам тутамдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцийг ноцтой зөрчсөн. Харин үндэслэлтэй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэх судалсан байх ёстой гэсэн үг. Харин нотлох баримтыг шинэчлэн судлах нь битгий хэл зохиомол хэргээр шууд ялласан. Одоо Нийслэлийн шүүх энэ хэргийг нэн даруй цагаатгаж хэрэгсэхгүй болгох ёстой. Намайг Н.Энхбаяр даргатай очиж уулзахад “Надад нэг минут ч гэсэн энд байх үнэхээр хэцүү байна” гэж байнга хэлж байна. Аргагүй шүү дээ. Зохиомол хэрэгт гүтгүүлж, яллуулна гэдэг аймшигтай. Надад түүний энэ үг шөнө ч гэсэн чихэнд минь сонсогдож байна.
-Та уг хэргийн талаар ном бичиж байгаа гэсэн. Үнэн үү?
-Хэргийн талаар ном бичиж байгаа. Номын нэр нь “Зохиомол хэрэг буюу Н.Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэл” гэж. Ном маань 20 гаруй бүлэгтэй бөгөөд хуулийн байгууллага тэр дундаа шүүхийг шинэчлэхэд сургамж болох учиртай. Номоо бичиж байхдаа энэ зохиомол хэргийн ерөнхий найруулагчийг нь ихэд хайлаа. Үүний тулд Н.Энхбаяр даргын сүүлийн 3-4 жил хэвлэлд өгсөн ярилцлагыг судлаад үзэхэд зохиогч нь Ц.Нямдорж болж таарч байна.