М.ЦЭЦЭГ
ИЗНН-ын Үндэсний хорооны ээлжит хурал өнгөрсөн баасан гаригт болж, УИХ дахь төлөөлөл, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, намын Ерөнхий нарийн бичгийн даргын тайланг сонсч, үнэлэлт дүгнэлт өглөө. ИЗНН нь шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орсны хувьд 2012 оны сонгуулийн “Амьдрал” хөтөлбөрөөсөө бодлого, шинэчлэлийн агуулга бүхий 40-өөд зүйлийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулан ажиллаж байна. Ихэнх бодлого нь байгаль орчин, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэсгэхэд чиглэжээ. Эдгээрт шаардлагатай эрх зүйн орчныг өөрчлөхөд УИХ дахь хоёр төлөөлөл идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд БОНХЯ Засгийн газрын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нилээд чармайлттай ажиллаж байна. Байгаль орчны яамыг дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн, улс орны хөгжил нь ногоон бодлогод тулгуурлан байж тогтвортой хөгжинө гэсэн үзлийн үүднээс өөрчлөн үндсэн чиг үүргийн статус бүхий Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болгон өөрчлөн ажилласныг гишүүд сайшаав. Энэхүү үүргийнхээ хүрээнд Монгол Улсын хөгжлийн бүхий л салбарыг хамарсан, тэдний ажиллагааг ногоон бодлогод суурилан явуулах үзэл баримтлал бүхий “Ногоон соёл иргэншил” стратеги боловсруулан, хэлэлцүүлж байгааг дэмжин, үүнийг даруй УИХ-аар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Үндэсний хорооны гишүүд хэд хэдэн бодлогын хороонд хуваагдан ажилладаг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааг УИХ дахь төлөөлөл болон яамны бодлоготой холбон ажиллах нь учир дутагдалтай байгаад шүүмжлэлтэй хандав. Мөрийн хөтөлбөртөө тусгасан бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бодлогын хороод нилээд идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай бөгөөд тэдгээрийн бүтэц зохион байгуулалтыг Үндэсний хорооны дараагийн хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Ээлжит хурлаар намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргад итгэл үзүүлэх эсэхийг авч хэлэлцлээ. Намын дотоод ажил хариуцсан дэд дарга Х.Бат-Ялалт хийсэн ажлаа тайлагнасны эцэст, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг гишүүдийн олонх хүлээн авав. ИЗНН хоёр дэд даргатай бөгөөд гишүүд 100 хувийн саналаар М.Хүрэлсүхэд итгэл үзүүлэх нь зүйтэй гэж үзэв. Харин дотоод асуудал хариуцсан дэд даргын сонгууль явуулж, Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргалыг олонхийн саналаар дэд даргаар сонголоо. Түүнчлэн гишүүдийн олонх нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Жаргалд итгэл үзүүлэх боломжгүй хэмээн үзэж түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ерөнхий нарийн бичгийн сонгуульд Ц.Ганбат, Б.Хүдэр-Ян нар өрсөлдөж, Ц.Ганбат олонхийн саналаар сонгогдов.
ИЗНН-ын Үндэсний хорооны дараагийн хурал энэ сарын сүүлээр болох юм байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН хэрхэн оролцох талаар хэлэлцэх аж. Гишүүдийн санал бодлоо хэлж буй байдлаас харахад ИЗНН Ерөнхийлөгчийн сонгуульд дангаар оролцож, нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь давамгайлж байв.