
М.ГАНЦЭЦЭГ
Их хуралд экс гишүүн Л.Гүндалайн улс төрийн тоглолт давтагддаг болов. Түүний арга туршлага Ардын намд тууштай нэвтэрчээ. Төрийн ордонд, чуулганы танхимд, нээлтийн ажиллагааны үеэр уриа, лоозон барьж бужигнуулдаг аргыг Ардын нам хоёр дахиа ашиглав. Тэд өнгөрсөн аравдугаар сард буйдантай жагсаал хийсэн. Тэр үед УИХ-ын зарим гишүүнийг тангараг өргүүлэхээс татгалзаж Төрийн ордны гадна бас дотор жагсаж байв. Энэ удаагийнх өөр зорилготой. Төрийн тэргүүн, Засгийн газрын ажлыг шүүмжилж байлаа. Ардын намынхан Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн найман шаардлага тавьж чуулганы танхимд эсэргүүцлээ илэрхийлэв. Харин Ерөнхийлөгч УИХ-ын гишүүд болон Засгийн газрын ажлыг сайшаасан таван зүйл, мөн таван алдааг онцолж нэлээд олон хуудас үг хэлэв.
УИХ-ын хувьд хоёр дахь ээлжит чуулганаа эхлүүлж байгаа бол Ерөнхийлөгчийн хувьд нэгэн бүрэн эрхийн хугацаанд тохиож буй сүүлчийн чуулганы нээлт гэдгээрээ онцлог байв. Хүний эрх, эрх чөлөөний тухай хөндсөн Ерөнхийлөгчийн үгийг МАХН болон МАН-ын гишүүд эгдүүцэн хуралдааныг орхив. Чуулганы танхимд улс төрийн уур амьсгал таагүй байлаа. Ядаж байхад гадаа бөөн хүн жагсаж, цагаан хоолойгоор орилох аж.
Ц.Элбэгдорж үг хэлж дуусаад твиттерт яаран орж саналаа бичиж. Тэрээр “Би хэзээ ч сайхан ярихыг зорьдоггүй. Хэлж байгаа үгийнхээ утгыг гаргаж ярихыг л хичээдэг. Тухайн үед хэлэх ёстой зүйлийг бас нууж чаддаггүй” хэмээжээ. Мөн түүнийг тойрон хүрээлэгчид, гишүүд, дэмжигчдээс нь эхлээд жиргэж өглөө. “Яаж ойлгохоороо ганц МАН-д хандсан үг гэж боддог байна аа. Засагт хандаж маш их үг хэллээ шүү дээ”, “Муу эр гэртээ өөхөлдөг. Муу хутга хуйндаа зэвэрдэг. Муу гишүүд хурлаа хаядаг” гэх мэтчилэн жиргэсээр байв.
Төрийн тэргүүн гишүүдэд хандан жилийн өмнө юу амалж, ярьж явснаа санах хэрэгтэйг хэлээд саяхан нийслэлийн зарим хороо, хөдөө орон нутагт сум, багийн хуралд оролцож иргэдийн санал бодлыг сонссон тухайгаа ярив. Тэрээр анх удаа хот, хөдөөд нэлээд ажилласан нь тэр л дээ. Тэгээд улс оронд болж бүтэхгүй байгаа зүйлийг таван хэсэгт, мөн ахиц дэвшилттэй таван зүйлийг онцлов. Яагаад амжилттай яваа, яагаад алдаа дутагдал болсныг ч нэгбүрчлэн тоочив. Эхлээд болж бүтэж байгаа таван зүйлийг дурдлаа.
АМЖИЛТ ТАВ
Нэг. Хүмүүсийн ухамсар, оюун санаа, амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдсөөр байна.
Хоёр. Хүмүүс шийдэлд, ажилд оролцохыг хүсч байна.
Гурав. Хуулийн засаглал тогтож эхэлж байна. Монгол Улс даргын засаглалтай биш, хуулийн засаглалтай орон болж байна.
Дөрөв. Монгол Улсын нэр хүнд өсч байна. Монголын нэр дэлхийн сонорт хүрлээ.
Тав. Нийгэмд олон зүйл эмх цэгцэндээ орж байна. Хүний амь, хүний эрх, хүний амьдрал үнэ цэнэтэйг төр нь ч, олон нийт нь ч ярьдаг боллоо. Хуулийг хэрэгсдэггүй, хүний амийг тоодоггүй ёрын бодлого саяхан болтол газар сайгүй, хот хөдөөгүй ноёрхож байсан юм шүү.
АЛДАА ТАВ
Нэг.Хүнээ мартаад байна. Бид уул уурхай, бүтээн байгуулалт, шинэчлэл гээд олон зүйл ярьж байна. Хүнээ хэзээ ярих вэ.
Хоёр.Монголын төр бүтээгчдээ дэмжихгүй байна. Юм бүтээж, ажил хийж яваа хүнээ дэмжихгүй байна.
Гурав. Бид төрөө засалгүй уджээ.Төр томорч байна. Улам өөхөлж байна.
Дөрөв. Нийгэмд бий болж байгаа баялаг нийтийн хүртээл болж чадахгүй байна.
Тав. Байгаль орчиндоо хүйтэн цэвдэг хандсаар байгаа нь бид бүхний уучилж боломгүй алдаа шүү гэдгийг би иргэддээ хэлэх гэж бодсон юм гэв.
Төрийн тэргүүн үгийнхээ төгсгөлд ийм сайхан оронд төрсөндөө, ийм орны эзэд болсон ард түмнээрээ бахархаж байгаагаа онцлов.
МАН НАЙМАН ШАЛТГААН ТООЧИВ
Чуулганы хуралдааны дараа МАН-ын гишүүд Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр цаг олдсон бол МАН-ын дарга Ө.Энхтүвшин үг хэлэхээр бэлдсэн байжээ. Шинэчлэлийн Засгийн газар иргэдээ сонсдог төвтэй болж, Төрийн ордныг нээлттэй болгож, бямба гаригт хуралддаг болсон нь сайн хэрэг ч хариуцлага тооцох найман шалтгааныг жагсаажээ.
Нэг. Жил хүрэхгүй хугацаанд Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд үлэмж доошилж, гадаадын хөрөнгө оруулалт зугтаж, Монголын компаниудын үнэлгээ гадны хөрөнгийн бирж дээр буурсаар байна.
Хоёр. Монгол Улсын эдийн засагт зогсонги байдал мэдрэгдэж байгаа нь валютын нөөц багасч, төгрөгийн ханш сулрахад нөлөөлж байна.
Гурав. 1.5 тэрбум ам.долларын бондын өрийг Монгол Улсын иргэд халааснаасаа төлөх учраас бонд бол зөвхөн энэ удаагийн Ерөнхий сайдын ч биш нийт ард иргэдэд хамаатай асуудал юм.
Дөрөв. Хямралыг даван туулахын тулд санхүүгийн реформыг цаг алдахгүй хийж, баялаг бүтээгч ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг бизнесийн үйл ажиллагаанд ороход уриалж, тодорхой урамшууллын бодлого явуулах хэрэгтэй байна.
Тав. Ерөнхий сайд Н.Алтанхуяг удаа дараа Үндсэн хууль зөрчлөө. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэд халдсан, Тагнуулын ерөнхий газрын бүтцийн хуулиар олгосон эрхэд халдсан.
Зургаа. Төрийн албанд халаа сэлгээ, хууль бус томилгоонууд хавтгайрлаа. Төрийн бэлтгэгдсэн боловсон хүчнийг үзэл бодлоор нь ялгаварлаж, хоморголон халах хууль бус ажиллагаа үргэлжилсээр байна.
Долоо. Энэ Засгийн үед хүний эрх, эрх чөлөө хөсөр хаягдлаа. Амьд явах эрх зөрчигдөж байна. Хорих ангид саатуулагдан эрх чөлөөгөө хасуулсан хүн шатаж эрүүл мэндээрээ хохирч байна.
Найм. Засгийн газар Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн өдөр кабелийн есөн телевиз, 16 вэб сайт, орон нутагт иргэдэд цаг агаар болон өдөр тутмын чухал мэдээлэл хүргэдэг телевизүүдийн үйл ажиллагааг хааж, хэвлэл мэдээлэлд урьд хожид дуулдаагүй халтай шийдвэр гаргалаа. Үүний улмаас 400 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ гэв.
Иймд Засгийн газарт хариуцлага тооцохыг УИХ-ын олонх болон УИХ-ын дарга З.Энхболдоос шаардав.
МАХН Х.ТЭМҮҮЖИН САЙДЫГ ОГЦРУУЛНА ГЭВ
УИХ-ын дэд дарга Л.Цог, гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар мөн Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд чуулганы нээлтийг орхиж гарсан шалтгаанаа тайлбарлав. Тэд “Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлига хээл хахуультай тэмцэж, Монголд шударга ёс тогтож, бүх зүйлийг болж бүтэж байгаа мэтээр нэг талыг барьж өрөөсгөлөөр ярьлаа. Оюутолгойн гэрээг батлахад одоогийн Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалж байсан. Энэ үед Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл гэрээг дэмжээгүй бол Оюутолгойн луйврын гэрээ хийгдэхгүй байх байсан. Энэ том луйврын гэрээний эздийг шалгахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч хүн өс хонзонгийн сэдлээр улс орныг удирдаж болохгүй” гэв. Тэд ард түмнийг хуурч, мэхэлж нэг талыг барьж ярьсанд дургүйцлээ илэрхийлсэн юм.
Гишүүд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах бичгээ өргөн барьж байгаагаа дуулгалаа. Сайд Х.Тэмүүжин нь хариуцлага алдаж, хууль зөрчсөн, хариуцсан салбараа удирдах чадваргүй, ёс зүйн алдаа, дутагдалтай, Засгийн газрыг мэргэжил арга зүйн талаас зөвлөж ажиллаж чадаагүй гэж онцолсон юм.